Иргэдийн оролцоог хангах тухай санаачилга Азийн бүс нутагт бараг анхдагч нь

2014 оны 6 сарын 18

“Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих нь” сэдэвт бүсийн уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Тус хэлэлцүүлэгт Монгол Улс, Бутан, Камбож, Энэтхэг, Балба, Бангладеш улсын төлөөлөл оролцож төр, засгийн үйл ажиллагаа, төсвийн хуваарилалтад иргэдийн оролцоо, хяналтыг хэрхэн хангаж байгаа талаарх туршлагаасаа хуваалцлаа.

 

Сонгуулийн ардчиллаас шууд ардчилал руу

Хэлэлцүүлгийг нээж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая. Холын орон Бангладеш, Энэтхэг, Балба, Бутан, Камбожийн төлөөлөгчид өнөөдрийн уулзалтад оролцож байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүнээр сонгогдоод анхны гаргасан шийдвэрээрээ өнөөдрийн бидний уулзаж байгаа энэ Иргэний танхимыг байгуулсан юм. Энэ танхимын зорилго нь төр, засгийн байгууллагын зүгээс төсөв батлах, хууль, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаас өмнө иргэдийн санал, бодлыг сонсох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 270 гаруй Иргэний танхимыг бүх аймаг, нийслэл, дүүрэгт байгуулаад байна. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн 60-70 хувьд нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Иргэний танхим байгуулсан. Иргэний танхим  нь орон нутгийн засаглалыг дэмжих түүхэн санаачилга байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Төр байгаа учраас ард түмэн байгаа биш. Ард түмэн байгаа учраас төр байгаа юм” гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл, төр оршин тогтнохын урьдчилсан нөхцөл, эх сурвалж нь ард түмэн юм.

Монгол Улсад ч, энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн эх оронд ч ялгаагүй ижил нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл ардчилсан замаар сонгогдсон, эсвэл томилогдсон эрх мэдэл бүхий цөөхөн хүн төр, орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой шийдвэрийг иргэдийн өмнөөс гаргаж ирсэн явдал юм. Энэ бол сонгуулийн ардчилал юм. Ийм байдлаар олон арван жил явж ирсэн. Гэтэл өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, мэдээллийн технологи, улс орнуудын иргэдийн мэдээлэл, мэдлэг, боловсролын түвшин дээшлэхийн хэрээр шийдвэр гаргадаг төвлөрлийг заавал сааруулах ёстой болж байна. Төрийн дээд түвшинд ч, орон нутгийн түвшинд ч иргэдийн оролцоогоор дамжуулж төвлөрлийг сааруулах ёстой гэсэн бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч баримталдаг. Энэ асуудлаар дунд болоод урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулаад ажиллаж байна. Энэ бол хэлэхэд амар ч хийхэд хэцүү ажил.

Ард иргэдийн амьдрах, хөдөлмөрлөх, амрах, сурч боловсрох, эмчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэхтэй холбоотой хөрөнгө мөнгө, төсөв, татвар төлөгчдийн төлөх татвар, тэдгээрийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг тогтоохдоо тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн шууд санал дээр суурилж шийдвэрлэх замыг бид сонгосон. Өнгөрсөн жилээс Монгол Улсад анх удаа орон нутгийн хөгжлийн санг иргэдийн шууд оролцоотойгоор, тэдний саналаар хуваарилж эхэллээ. Энэ нь ард иргэдийн санаа сэтгэлд их нийцэж байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт нийслэл, дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзаж түүвэр судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь төвлөрлийг сааруулах, орон нутгийг удирдахад иргэдийн оролцоог хангах санал, санаачилга, хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол их өндөр хувь юм. Төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжинэ гэдэг бол бүхнийг шийддэг шидэт дохиур биш, асуудлыг шийдэх арга зам юм. Тухайн суманд 10 төсөл хэрэгжүүлнэ гэхэд аль төслийг эхэлж санхүүжүүлэх вэ гэдэг талаар ард иргэд мэдээллийн технологийг ашиглаад гар утас, мессеж, цаасаар саналаа өгч шийдвэрлэдэг болж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн мөнгийг үр ашигтай, олон түмний санаа бодолд нийцсэн байдлаар захиран зарцуулахын эхлэл болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарч байгаа өөр нэг зүйл нь захиран зарцуулж байгаа хөрөнгөд хяналт тавих тухай Шилэн дансны тухай хуулийн төсөл. Уг төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар нэг сая төгрөгөөс дээш мөнгөн гүйлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтан долоо хоногийн дотор байгууллагынхаа веб хуудсан дээр тайлангаа тавина. Веб хуудасгүй бол олны нүдэнд харагдах газар том самбар дээр ойлгомжтой хэлбэрээр байрлуулна. Шилэн дансны тухай хуулиар бол баталгаа гаргасан, зээл авсан, үүрэг хүлээсэн албан тушаалтны шийдвэр нь Сангийн яамны харьяа нэгдсэн цахим хуудсан дээр байршсаны дараа хүчин төгөлдөр болно. Хөрөнгө мөнгө захиран зарцуулж, татвар хурааж, шийдвэр гаргаж байгаа байдлыг орон нутгаас эхлээд дээд түвшиндээ хүртэл ард иргэдийн хяналтад оруулах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн төсөл өргөн барьсан. Батлагдах байх гэж найдаж байна.

