Ц.Элбэгдорж: Хувийн хэвшил хөгжлийн тулгуур
Монголын Бизнесийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ–ийн хэлсэн үг
Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая. Юуны түрүүнд хоёр зүйлд талархал илэрхийлье. Манай улсад сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн нийт баялгийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэсэн.
Алдаа оноотой энэ замаар явахад хувийн хэвшлийнхэн хөгжлийн хамгийн чухал тулгуур хүч нь байсан юм. Энэ салбарт амжилт бүтээлтэй ажиллаж, улс орныхоо сайн сайханд үргэлж хувь нэмрээ оруулан, хөрөнгө оруулалт хийж ирсэн хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өөрсдийн санаачилгаар анх удаа дээд хэмжээний уулзалтаа хийж байна. Өмнө нь ийм уулзалтыг ихэвчлэн Засгийн газар, төрийн зүгээс санаачилдаг байсан. Хувийн хэвшлийнхэн ийнхүү зохион байгуулалтад орж, санаачилгатай ажиллаж байгааг би хувьдаа дэмжиж байна. Монголын Эдийн засгийн чуулган, Бизнесийн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагууд хамтран энэ чуулганыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Бид хувийн хэвшлээ “чөмөгжүүлэх” цаг иржээ
Монголын нийгэм, бидний сонгосон зам хэзээ зөв чиглэл рүү явах вэ? Нэг талаас хуулиа хэрэгжүүлдэг төр, нөгөө талаас төрөөс хариуцлага шаардаж, хариуцлагыг хүлээлгэж чаддаг, зохион байгуулалттай олон нийт бүрэлдэн тогтвол Монголын нийгэм зөв замаар явах юм. Зохион байгуулалттай, хүчирхэг байж болох салбар бол манай хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшил ийнхүү зохион байгуулалтад орж байгааг харахад сэтгэл хангалуун байна.
Хувийн хэвшлийг дэмжих төр засгийн бодлого хомс байна гэж ярьдаг. Бид энэ асуудлыг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн дуу хоолойг хүргэх бүтээлч зохион байгуулалтад орох хэрэгтэй байсан. Харин өнөөдөр энэ чиглэлээ зөв сонгоод явж байна. Хувийн хэвшил, хувиараа бизнес эрхэлж буй иргэдээ харахаар сэтгэл өвдөх үе бий. Манай хувийн хэвшил өнчин өссөн хүүхэд шиг өдий хүрснийг бид мэднэ. Бидний өмнө хувийн хэвшлээ дэмжиж, чөмөгжүүлэх цаг иржээ.
Хүүхэд өсөн торниод, хожмын нэг өдөр эцэг эхийнхээ ачийг хариулдагтай адил хувийн хэвшил өргөжин тэлснийхээ дараа улс орныхоо хөгжилд ач тусаа өгдөг. Үүний адилаар манай хувийн хэвшилд төр засаг болон олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байгаа.
Улстөрчид сонгууль болохоор хэвийн хувшил рүү шаагилдаад хүрээд ирдэг, сонгууль дуусахаар яваад өгдөг. Сонгуулийн үеэр улстөрчид хандив мөнгө гуйгаад ирдэг ч сонгуулийн дараа хэлсэн амлалтаа мартаж, татвар дарамт учруулдаг. Энэ байдлыг бид өөрчлөх шаардлагатай. Ингэхийн тулд хувийн хэвшил, иргэдийн төлөөллөөс төр засаг руу хандсан зохион байгуулалт хэрэгтэй байна.
Энэ цаг мөчөөс эхлээд улстөрчдийн ийм увайгүй байдалд хувийн хэвшил цэг тавьж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үеэр биш дараа нь хувийн хэвшлийг дэмжих санаагаа улстөрчид шийдвэртээ тусгах ёстой.
Хувийн хэвшил нь улс орны хөгжлийн хөтөч болох ёстой
Хувийн хэвшил яагаад чухал вэ? Би яагаад хувийн хэвшлийг бүх талаар дэмжих тал дээр санал нэгддэг вэ гэхээр хамгийн бага зардлаар хамгийн оновчтой шийдэлд зөвхөн хувийн хэвшил хүрч чаддаг.
