“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын бага хурал болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн билээ.
Энэхүү санаачилгын талаарх анхны олон улсын бага хурлыг ЗХА-ийн чиглэлээр мэрэгшсэн 9 орны эрдэмтдийн дунд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ийн гишүүн, ССХ-ийн Бодлогын Зөвлөлийн гишүүн М.Батчимэг оролцлоо.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний санаачилгын хүрээнд зохион байгуулж уг хурлын дөрвөн салбар хуралдаанд Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Голланд, ХБНГУ, ИБУИНВУ-ийн судалгааны байгууллагын төлөөлөл оролцов. Судлаачид ЗХА-ийн аюулгүй байдлын эрсдэл, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагаа болон бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.
Манай улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай бөгөөд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг өчигдөрийн хурал харууллаа.
ЗХА-ийн бүс нутгийн асуудлаар олон жил судалгаа хийж ирсэн эрдэмтдийн санал бодол бүс нутагт яриа хэлэлцээний механизм бий болгоход чухал ач холбогдолтой тул шийдвэр гаргагчид анхаарч үзэж санамж, зөвлөмж болгон тусган авна гэдэгт найдаж байна. Иймд уг хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаа ССХ илэрхийллээ.