Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон гэр бүл, төрөл төрөгсдөөс нь төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

2017 оны 9 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.

Монгол Улсад улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахь жил энэ онд тохиож байна.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой.

Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна.  Хүлээж авна уу.

Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан Та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан.

Сайн амгалан болтугай.

Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46830
0 эможи
keyboard_arrow_up