Мэдээж хэрэг хувийн хэвшил ашиг орлогын төлөө ажиллах ёстой. Ашгийн цаана дэвшил байна гэж би хардаг. Аливаа ашигтай үйл ажиллагааны цаана дэвшил, сайн зохион байгуулалт, чанд сахилга бат байдаг. Иймээс хувийн хэвшил нь улс орны хөгжлийн хөтөч болох ёстой.
Та бүхэнд нэг зүйлийг сануулъя. Бид тэртээ 1989 оны сүүлчээр хувийн хэвшлийн энэ хүч чадал, боломж, бололцоонд итгэж зах зээлийг сонгосон юм. Хувийн хэвшлийн энэ бүтээлч боломжийг ашиглах гэж сонгосон шүү дээ. Мөн энэ талаар Үндсэн хуульд тусгасан. Үүнийг манай шийдвэр гаргагчид өдөр тутмынхаа ажилд баримтлах ёстой.
Хувийн хэвшил хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай байдаг. Энэ байдал нь шийдвэр гаргагчдад төдийлөн таалагддаггүй учраас миний яриад байгаа дутагдал байдаг байх. Албан тушаал наймаалдаг, тендер, лиценз, гэрчилгээнээс мөнгө олдог шийдвэр гаргагчид хувийн хэвшилтэй хамтран ажиллавал гэмт үйлдэл нь илрэх учраас зугтдаг байх гэж боддог.
Ухаалаг төр гэдэг нь хийх ёстой ажлаа хийдэг,
байх ёстой байрандаа байдаг төрийг хэлнэ
Хувийн хэвшлийн салбарт сүүлийн жилүүдэд хүндрэл бэрхшээл тулгарсан ч цөөнгүй дэвшил гарсан. Төр, олон нийтийн салбарт хамгийн их доголдол бий. Иймээс би ухаалаг төрийн тухай санаачилгыг дэвшүүлсэн. Ухаалаг төр гэдэг нь хийх ёстой ажлаа хийдэг, байх ёстой байрандаа байдаг төрийг хэлнэ. Үүнийг зөвхөн яриад өнгөрөх биш, энэ ажлыг тууштай, дэс дараалалтай хэрэгжүүлэх болно.
Сүүлийн үед нэг дэвшил гарсан нь хувийн хэвшлийг дэмжих талаар төр засаг бодлогын түвшинд ярилцдаг болжээ. Эдийн засгийн хямралаас гарахын тулд хувийн хэвшлийг дэмжиж, энэ салбарт тулгуурлах ёстой юм байна гэж ярих болсон. Хувийн хэвшлийг дэмжих сайн бодлого, үр дүнтэй механизм санаачлах, төрийн бизнест оролцох оролцоог хязгаарлах талаар ярилцдаг болсон нь үнэхээр сайшаалтай.
Ерөнхий сайдаас эхлээд аймаг, сумдын Засаг дарга нарын түвшинд бүх ажлыг хэмжих хэмжүүртэй болгоно. Тухайн аймаг, сумдын нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орсон, ямар үйлчилгээ, хэдэн үйлдвэр шинээр бий болсон, хэчнээн ажлын байр бий болсноор тэдний ажлыг хэмждэг болно. Үүнийг бодлогодоо тусгаж, төрийн албан хаагчдын ажлыг дүгнэхдээ авч үздэг хэмжүүр болгох юм.
Төр оролцох бол өөрийн хөрөнгөө оруулсан байх ёстой
Төрийн оролцооны тал дээр маш тодорхой бодлого гарсан. Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр маш тодорхой бодлого гаргаж, чиглэл өгсөн.
Зарим нь энэ тухай ойлгоогүй, хувийн компаниудыг шахаж, дарамтлаад явж байгаа. УИХ ч энэ тал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Энэ бол том дэвшил юм. Төр оролцох бол өөрийн хөрөнгөө оруулсан байх ёстой. Зээлээр юм уу, эсвэл төрийн нүүрээр төдөн хувь авна гэж түрэмгийлж болохгүй.
Хувийн хэвшилд мөнгө босгоход төрийн оролцоо тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Тэгэхээр аливаа санаачилга гаргах эрхийг төрд бус, хувийн хэвшилд өгье гэж хуульд тусгах гэж байгаа. Хувийн хэвшил өөрөө санал гаргаж, тодорхой хувьд хөрөнгө оруулахыг төрөөс хүсэх эрхтэй байхаар шийдье. Тэгээд тодорхой хугацаа зааж өгснөөр төр хөрөнгөө оруулахгүй бол өөр эх үүсвэр хайх ийм тогтолцоотой болгоё. Ингэснээр төр оролцох бол мөнгөө төлөх ёстой болж байна.
