Монгол Улсын Ерөнхийлөгчид Мексик, Люксембург, Мальт, Киргиз улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барив

2014 оны 6 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр их үдэд Мексикийн нэгдсэн улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Луис Бернал Родригез, Лексембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пол Штайнмэц, Бүгд найрамдах Мальт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Клиффорд Борг-Маркс, Бүгд найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Канайым Бактыгулова нар Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх  жуух бичиг гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Мексикийн нэгдсэн улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Луис Бернал Родригезтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад томилогдон ирсэн шинэ Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Мексик, Монгол хоёр орны хооронд парламентын болон Засгийн газрын гишүүд харилцан айлчилж, харилцаа өргөжиж байгааг Мексикийн Элчин сайд тэмдэглэлээ. Ноён Хосе Луис Бернал Родригезийн ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж тусалж ажиллана гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа.

Лексембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пол Штайнмэцтэй уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын амжилт хүсч хоёр орны харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Хоёр орны хооронд эдийн засаг, банк, санхүү, эрүүл мэндийн салбарт сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэв. Мөн давхар татварын гэрээ үйлчилж байсныг хүчингүй болгосон талаар дурдаж байлаа.

Бүгд найрамдах Мальт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Клиффорд Борг-Маркс нь тус улсаас Монголд суух анхны элч төлөөлөгч болж байгаагаараа онцлог юм. Ноён Клиффорд Борг-Маркс хуульч мэргэжилтэй. Тэрээр анх 1980-аад онд оюутан байхдаа анх Монголд ирж байснаа Монгол Улсын Ерөнхийлөгчид сонирхууллаа.  Уулзалтын үеэр хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцлаа. Мальт нь татварын боловсронгуй системтэй орон гэдгийг мөн дурдаж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Бүгд найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Канайым Бактыгулова уулзах үеэрээ Киргизийн Ерөнхийлөгч А.Атанбаевын чин сэтгэлийн мэндчилгээг дамжууллаа. Киргизийн Ерөнхийлөгч А.Атанбаевын зүгээс Монгол-Киргизийн харилцаанд онцгой анхаардаг талаар мөн дурдаж байлаа. Бишкек хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдэж байгаа, түүнийг Киргизийн талаас бүх талаар дэмжиж буйг хатагтай Канайым Бактыгулова хэлж байв. Киргизийн тал Монгол Улсын ардчилал, сонгуулийн ардчилсан систем, иргэний нэгдсэн бүртгэл зэргийн туршлагаас судалж байгааг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Элчин сайдад ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4629
0 эможи
keyboard_arrow_up