Латви улс малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажилд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр эрхэм сайд Янис Дуклавс хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж буй энэ үед хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ижил түвшинд дэмжиж ажиллахаа амлалаа.
Тэрээр цаашлаад Латвийн зүгээс мал эмнэлэг, тэр дундаа малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд, хүнсний чанар, стандартыг баталгаажуулахад, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
ҮХАА-н-н дэд сайд Ц.Туваан БНЛУ-ын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сайшаан магтаад мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн хөгжлөөс нь суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуй уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Латвийн талаас техник туслалцаа авах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Мөн нийт нутаг дэвсгэрийнх нь тал хувийг ой мод эзэлдэг Латви улсаас ойн зөв зохистой ашиглалт, тэр дундаа ойн хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр арга туршлага судалж хамтран ажиллах боломжийг олж харж байгаагаа тэмдэглэн хэлсэн юм.
БНЛУ-ын Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өөдрөгөөр харж байгаагаа хэлээд Латви улсын хөдөө аж ахуйн салбартай танилцахаар ҮХАА-н дэд сайд Ц.Тувааныг өөрийн орондоо айлчлахыг урьсан юм.