Хувийн хэвшил зөвхөн хувийн хэвшилтэйгээ бизнес ярилцдаг байг. Төрийн зүгээс томоохон уурхайнуудыг эргэлтэд оруулах гэхээр хүндрэл бэрхшээл олонтаа тулгардаг. Төрийн төлөөлөл яваад очихоор улс төр ярьдаг. Харин бизнесийн төлөөлөл очихоор бизнес ярьдаг. Хэн ч бизнесийн төлөөллөөс сайдаас шаарддаг тэр зүйлийг шаарддаггүй. Ёс зүй муутай сайд очиход хээл хахууль ярьдаг. Иймээс хувь нь хувийн хэвшилтэйгээ ярилц, харин хувийн хэвшил нь төрөөр шийдүүлэх тусламж, татварын хөнгөлөлт зэргийг ярих хэрэгтэй.
Монголын нэрийг унагахыг хүлээн зөвшөөрч чадахгүй
Оюутолгойг жишээ татъя. Төр 34 хувийг эзэмших нь буруу байсан гэж би боддог. Өмнө нь ч ийм байр суурьтай байсан. Рио Тинто, Монголын Засгийн газар хоёр дундаасаа хүүхэдтэй болчихсон хосууд шиг болоод байна. Одоо дундаасаа гарсан хүүхдийнхээ ирээдүйн тухай ярилцахаас өөр аргагүй. Тэдний хэлэлцэх асуудал олширсоор гуч дөч хүрдэг байсан. Одоо хумигдсаар нэг гарын хуруунд багтахаар болсон байна. Монгол Улсын нэр хүндийг унагах, бодит байдлыг буруугаар тайлбарлахыг, энэ байдлаар бусад хөрөнгө оруулагчдыг үргээхийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй.
Хямралын сургамжаас бид үйлдвэрлэгч орон болох ёстойг ойлгоё
Монголд хөрөнгө оруулахаар ирсэн л бол шийдэх асуудлаа шийдээд, хамтраад ажиллах ёстой. Тавантолгойн уурхайг олон янзаар эргэлтэд оруулах гэж оролдож байна. Төрийн, нүүрс зөөх компани хүртэл байгуулаад ажиллаж байна. Олигтой үр дүнд хүрэхгүй л байна.
Энэ ажлыг хувийн хэвшилд өгөх нь зүйтэй гэсэн чиглэлийг би идэвхтэй дэмжиж байгаа. Төрийн хийж чадахгүй байгаа гэрээ хэлэлцээрийг гадны хөрөнгө оруулагчидтай хувийн хэвшил хийг. Үүнд чухам ямар дэмжлэг төрөөс хэрэгтэй байгаа тал дээр ярилцах хэрэгтэй.
Эдийн засаг хямарсан хямраагүй гээд маргалдаж байна. Ямар ч байсан биднээс өөрчлөлт хийхийг, ухаарахыг шаардаж байна гэж ойлго. Төр ажил хийсэн ч зардал ихтэй, бизнес хийсэн ч ашиггүй, зээл авсан ч нулимс дагуулж байна гэдгийг бид энэ хямралаас ойлгох хэрэгтэй.
Монголын төр авсан зээлээ эргэж төлнө гэдэгт итгэлтэй байж болно
Чингис бонд гаргасан эхний өдрөөс л бид хариуцлагын тухай ярилцсан. Манай нийгмийн нэг давуу тал нь энэ юм л даа. Асуудлыг нээлттэй ярьж, шүүмжилж чаддаг. Монголд хөрөнгө оруулсан хүмүүс унтаж чадахгүй, компьютерээ хараад, даралт нь ихсээд биднийг хараад сууж байгаа. Монголын төр авсан зээлээ эргэж төлнө гэдэгт итгэлтэй байж болно. Харин яаж төлөх вэ? Хувийн хэвшлээсээ авсан татвараар, хийж бүтээсэн зүйлээсээ төлөх л болно.
Энэ хямралаас бид бүтцээ зөв болгох, ажлаа сайн хийх, үйлдвэрлэгчид болох ёстойг ойлгох учиртай. Монгол түүхий эд ханган нийлүүлэгч учраас бид үүнтэй холбоотой хямралд бүрэн өртдөг. Дутуу боловсруулаад гаргавал хямралд өртөх нь арай бага. Харин бид бүрэн боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн гаргавал хямрал хаалганы цаагуур өнгөрдөг. Төмрийн хүдрийг түүхийгээр нь биш тодорхой хэмжээнд баяжуулаад, боловсруулаад гаргавал үнэ нь нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр бид хямралд бага өртөнө.
Зэсийн баяжмалаа эргүүлээд кабель зэрэг эцсийн бүтээгдэхүүн болговол хямралаас нэлээд хол байх боломжтой. Ямааны ноолуур дээр энэ нь маш тодорхой харагддаг. Түүхийгээр нь гаргавал нэг кг нь 80 мянган төгрөг. Самнаад угаагаад гаргавал 160 мянган төгрөг. Утас хийвэл илүү үнэ хүрнэ мянган төгрөг, цамц хийвэл бүр илүү ашиг өгнө. Ингэж л бололцоот баялгаараа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх хэрэгтэйг энэ хямралт байдал үнэхээр хатуугаар хэлж өгч байна. Эндээс бид авах ёстой сургамжаа авах хэрэгтэй.
Чадвартай хувийн хэвшил, чадвартай хувь хүн, ухаалаг төр Монголын ирээдүй
Хямралаас гарах Монголын хөгжлийн зам бол миний хувьд бодит сектор юм. Бодит сектор гэдэг бол хувийн хэвшил. Яг энэ хямралын үед хувийн хэвшил тулалдааны талбарт чардайгаад л үлдэж байна.
Нөгөө их юм амлаад л, улстөржиж давхиад, цуглаад байсан улсууд өнөөдөр байхгүй болсон. Хувийн хэвшлийнхэн л татвараа төлдгөөрөө төлөөд, бизнесээ хийхийн тулд “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд”, илүү зардлаа хасаад, бүр болохгүй бол орон тоогоо цомхотгоод, өр зээлээ тавиад л зүтгэж байгаа.
Ямар учраас хувийн хэвшлийг дэмжээд байна вэ гэвэл хувийн хэвшил хэцүү үед бодитой үлддэг юм байна. Цээжээ балбасан улсууд алга болчихдог. Хэд балбаад л, зорилгодоо хүрээд л алга болдог юм байна. Тийм учраас хувийн хэвшил бол бидний хөгжлийн зам юм. Ер нь чадвартай хувийн хэвшил, чадвартай хувь хүн, ухаалаг төр. Ийм гурван зүйлийг бид сонгож, зөв хийж чадах юм бол Монголын хөгжил ирээдүйтэй харагдаж байгаа юм.
Одоо бид төрийн дэмжлэг гэж ярихаасаа илүү үлддэгээр нь, байдгаар нь, хийж чадаж байгаагаар нь хувийн хэвшлийн дэмжлэгийн тухай яримаар байгаа юм. Төрийн дэмжлэг гэж ярихаа болих хэрэгтэй. Хувийн хэвшлийн дэмжлэгийг оруулъя. Энэ салбар яагаад унаад байна вэ? Хувийн хэвшлийн оролцоогүй болоод унаад байгаа юм байна гэж нөгөө талаас нь ярих нь зөв.
Энд хэдэн зарчим хэлье. Нэгд, Хувийн хэвшлийн оролцоо боломжтой салбарт 60 хувиас багагүй байя. Төрийн оролцоо 40 хувиас ихгүй байя. Өнөөдөр 100 хувь төрийн хэвшилд байгаа салбаруудыг ийм хэлбэрт шилжүүлж болно гэж бодож байна. Хувийн хэвшил хөрөнгө оруулбал энэ боломжийг нээж өгье.
Давхар хөрөнгө оруулангуут нь менежментийг нь хувийн хэвшилд шилжүүлье. Өмч хувьчлалын асуудлыг УИХ дээр ярихдаа, цаашид хуулиа батлахдаа энэ хоёр зарчмыг дэвшүүлэх хэрэгтэй.
Төрийн маш их өмч өнөөдөр бизнесийн эргэлтэд орж чадаагүй байна.
