ЕРӨНХИЙЛӨГЧ: Монгол Улсад суух зарим Элчин сайд нар ИЖБ барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Вини Натала Чибэсакунда, Шведийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Линдстэд, Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Душан Белла, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Леэла Мани Паудял, Бүгд Найрамдах Намиби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Элия Жиорж Кайямо нар тус тус Итгэмжлэх жуух бичиг барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Вини Натала Чибэсакундатай уулзах үеэрээ Монголын тал далайд гарцгүй орнуудын олон улсын бодлогын хүрээлэн /Think-Tank/ байгуулах санаачилга дэвшүүлсэн талаар ярилаа. Замби Улсын Засгийн газар ч далайд гарцгүй орнуудын олон улсын бодлогын хүрээлэнгийн талаарх гэрээнд гарын үсэг зурж нэгдэх байх хэмээн найдаж буйг мөн дурдав.
Шведийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Линдстэдтэй уулзахдаа хоёр тал уламжлалт найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг дурдаад, Монгол Улс хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Ялангуяа Шведийн байгаль орчинд ээлтэй ногоон технологи, цэвэр технологийг Монголд нэвтрүүлэх талаар сонирхон анхаарч буйг мөн дурдав. Монгол Улсын цөөнгүй тооны иргэд Шведэд аж төрдөг. Тэдэнд болон тэдний үр хүүхдэд эх хэлээ сурах, соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад зориулсан Соёлын төвийг Стокгольм хотод байгуулах саналыг Монголын талаас тавьж ирснийг бас дурдлаа.
Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Душан Беллатай уулзахдаа Монгол Улс Европын холбоо, түүний дотор Словак Улстай уламжлалт найрсаг харилцаатай явж ирснийг тэмдэглэв. Монгол-Словак хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсонд баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Леэла Мани Паудялтай уулзах үеэр энэ 2017 онд Монгол-Балбын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв.
Түүх, соёл, шашны түүхэн улбаагаар холбогдсон хоёр талын харилцааг цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх сонирхол Монголын талд байгааг дурдав.
Бүгд Найрамдах Намиби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Элия Жиорж Кайямог хүлээн авч уулзахдаа хоёр орны хооронд ижил төстэй зүйлүүд байдгийг дурдлаа. Тухайлбал, хүн амын тоо, уул уурхай, хөдөө аж ахуй зэргээрээ төстэйг тэмдэглэв. Аялал жуулчлалын салбар хоёр талын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж болохыг мөн хэлж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ Элчин сайд нарын ажилд тусалж дэмжих болно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд хэллээ.