Ерөнхийлөгчийн сонгуулийн комисс ажилдаа орлоо
Монголчууд ирэх зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Сонгуулийн ерөнхий хороо, намууд, иргэд бид улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд бэлэн үү? Энэ тухай холбогдох мэдээлэл, сонгуультай хамаарах зарим цаг хугацааны тухай нэгтгэн хүргэж байна.
“2016 оны УИХ-ын сонгуульд нийт иргэдийн 2.404.800 иргэн санал өгөх эрхтэй байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын тоо төдийлөн зөрөхгүй байх, гэхдээ шинэчилсэн бүртгэл явуулж байгаа” гэж Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ мэдэгдэж байна.
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ны хооронд үргэлжилнэ.
2016 оны парламентын сонгуульд гадаадад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын харьяат иргэд саналаа өгч чадаагүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдран сууж буй иргэд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, санал өгөх боломжтой.
Гадаад дахь иргэдийн саналыг зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авна. Тэдний бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газар хариуцан ажиллаж байна.
Сануулахад, гадаадад амьдарч буй монголчууд 2012 оны УИХ-ын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байжээ.
Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна. Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуульт ажил нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сонгуулийн бэлтгэл ажил 2017 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд зургадугаар сард дуусгавар болох юм.
СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХУУЛИЙН ХУГАЦАА
- Хоёрдугаар сар: Хэсэг байгуулах, зардлын дээд хэмжээг тогтоох, цаг хугацааны хуваарь гаргах ажлыг зохион байгуулдаг.
- Гуравдугаар сар: Сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, цахим хуудаст байршуулах, журам, заавар, загвар, маягт боловсруулж, батална. Сургалт зохион байгуулна.
- Дөрөвдүгээр сар: Сонгуулийн хороо, комиссуудыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдэлнэ.
- Тавдугаар сар: Нам, хамтарсан намууд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явуулна.
- Зургаадугаар сар: Сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгсэл хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах ажлыг зохион байгуулна.