Одоо компанийн засаглал руу оръё. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсад гайхамшигтай хөрөнгө, нөөц, боломж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар байна. Соёл, спортын салбар байна. Ямар их байшин барилга, ямар их үндсэн хөрөнгө байна вэ. Үүнийг эргэлтэд оруулахад Монгол Улсад хэчнээн их эдийн засгийн боломж байна вэ. Эзэмшиж байгаа төрийн хүмүүс нь манаач хийгээд, хэдэн төгрөг аваад л байж байгаа. Хувийн хэвшлийн оролцоо, хувийн хэвшлийн менежментэд өгвөл бараг гэрээрээ дотор нь ирж хонож байгаад л өөд татна. Түүн дээр нь төрийн зүгээс үйлчилгээ, чиглэлийг нь өөрчлөхгүй байх зэргийг нь маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй, андуураад байдаг юм. Төрийн өмчийг төр нь их сайхан харж хамгаалж байгаа гэж. Тэр чинь аль дээр “хувьчлагдчихсан” байгаа. Тэнд байгаа захирал, дарга, төрөөс тавигдсан этгээдүүдийн хувийн өмч болчихсон байгаа шүү дээ. Гэхдээ тэднийг буруутгах хэрэггүй. Хүмүүс бас учраа олчихсон байгаа юм. Та нар улсын эмнэлгүүд, улсын их, дээд сургуулиудаар яваад үзээрэй. Хэнд түрээслэх вэ, хаана гуанзаа нээх вэ гээд бүгд учраа олчихсон. Одоо тэднийг шийтгэх биш, хүлээн зөвшөөрөх л үлдсэн.
Тэнд удирдлагыг нь зөв болгож, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Дүрэм, журмыг нь, стандартыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энд асар их нөөц боломж бий. Орон сууцны хувьчиллаас илүү , хэд дахин их боломж, их өмч өнөөдөр бизнесийн эргэлтэд орж чадаагүй байна.
Бага зардалтай шийдэл олохгүй бол өндөр
чанартай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй
Миний хэлэх гэсэн хоёр дахь зүйл бол бид бизнес моргейж гэдэг зүйл рүү орох хэрэгтэй. Өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн, том нь ч ялгаагүй, байгаа мөнгөөрөө үндсэн хөрөнгө худалдаж аваад л эргэлтийн хөрөнгөгүй болчихоод байна. 200 мянган ам.доллартай хүн бол 50 м.кв байшин худалдаж аваад л дуусна. Гэтэл бизнесийн моргейжийн системийг оруулах юм бол 200 мянган ам.доллартай хүн түүнийхээ 30 хувиар нь, 60 мянган ам.доллараар байшин худалдаж аваад, 140 мянган ам.долларыг эргэлтэд оруулах боломжтой. Тийм биз?
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл дээр бид харлаа шүү дээ. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Хэдэн төгрөгөөрөө нэг байшин юм уу, нэг заал худалдаж аваад л дуусдаг.
Тэгэхээр эргэлтийн хөрөнгийг нь суллаж өгөх хэрэгтэй. Найман хувийн хүү рүү оруулж өгөх хэрэгтэй. “Home equity loan” гэж нэг үг байдаг шүү дээ. Би үүнийг “Хуучин байшингийн зээл” гэж ойлгож байгаа. Үүнийг зах зээл хөгжсөн орнуудад маш их хэрэглэдэг. Одоо байгаа сургууль, эмнэлэг зэрэг олон үл хөдлөх хөрөнгийг ийм хэлбэр рүү оруулж чадвал маш их боломж бий.
Бид бага зардалтай шийдэл олохгүй бол өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй. Өнөөдөр бага зардалтай шийдлүүдийг олохгүй бол Монголын эдийн засгийн хөгжлийг цаашид урт хугацаанд, тогтвортой авч явж чадахгүй. Моргейжид хамрагдаад явж байгаа, түүнийгээ төлөөд явж байгаа хүмүүс бол Монголын дундаж анги. Тэд нар л баталгаатай байх юм бол, тэдний бизнесийг л дэмжээд өгөх юм бол Монголын аюулгүй байдал, Монголын хөгжил дэвшил тогтвортой, баталгаатай байна. Энэ хэлбэр өнөөдөр шийдлээ нэхээд байж байна.