Монгол Улс 1990 оноос өмнө социалист нийгэмтэй, захиргаадалтын засагтай, бүх зүйл төрийн өмчид байсан. Нэг намтай, тэр нам нь 70 жил удирдсан. Хүний эрхийг зөвшөөрдөггүй байсан. Өнгөрсөн 24 жилд Монгол Улс нь улс төр, эдийн засгийн хоёр том өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж амжилтад хүрсэн. Дандаа ардчилсан сонгуулийн замаар, тайван шилжилт хийж ирсэн. Өнөөдөр Монголд сонгуулийн ардчилал байна. Дараагийн хийх гэж байгаа зүйл нь шууд ардчилал буюу иргэдийн оролцоогоор асуудлыг шийддэг болох зорилго тавиад явж байна. Амжилтад хүртэл хугацаа шаардагдана. Өнөөдөр та бүхэн Монголд ирж энэ талаар санал бодлоо солилцож байгаад баяртай байна.

Та бүхэн туршлага, үзэл бодлоо хуваалцаад явбал манай бүс нутаг, Ази тив хөгжил дэвшил, эдийн засгийн хөгжил, хүн ардын амьжиргааны түвшин, энх тайванч байдлаараа амжилт олох бололцоотой гэж боддог.

Иргэдийн оролцоог хангах тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга Азийн бүс нутагт бараг анхдагч нь

“Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бүгдийн оролцоог хангасан хөгжил байх юм бол тухайн орон нутагт зохицол, тогтвортой байдал, ойлголцол, бие биеэ хүндэтгэх, тэвчээртэй байх зэрэг хөгжлийн төлөөх эрүүл саруул, хяналттай тогтолцоо бүрдэх боломжтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ санаачилга Азийн бүс нутагт бараг анхдагч гэж үзэж байгаа. Өнгөрсөн таван жилд их амжилтад хүрсэн. Гэхдээ хийх ажил маш их байна.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн улс орнуудын төлөөлөл, зохион байгуулагчид, олон улсын байгууллагууд, Азийн сан, нийт хүмүүсийн мэргэн санаанаас шүүж авч хийх ажил их бий. Бид туршлагаасаа хуваалцаж, та нарын туршлагаас бас сонсохыг хүсч байна. Бидний санал санаачилга амжилтад хүрнэ гэж бодож байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатарт маш таатай дулаан улиралд ирсэнд нь талархал илэрхийлэв.

Иргэдийн оролцоо, шууд ардчилал, иргэдийн нийгмийн хариуцлагад тулгуурласан засаглал нь дэлхий дахинд хамгийн үр ашигтай, зөв тогтолцоо юм

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Иргэдийн оролцоо, шууд ардчиллын талаар Монгол Улсын туршлага” сэдвээр лекц сонсгов. Тэрээр лекцдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сүүлийн жилүүдийн тоон үзүүлэлтүүдээс дурдав. Зөвлөх Л.Дашдорж “Монгол Улсын эдийн засаг 2001 онд хасах үзүүлэлттэй байсан бол эдийн засгийн өсөлт 2004 онд анх удаа хоёр оронтой тоонд шилжиж 10 хувь болсон. Түүнээс хойш өсөлттэй явж ирсэн. Сүүлийн 10-аад жилд Монголд их олон өөрчлөлт гарсан. Нэг хүнд ногдох ДНБ 1996-1997 оны үед 350 орчим ам.доллар байсан бол 2013 онд 4000 ам.доллар болсон. Улаанбаатар хотын нийтийн хоолны салбарын орлого 10-аад жилийн дотор 800 дахин өссөн байдаг. 2008-2010 онд тээврийн салбарын өсөлт 40 дахин, холбооны салбарын орлогын өсөлт 50 дахин өссөн. Төсвийн гүйцэтгэлээр 2011 онд орсон орлого 2010 оныхоос хоёр дахин өндөр гарсан. Төсвийн хэт тэлэлтийн үе ингэж эхэлсэн. Эдийн засгийн энэ өсөлтийг яаж хөгжил болгож хувиргах вэ. Яаж айл өрх, иргэн бүрт хүргэх вэ гэдгийн хариулт нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдэд өгөх, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг нэмэгдүүлэх бодлого юм гэж бид үзэж байгаа. Иргэдийн оролцоо, шууд ардчилал, иргэдийн нийгмийн хариуцлагад тулгуурласан засаглалыг дэлхий дахинд хамгийн үр ашигтай, зөв тогтолцоо гэж үзэж байна. Хөгжил бол эдийн засгийн өсөлт гэх зэрэг хуурай үзүүлэлт биш, хувь хүний эрх чөлөөг яаж тэлж, хэрхэн нэмэгдүүлж байгаа үйл явц юм гэж бид харж байна. Ингэхээр орон нутгийн төсвийн зарцуулалтад иргэдийг шууд оролцуулж, эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэж бид үзсэн” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид асуулт хариулт өрнүүлж, Бутан, Камбож, Энэтхэг, Балба, Бангладеш улсаас ирсэн төлөөлөгчид тус тусын оронд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж буй талаараа илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4602
0 эможи
keyboard_arrow_up