Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

2017 оны 9 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарт баяр хүргэе.

Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ. Энд ирээд би энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх гэсэн юм. Ингээд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.Белозеров нартай “Восточный” боомтыг үзэх боломж олдлоо. Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө.

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Миний мөрөөдөл бол далайд гараад, манайд байгаа газрын баялаг, бусад бүтээгдэхүүнийг бусад оронд дэлхийн үнээр зарах том боломж олох юм. Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна.

Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн В.Путин болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье.

Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй.

Өчигдөр бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцааны тухай болон Алс Дорнодын бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцлаа. Хориг тавьж аюулгүй байдлыг сахихаас гадна яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцсан. Танд баярлалаа.

Мөн надтай адилхан шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баярлалаа. Бид хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-д олноороо ажиллаж байгаа монголчууд болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахихад яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг ч үргэлж үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцлаа.

Ингээд энэхүү форумд оролцож байгаа зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Дорнын эдийн засгийн форумд оролцон үг хэлсэн төр, засгийн тэргүүнүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “ОХУ бол Ази, Европ хоёр тив дамнан оршдог орон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Монголоос Алс Дорнодод очих нь ОХУ-ын Европын хэсэгт очихоос илүү ойр байна гэлээ. Бас Хакасаас Алс Дорнод руу 8000 км-ийн цаанаас нүүрс тээвэрлэж байхад Монголоос 4000-аад км-ийн цаанаас нүүрс тээвэрлэх нь илүү дөт гэлээ. Ингэж улс орнууд хамтарч ажиллахад Алс Дорнодод ложистикийн салбарыг илүү хөгжүүлэх нь чухал. Энэ нь дэлхийн эдийн засагт ч чухал” хэмээн хэдэнтээ онцолж байлаа.

Хэлэлцүүлэг энгийн найрсаг байдалд өрнөсөн юм.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөтгөсөн хуралдаанд үг хэлэх үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёулаа жудогийн хар бүстэй бөхчүүд. Энэ хоёрыг Японы олимпын аварга бөх Я.Ямашитатай барилдуулбал харууштай тэмцээн болох байх. Хэдий би япон хүн боловч энэ хоёртой жудогоор барилдаж бэртэж гэмтэхийг хүсэхгүй байна” хэмээн хошигнож байлаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46770
0 эможи
keyboard_arrow_up