З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, тус хотын Думын дарга Е.В.Ройзманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Екатеринбург, тухайн үеийн Свердловск хот дахь Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор юм.
Уралын Холбооны их сургуулийг бүрдүүлсэн Уралын Их сургууль, Уралын Политехникийн дээд сургууль болон Уралын консерваторийг олон монгол оюутан төгсч, улс орныхоо хөгжилд эрдэм ухаан, соёл, боловсрол, хичээл зүтгэлээрээ хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр төгсөгчдийн төлөөлөл болгон ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор З.Энхболдтой уулзсан юм.
Тэд монгол оюутнууд хэрхэн сурч, зуны амралтаараа оюутны барилгын отрядад ажилладаг байсан талаар дурсан ярилцацгаав. Екатеринбург өнөөдөр Москва, Санкт-Петербургийн дараа ОХУ-ын гурав дахь том хот болтлоо хөгжсөн байна.
ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Сэлэнгэ аймагтай гурван чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Монголд ирээд байгаа юм байна.
Сэлэнгэ аймагтай хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, хаягдал хог боловсруулах туршлагаасаа хуваалцах, мөн өнөөдөр ховордоод байгаа нарийн мэргэжлийн токарьчин, слесарь бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тус аймгийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа.
Тэрээр түүхч хүн бөгөөд гэргий нь Чингис хааны талаар сонирхон судалдаг, барималч хүн ажээ.