Ерөнхийлөгч уул уурхайн компанитай сайд нар ажлаасаа татгалзахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд ярилцлагад орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.
-Тангараг өргөөд 30 хонох гэж байна. 60 тэрбумын хувьд хоёр сонгууль дамнан яригдсан. Монгол Улсын өнөөгийн төр засгийн албан тушаалыг урьдчилан зарж мөнгө босгодог гэдэг нь дээрээ ямар сахилга баттай байгааг харуулж байгаа юм. Бид 96 жилийн түүхтэй МАН-ыг аав ээж, эмээ өвөө нарын нам гээд хүндэлсэн маягаар сонгодог. Энэ инстутицижсэн байж магадгүй нам маань ийм зүйл яриад сууж байна. Энэ нь намын эмгэнэл биш Монголын эмгэнэл. Тиймээс 60 тэрбумын асуудлаар АТГ-ыг хоёр ч удаа дуудаж уулзлаа. “Та нар яагаад энэ асуудал дээр ажиллахгүй байгаа юм бэ” гэж хэллээ. Энэ мэдээллүүд шууд мэдээлэгдээд байсан болохоор нөхцөл байдлыг л асуусан. 60 тэрбумын асуудал урт ажил байх. 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан байгаа юм. Миний хувьд энэ бүгдийг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахаас эхлээд олон ажил гарч ирэх юм байна. Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярих боломжгүй. Иргэд шударга ёсыг л хүсч байна. Түүнээс биш өнөөдөр өлсөөд үхэж байгаа хүн алга. Хоёрдугаарт, малын буян байна. Дээрээ ийм байхад доороо яах юм. Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Тиймээс 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.
-Хоёр том аюул байна. Тэр ажилгүйдэл, ядуурал. Зөв үү. Ажилгүй ядуу хүн боловсролдоо анхаарч чаддаггүй. Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Монголд байгаа бизнесийн орчин цэцэглэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Өнөөдөр ямар ч ажлын дөргүй хүнийг томилдгоос болж ажил хийж чадахгүй байна гэдэг. Ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй болохоор энэ ажлын байр дээр гаднаас хямд ажиллах хүч орж ирж байгаа юм. Энэ хөтөлбөрүүдийг би хөдөлгөнө, явуулна.
-Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.
--Төмөр зам, Шинэ сум төслөө эхлүүлнэ. Хөдөө бол бид шинэ сумаа бариад туршилтаа хийчихсэн. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баяндэлэг суманд сая очоод ирсэн. Туршилт бол болсон. Өнөөдөр үүнийг бид төсөв мөнгөгүй байна гээд үргэлжлүүлж чадахгүй байгаа нь арчаагүйдээ ийм байдалтай байгаа юм. Хөгжлийн бодлогоо тодорхойлчихоод тэрийгээ хийхгүй байна. Энэ Засгийн газар тэрийгээ ойлгохгүй байна. Засгийн газар нь уул уурхайн бизнестэй сайдуудтай болчихсон. Тэдэнд бүх юм нь байна. Хувьтай, баян байна. Санаа зовох юмгүй.
-ОУВС бол ажлаа л хийж байгаа байгууллага. Монгол Улсад мөнгөө өгчихсөн хүмүүсийн мөнгийг нь буцааж олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх байгууллага. Тэднийг буруутгах аргагүй. Бид тэдэнтэй тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Өөрсдийгөө хамгаалаад, тэдний тусламжийг яаж авах юм. Бүх хувцсаа ОУВС-аас авах юм уу. Эсвэл ганц гутлаа авах юм уу. Тэр тал дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Энд нам хамаагүй. Зөвхөн Монгол Улс байх ёстой. Харамсалтай нь бид тэрийгээ ярьж чаддаггүй, бэлтгэгдсэн хүн байдаггүй.
- Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар солих гэж байгаа бол болохгүй. Төрийн өндөр албан тушаалыг зарж байсан энэ нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалын тухайд аюулгүй байдал талаасаа нэг хүнээс хараат байна гэдэг дарангуйлал эхэлнэ гэсэн үг. Нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. 76 гишүүн хэлэлцэж байх үед бүгдийг нь худалдаж авах боломж байхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь буруу болов уу.