Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчтэй анхны уулзалтаа хийлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр манай улс нэг мөнгө, нэг хүрэл медал хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийнхөө хувиар ДАШТ-д оролоцж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн энэхүү арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгч анхны уулзалтаа өчигдөр хийжээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Тантай уулзах завшаан тохиолдсонд баяртай байна. Таныг улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Танай Монголын жүдочдын энэ тэмцээнд гаргаж байгаа гарамгай амжилтанд баяр хүргэе. Хоёр орны хамтын ажиллагааны талаар Владивостокт илүү дэлгэрэнгүй ярих боломж гарна гэдэгт найдаж байна. Таныг уг чуулганд оролцох гэж байгааг мэднэ. Гэхдээ манай хоорондын худалдааны чиг хандлага сайн байгаа нь нэгэнт тодорхой. Өнгөрсөн онд 20 хувиар унасан худалдаа 2017 оны эхний хагаст 34 хувиар өсөөд байна. Улс төрөөс гадна эдийн засаг, соёлын харилцаа амжилттай хөгжиж байна.
Орос, Монголын хамтарсан аж ахуйн нэгж сайн ажиллаж, ачаа тээвэр нэмэгдэж байна. Тиймээс Владивостокт ярих зүйл бидэнд хангалттай их бий” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Жүдогийн ДАШТ хэмээх онцгой сайхан үйл явдлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Учир нь, бид жүдо бөхөд дуртай, сонирхдог хүмүүс. Энэ сонирхол маань бидний цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Бид удахгүй Владивостокт албан ёсны уулзалт хийнэ. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоод хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Одоогийн бодит нөхцөл байдлыг бодолцон үзээд би хойд хөрштэйгээ харилцах хамтын ажиллагааг цаашид илүү хөгжүүлэх сонирхолтой байгаа. Таны хэлсэнчлэн хоёр орны худалдаа нэмэгдэж байна. Бид 4000 км үргэлжилсэн шугамаар хил залгадаг тул энэхүү худалдаанд хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тиймээс цаашид анхаарал тавих хэрэгтэй” гэсэн байна.
гэрэл зургийг mpa.mn-ээс