ҮНДСЭН ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ?
УИХ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.
Хууль батлагдвал ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтээс санал асуух боломжтой болно.
УИХ-ын төвшинд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ч бэлэн болоод байна. Үүнээс УИХ, Засгийн газартай холбогдох зүйл заалтыг онцолж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дараах хэсэг заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
Хорин хоёрдугаар зүйлийн 2 дах хэсэг:
Монгол Улсын Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн,
УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй,
Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна
Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна
Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
УИХ-ын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй, дотоод хэргийн яам,
2/Сангийн яам,
3/Гадаад хэргийн яам,
4/Батлан хамгаалах яам,
5/Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д саналаа оруулж болно
УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ
Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 3 дугаар зүйлийн 3, 7, 11 дэх хэсэг болон 6 дугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн, бусад зүйл, хэсэг, заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.