Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрээр өчигдөр Астана хотод хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож байна.
Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ын бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ. Ажиглагчийн статустай болсон үеэсээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцохыг эрмэлзэж ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ үеэр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шариф бараалхана.
Төрийн тэргүүн мөн “Астана-Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцох юм.