Ерөнхийлөгч Х.Баттулгад Элчин сайд Доан Тхи Хыөнг ИЖБ барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Доан Тхи Хыөнг Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куангийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанд хариу талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд нь хатагтай Доан Тхи Хыөнгд баяр хүргэж, цаашид ажил хэргийн уулзалтууд хийж, хамтран ажиллана хэмээлээ. Мөн Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдын ажилд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа БНСВУ-д айлчилж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой ажлууд хийж байснаа дурдав.
Уулзалтын үеэр Элчин сайд Доан Тхи Хыөнг Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, албаны бусад хүмүүс байлцлаа.