Дэлхийн хэвлэл монголын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар

2017 оны 6 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Хойд, урд хөрш, дэлхийн нэр хүндтэй агентлаг, сонин хэвлэлүүд манай сонгуулийг хэрхэн дүгнэснийг хүргэе.

Ройтерс: Хятадын оролцоо ямар байхыг шийдэх бүх нийтийн санал асуулга шиг  харагдаж байлаа

Монголын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, улс орны бодлогод Хятадын оролцоо ямар байхыг шийдэх бүх нийтийн санал асуулга шиг  харагдаж байлаа. 
Уул уурхайн бодлогод үндэсний үзэл баримталж, өмнөд хөршдөө сэрэмжтэй ханддаг Х.Баттулга өөрийнхөө боломжид итгэлтэй буй. Харин эхний санал хураалтаар хоёрдугаарт бичигдсэн М.Энхболд нь хөрөнгө оруулалтыг дэмждэг, эдийн засгийн аядуу зөөлөн бодлого баримталдаг нэгэн. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, хатуу хэмнэлтийн бодлогод шилжсэн нь эрх баригч намын дарга түүний саналыг доош нь татжээ. 

МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар М.Энхболдоос 2000 саналаар дутаж өрсөлдөөнөөс гарав.      

Globaltimes.cn: Монгол Улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Х.Баттулга, М.Энхболд нар хоёр дахь шатны санал асуулгад тунаж үлдлээ. Нэр дэвшигчид сонгогчдыг “Хятадын аюул”-аар далайлгаж байгаа нь ажиглагдсан. БНХАУ монголчуудын энэ айдсыг багасгахын тулд харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна.  
Сонгуульд ажиглагчаар оролцсон олон хүн дүгнэлтдээ “Монголчууд эдийн засаг дахь Хятадын оролцоо нэмэгдэж буйд санаа зовж байгаа, энэ нь даваа гаригт явагдсан санал хураалтад нөлөөлсөн” талаар бичсэн байна.  

Regnum.ru: Хямралтай сонгууль

Монголын Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн хямралтай үед тохиож байна. Тус улсын эдийн засаг урьд нь дэлхийд хамгийн өсөлттэйд тооцогдож байсан удаатай. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурсны дараа бэрхшээл гарч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунасан хоёр нэр дэвшигч улс орноо өрийн дарамтаас гаргах өөрсдийн гэсэн төлөвлөгөө дэвшүүлэн өрсөлдөж байгаа аж.  

Франс пресс: Нэр дэвшигч ялагдлаа хүлээсэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдугаар байрт орж, өрсөлдөөнөөс гарсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн ерөнхий хороо дүнг зарласны дараа хэвлэлийн бага хурал зарлаж, үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Бид юун түрүүнд ардчиллаа алдаж байгаа талаар ярих ёстой” гээд саналын хуудсыг дахин тоолох хүсэлтийг Сонгуулийн ерөнхий болон шүүхэд гаргах болно гэж мэдэгдсэн юм. 

Thenewstribune.com: Ирэх сарын 9-нд дахин санал хураана

Даваа гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар ялагч тодроогүй тул монголчууд ирэх сарын 9-ний өдөр анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо.     
Энэ удаагийн сонгууль анх удаа дахин санал хураалт авах болсон гэдгээс гадна, гадаадын шууд хөрөнгө оруулалт урьд хожид байгаагүйгээр буурч, том хөрөнгө оруулагч Рио Тинтотой маргаан өрнүүлсэн гээд эдийн засаг хүндхэн үед болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байна. 

thestar.com: Сурталчилгаа бохир явагдсанд иргэд дургүйцэж байна

Монголчууд өнгөрсөн даваа гаригт Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа хийлээ. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ нэр дэвшигчид хэтэрхий бохир арга барил ашигласан нь сонгогчдын дургүйцлийг хүргэсэн байна. 24 настай Батбаярын Нямжаргал “Надад нэр дэвшигчдийн сурталчилгааны арга барил таалагдсангүй. Би хэнд нь ч санал өгөхгүй. Би сайн бодсон. Гурван нэр дэвшигч гурвуулаа асуудалтай хүмүүс” гэж итгэтэй ярив. Б.Нямжаргалаас гадна 18  мянга орчим сонгогч саналын хуудсаа бөглөлгүй өгч нэр дэвшигчдийг эсэргүүцсэн нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44607
0 эможи
keyboard_arrow_up