Хүмүүсээс цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэдэг. Алтан гахай жилийн 25 хувийн илүү төрөлт өнөөдөр нийгэмд ачаалал болж орж ирж байгаа. Алтан гахай жилийнхээ асуудлыг ийм байдлаар шийдье л дээ. Танд мөнгө байна. Боломж байна. Үүнийг моргейжид оруулъя. Та цэцэрлэг байгуулчих. 30 хувиа төлчих. 70 хувиа моргейж болгочих. Хэчнээн олон цэцэрлэгийг манай хувийн хэвшлийнхэн, эцэг, эхчүүд байгуулж чадах вэ. Хэчнээн их ачаалал төрөөс холдож чадах вэ. Ийм маягаар хармаар байгаа юм.
Түүнээс биш улс төрд орчихсон, өнөөдөр байгаа боломжоо ашиглах гэж хувийн хэвшлээр, суудлаараа наймаа хийж мөнгө нэхдэг, түүнийг олохын төлөө явдаг, бүх анхаарлаа түүнд чиглүүлдэг байдлаа болоих хэрэгтэй.
Хөрөнгийн биржийг хувьчлах цаг болсон
Гуравдугаарт, манай санхүүгийн тогтолцоо арилжааны банкинд тулгуурласан ганцхан хөлтэй, ганц далавчтай байгаад байгаа юм. Үүнийг хоёр далавчтай болгомоор байна. Хөрөнгийн биржээ ажилд оруулмаар байна.
Монголын хөрөнгийн бирж гэж нэг “онигооны эзэн” хорин хэдэн жил явлаа. Олон янзаар өөрчлөх гээд чадсангүй. Нэг хүн аваачиж тавьдаг. Төрөөс томилогдсон хүн бол суух байр, унах машиныхаа л тухай боддог. Явах хугацааныхаа тухай л боддог.
Хөрөнгийн биржийг хувьчлах цаг болсон. Брокерийн пүүсүүдэд нь л хувьчлаад өгчих хэрэгтэй. Ямар учраас Монголын хөрөнгийн бирж амьдрахгүй байна вэ. Авч байгаа шимтгэл нь хоёр хувь. Та бүхэн телевизийнхээ доогуур гүйж байгаа мэдээг хараарай. Тэнд 0,87, 0,10, 0,09 хувийн хувьцааны үнийн хэлбэлзлийн тухай ярьж байгаа шүү дээ.
Гэтэл хоёр хувийн шимтгэл төлдөг. Тиймээс хэн ч очихгүй. Та бүхэн ч хөрөнгөө, компаниа олон нийтийн хэлбэр рүү шилжүүлээч гээд очихгүй байгаа биз дээ. Хөрөнгийн бирж хэдийд хүнд хэрэгтэй байдаг вэ гэхээр ороход хялбар, гарахад хялбар л байх хэрэгтэй. Би өнөөдөр хувьцаа авлаа. Магадгүй буруу шийдвэр гаргаад худалдаад авчихсан бол машиндаа явж байгаад гар утаснаасаа эргүүлээд зарчихдаг, ийм л боломж надад байх ёстой.
Олонх хувьцаа эзэмшигчдэд мэдээллийн нэг хэсэг нь далд байж байдаг, цөөн хэсэг нь ил байдаг, иргэдийг хохироодог байж болохгүй. Мэдээлэл нь ил байх ёстой. Мэдээллээсээ болоод,шимтгэлээсээ болоод, удирдлагаасаа болоод Хөрөнгийн биржийн асуудал цаашаа явж өгөхгүй байгаа юм. Эрх зүйн орчинг нь жаахан сайжруулахад Монголын гэр бүлсэг баялагт тулгуурласан хувийн хэвшлийн баялаг олон нийтийн болж болно. Энэ чиглэл рүү бид явах ёстой.
Хөрөнгө оруулалтанд хамгийн чухал нь баталгаа
Дээрээс нь Засгийн газрын баталгаа чухал. Бонд, болж буй үйл явцаас нэг юмыг харлаа. Нэлээд хэсгийг нь тоосго болгоод овоолчихлоо. Зам болгоод тавьчихлаа. Хэзээ өртгөө нөхөхийг нь мэдэхгүй байна. Хамгийн гол нь замынхаа арчилгааг шийдээгүй. Жилийн өмнө замаа тавьдаг. Хойтон жил нь эвдэрчихсэн байдаг. Замын арчилгааны менежментийг давхар шийдээгүй учраас энэ хөрөнгийн баталгаа, эргэн төлөгдөх баталгаа маш эргэлзээтэй болж байгаа.
Аль ч Засгийн газар нэрээрээ