Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо.
Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уулзалтыг нээж үг хэлсний дараа Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймгийн иргэдэд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллах үеэрээ баруун бүсийн аймгуудын сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв.