Ц.Элбэгдорж: Монгол Улсын гадаад бодлого бол Монголын аюулгүй байдлын асуудал юм

2017 оны 3 сарын 13
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг энэ гуравдугаар сарны 6-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Л.Бадамдаш нар урилгаар оролцов.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа, дээрх салбаруудад ямар санал санаачилга гаргав гэдгийг ярилцсан юм.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн 2 удаагийн бүрэн эрхийн 8 жилийн хугацаанд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Мөн иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.

Үдээс хойших хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлж, иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Цагаан сар дөнгөж сая болсон. Та бүхэнд цагаан сарын шинийн мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж энэ танхимд байгаа бүх хүнтэй золгож байна. /Алга ташив/

Тахиа жил гарлаа. Ахмадуудын ярьж байгаагаар тахиа жил зүтгэлтэй, ажилч хичээнгүй хүмүүст үр дүнгээ өгдөг жил гэж ярьж байгаад би хувьдаа бэлгэшээж байгаа юм. Бүгдээрээ зүтгэж, дор бүртээ ажлаа сайн хийвэл Монгол Улс хөгжинө. Нэг хүнээс, нэг даргаас Монгол Улсын амьдрал шалтгаалахаа больсон.

Би нэгэнт та бүхнээр дүнгээ тавиулж байгаа хүн учраас та бүхэн мэдэх гэсэн зүйлээ тодруулж ярилцвал зүгээр байх гэж бодож байна.

Монголын медиа корпорациас ийм аян эхэллээ. Eagle телевиз оролцож байна гэж  би сонсож байсан. Би хүмүүсийн өмнө хийсэн ажлаа ярих, тайлагнах, танилцуулах, хэлэх, миний явуулж байгаа үйл ажиллагаа, бидний хамт олны хийж байгаа үйл ажиллагааны талаар хүмүүс ярих, шүүмжлэх нь нээлттэй байдаг. Тэр бүү хэл харлуулах, гутаах, гүтгэхэд ч хариу үйлдэл үзүүлээд байдаггүй.

Монголын нийгмийн давуу тал энд л байгаа юм. Энэ бол Монголд улс төрийн зам сонгосон хүн бүхний туулах ёстой зам. “Чи улс төр сонгосон бол чиний холгосон хуруун дээр чинь хүн заавал гишгэнэ” гэж би олон жилийн өмнө, бүр анх улс төрд орж байхдаа хэлж байсан. Үүнийг чи хүлээж авах л ёстой. Шарх хүртэл нээлттэй байхдаа зөв эдгэдэг шиг санагддаг. Албан тушаалтны үйл ажиллагаа нээлттэй байх тусмаа сайн гэж боддог. Энэ нь эргээд албан тушаалтандаа сайн байдаг.

1990 онд, 10 жилийн өмнө ч намайг гарч ирээд ярьж байхад шууд утсаа гаргаад бичээд сууж байдаг хүн байгаагүй. Ганц ММ-ийн камер байвал байдаг. Орой нь мэдээгээр цухас харуулбал харуулдаг, ийм л байсан. Одоо мэдээллийн технолгиор дамжад хүнйи амьдрах хэв маяг бүрэн өөрчлөгдсөн. Үүнд нь улс орон, нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж ажиллаж байгаа этгээдүүд, сонгогдсон хүмүүс зохицож ажиллах ёстой. Энд зохицож чадахгүйгээс маш олон хүндрэлтэй асуудал дэлхий даяар бий болж байгаа. Үүнийгээ мэдэрдэг, мэддэг байх ёстой. Бидний хувьд энэ дундуур яваад гарсан учраас энэ бол давуу тал. Байгаа давуу тал, ололтдоо хэн ч ханадаггүй. Монгол яг тийм нийгэм сонгосон. Бид амжилтдаа ханадаггүй нийгэм сонгосон. Бид өмнө нь ямар их амжилт гарч байгаа тухай дэлгэц дээр, хөшигний цаанаас харуулдаг, тайзан дээр тоглож үзүүлдэг, амьдрал дээрээ өөр байсан тийм нийгэм дундуур туулж ирсэн. Тэр нийгмийн хүүхдүүд.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн ажлыг дүгнэх гээд иргэд цуглаад ярьж байна гэдэг бол Монголын том ололт гэж би бодож байгаа. Би энэ үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явсан дэмжинэ. Тийм учраас намайг ир гэсэн зар өгсөн. Та нарт ч тийм зар өгсөн байх.

Монголд албан тушаал эрхэлж байгаа, ажил хийж байгаа хүн бүхэн ийм байдлаар ажлаа дүгнүүлж байх ёстой гэж би хувьдаа боддог. Аймгийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, бүх газар ард түмнийхээ өмнө нээлттэй, салбар салбарт ажиллаж байгаа иргэдээр ажлаа дүгнүүлээд, дээд шатны дарга нь тэр дүн дээр түшиглээд болохгүй бол хариуцлага тооцдог байдал руу ормоор байгаа юм.

Ардчилал гэдэг үгийн цаана туг, далбаа болгоод явах шаардлага байхгүй. Ардчилал гоё учраас бид сонгож аваагүй. Хүний юм учраас бид аваагүй. Зүгээр л миний юм. Миний хөгшин ээж бурханд итгэдэг. Бурхандаа залбираад, зулаа өргөх эрх л миний ээжийн эрх. Түүнээс биш би хэн нэгнээс зээлдээгүй. 500 хоньтой бол түүнийгээ хувьдаа аваад, маллаад, ашиг шимээр нь амьдралаа аваад явах бол малчны л эрх. Төр, засагт дургүйцлээ илэрхийлэх бол таны л эрх.

Монголын уламжлал ийм байсан. Монголчууд ингэж хэлэлцдэг, хаанаа хүртэл ард түмнээсээ сонгоод яваад ирсэн улс. Энэ эрхийг л бий болгох гэж яваа. Чөлөөт нийгмийг би ингэж нэг тайлбарладаг. Таны хүссэн бүхнийг хийх гэж бид ийм нийгэм байгуулаагүй. Тийм юм ч амлаагүй. Бүх хүний амьдралыг тэгш сайхан болгох гэж амлаагүй. Уучлаарай. Амлаж байсан гэж зарим нь хэлж магадгүй, тийм биш. Буруу ойлгосон байна. Таны төр, засагтаа дургүй байх эрхийг хадгалах гэж л энэ нийгмийг бий болгосон. Дургүйцлээ илэрхийлэх эрхийг, сонголтоо хийх эрхийг, өөрөөрөө байх эрхийг чинь л хадгалах гэж энэ нийгмийг бий болгосон. Бид хүн болж төрсөн. Хүн шиг амьдрах гэж л сонгосон.  Энэ нийгмийг зохион байгуулах аргыг л магадгүй, ардчилал гэж хэлээд байх шиг байгаа юм. Өнөөдрийн нийгэмд ямар нэгэн нэр өгье гэж бодож байгаа бол нийгмийнхээ амьдралыг хамгийн сайнаар зохион байгуулах замыг л монголчууд сонгож авсан. Энэ дотроо засвар, өөрчлөлт хийж болно. Засч болдоггүй зүйл биш. Нээлттэй байх тусмаа, Монгол Улсын иргэд оролцож байх тусмаа, энэ асуудалд оролцдог эрхтэй байх тусмаа, монголчуудад бүтээх боломж нээгдэх тусмаа Монголын нийгэм сайн явна гэж боддог.

Зарим улс орны хөгжлийн философи өөр. Төвд байгаа эрх мэдэл нь хүчтэй. Төв эрх мэдэл хүчтэй байж манай улс орон амар амгалан байна. Манай улс оронд хөгжил дэвшил ирнэ гэдэг. Ингээд хоорондоо талцаад, задраад, бие биеэ доош хийгээд үзээд байх юм бол энэ улс орон сүйрнэ гэж үздэг улс орнууд бий. Тэр бол тэдний эрх.

Монголынх бол арай өөр. Монголынх бол иргэд нь эрхтэй, бүтээх чадамжтай, боломжтой л байх юм бол Монгол Улс явна. Түүнээс биш Монгол нэг том даргатай, тэр дарга нь унаад өгөхөөр улсаараа унадаг байж болохгүй. Ц.Элбэгдорж ажлаа хийж чадахгүй бол бүх хүн ажлаа хийж чадахгүй болдог тогтолцоо байж болохгүй. Элбэгдоржтой доржгүй Монгол Улсын амьдрал урагшаа явах л ёстой. Энэ тогтолцоо, соёл, суурийг л тавих ёстой. Бидний зам арай өөр юм.

Их хүн амтай, том газар нутагтай, дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцдог, өөрийн дэг жаягаа авч яваа нь тэр улсын зам. Бид тэднийг хүндэлдэг. Бидний зам арай өөр.

1990 оноос л би энэ тухай ярьж байсан. Одоо яриад л зогсож байгаа. Нэг л зангаараа байгаа. Имй зүйл хэлье.

Өнөөдөр гадаад бодлогын асуудлаар ярьж байна. Одоо би та бүхний асуултад нээлттэй хариулъя. Энэ индэр дээрээ зогсож байя. Гурав гурваараа асуугаад хариулаад явъя.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Хашмаа: - Өглөөний хэлэлцүүлгээс таны гадаад бодлого маш сайн явж байгаа гэдгийг ойлгосон. АСЕМ-ийн талаар та өөрийнхөө үгээр юу хэлэх вэ?

МУИС-ийн ОУХДС-ийн оюутан Оюунбилэг: -Нэгд, төвийг сахих бодлогын талаар асууя. Хоёрт, НҮБ-ын гишүүн оронтой харилцаа тогтоох талаар асууя.

БЗД-ийн иргэн Сарангоо: -Үнэнийг хэлэхэд энэ танхимд анх орж ирэхдээ би таны тухай зөв бодолтой байгаагүй. Өнөөдрийн хэлэлцүүлгээс их зүйл сонслоо. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж Монгол ардын үг байдаг. АСЕМ-д хэрэггүй их мөнгө үрлээ гэж ярилцдаг байсан. Тэгвэл мөнгөөр хэмжигдэхгүй үр дүн гэж байдаг юм байна. Таны сүү өргөж амьдаръя гэсэн уриалга байдаг. Нээрээ сар шинээр монголчуд архи уухаа болилоо. Аливаа зүйлийг санаачилна гэдэг чухал юм. Монголд намын ажил явахаас биш төрийн ажил явах нь бага болоод байна. Монгол төрийн залгамж халаа алдагдаад байна. Халаа сэлгээний асуудал хэрээс хэтэрч байна. Байгууллагын нэр солигдож байна. Үүдний хаяг, албан бланк солигдоход татвар төлөгчдийн мөнгө түүнд гарч байдаг. Монгол төрийн залгамж халаа, нэг нь гарч ирээд нөгөөгөө үгүйсгэдэг байдлыг та юу гэж боддог вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -За баярлалаа. АСЕМ-аас миний санаанд нэг тохиолдол тодорхой үлдсэн байдаг. АСЕМ-д ирсэн төрийн тэргүүнүүд машинаас бууж ирээд гар бариад дотогш орж байхад Европын холбооны дарга надтай гар барингуутаа Францын Ницце хотод маш том террорист халдлага болж ачааны том машинаар гудамжаар явж байсан олон хүнийг дайрч амь насыг нь хөнөөлөө. Үүнийг сонссон уу гэж асуусан. Би замдаа ВВС-гээр сонссон байсан. Европын холбооны дарга надад “Та суудалдаа суугаад АСЕМ-ийг нээхдээ бид бүхний өмнөөс дэлхий дахинд хандаж эмгэнэл илэрхийлээрэй. Ази, Европын бүх удирдагчид энд цуглачихсан байдаг. Үүнээс манай уулзалтыг эхлэхгүй бол болохгүй шүү” гэсэн. Түүнд зориулсан үг надад байгаагүй. Юм төлөвлөснөөр болдоггүй. 50-иад хүний сүүлийн хүнтэй гар бариад л, орж ирээд хурлаа нээгээд, бэлдсэн үгийнхээ өмнө өнөө өглөө ийм эмгэнэлтэй мэдээ сонслоо гээд үгээ эхэлж байсан. АСЕМ-д Европын холбооны удирдлага, Европ, Азийн улс орнуудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын удирдлага оролцсон, олон сэтгүүлч ирсэн учраас хүмүүс их анхаарсан. Энэ талаар Монголд явж байгаа А.Меркель юу хэлэх нь вэ, Ш.Абэ юу хэлэх нь вэ гэдэг асуудал гардаг юм байна. АСЕМ-ийн 3 хоногт Монгол гэдэг нэр дэлхийн нийт хэвлэл, мэдээллээр 5 тэрбум удаа давтагдсан гэж шүүлтүүрээр гарч ирж байсан.

Үдээс хойш нь урлагийн тоглолтоо үзүүлж хүлээн авалт хийхээр төлөөлөгчдийн тэргүүн бүрт нэг гэр барьж, гэрт орохоор сонгосон өнгөөр нь дээл хийгээд бэлдсэн байсан. Дээлээ өмсөөд урлагийн тоглолт үзнэ гэж протоколоор тохирсон байсан. Тэгсэн Германы канцлер над дээр хүрч ирээд “Ерөнхийлөгч өө, дээл өмсөх нь биш байна. Бид хоорондоо ярилцлаа. Өнөөдөр ийм аймшигтай юм болсон байхад бид дэл өмсөөд, наадам үзээд суухад хэцүү байна” гэсэн. Үнэхээр хүнд байдалд тэд орсон байсан. Тэгэхэд нь “Наадам болно. Би дээлээ өмсье. Та нарын дээлийг гэрт чинь тавья. Явахдаа дээлээ аваад яваарай” гэсэн.

Маргааш нь том гэрт хаалтын хуралдаан хийх гэж байхад бас л Туркэд төрийн эргэлт гарлаа гэсэн. Би бас л ВВС-гээр сонссон. Европынхон цуглаад хуралдсан байсан. Та хурал даргалагч учраас тэр улсын төр, засгийг, төр, засгийн хэлбэрийг, удирдагчийг дэмжинэ гэсэн бидний байр суурийг дэмжиж хэлээрэй гэсэн. Ингээд дахиад л Монголоос бөөн мэдээлэл гарсан. Ийм хоёр зүйл миний санаанд үлдсэн.

Гурав дахь нэг сайхан зүйл гэвэл бид өмнө нь Монголд болон дэлхий нийтэд байдаг хадны зургийн талаар хурал хийгээд байсан. Хадны зураг бол гайхамшигтай зүйл. Бидний өвөг дээдэс мессеж маягаар бидэнд үлдээсэн юм шиг байгаа юм. Үүнийг гайхамшигтай өв гэж боддог. Хонь хариулж явахдаа анх хадны зураг гэдэг зүйлээс бид урлаг соёл, өвөг дээдсийнхээ тухай мессеж авч байсан байх. Яг тэр хад хаднаас олдсон зургийг дор нь тайлбар бичүүлээд, хэмжээгээр нь өнгөтөөр зуруулаад 53 ширхгийг том гэрт тавьсан. Хурлын завсарлагаар сонирхож байгаа зураг дээрээ өнгийн цаасан дээр нэрээ бичээд наагаарай гэсэн.  Хурал өндөрлөөд гарахдаа тэр том дарга нар бүх зургийг аваад явсан.

Ройтерийн том сурвалжлагч надаас юм асууж байхдаа Монголын хоол ямар сайхан юм бэ гэж сэтгэгдлээ хэлж байсан. Италийн Милан хотод АСЕМ-аар бидэнд бургер зарж байсан. Монголд тэгэхэд иддэг уудаг бүх зүйл үнэгүй байна гэж хэлж байсан. Бид тэгж зохион байгуулсан. Хүн гадаад дотоод явахдаа буудлынх нь орыг санадаг. Идсэн ууснаа санадаг. Мундаг хурлын тухай нэг их санадаггүй гэж байгаа.

Гадаад бодлого дээр нэг сонин юм байдаг. Монголын гадаад бодлого их өөр шүү. Монголын гадаад бодлого бол зөвхөн гадаад бодлого биш. Монголын гадаад бодлого бол Монголын аюулгүй байдлын асуудал. Хуучин ЗХУ-д сурч байхад гаднынхан “Хаанахын Монгол вэ” гэж гайхаж асуудаг байсан. 1990 оноос хойш тэгж асуухаа байсан. Монгол гээд гараад яриахд наад зах нь Чингис хааны тухай, АСЕМ-ийн хурал сайхан болсон тухай ярьдаг болсон. Сая Давосын хуралд очиход Европын холбооны Гадаад хэргийн сайд надтай гар бариад л “Миний морь сайн уу” гэж шууд асуусан. Ерөнхий сайдынхаа орлогчийн зэрэгтэй эмэгтэй хүн л дээ. “Би нөхөр, хүүхдээ дагуулж очино шүү. Миний морийг сайн харж байгаарай” гэж байна лээ. Ерөөсөө л энэ.

Бид АСЕМ-ийг авчихаад яадаг билээ гэж бодож байсан. Миланд АСЕМ-ийг аваад суухад Италийн Ерөнхийлөгчийн өөдөөс харуулаад миний сандлыг тавьчихсан байсан. Би маш их гайхсан. В.Путины сандлыг миний хажууд тавьчихсан байсан. Дараагийн хурлыг Монгол авах гэж байгаа учраас Монголын Ерөнхийлөгчид үзүүлж байгаа хүндэтгэл суудлаар хүртэл тэгж илэрч байсан. В.Путин хоцорсхийгээд ороод ирсэн. Гар барих гээд босох гэтэл “Сууж бай, сууж бай” гэсэн. “АСЕМ гэдгийг зориглоод авчихлаа даа. Манай их хөрш та нар л тусална даа. Үүн дээр мэдэхгүй, чадахгүй юм их байгаа шүү дээ” гэхэд В.Путин гуай “Байгаагаараа л бай л даа. Гэр бариад өгчихгүй юү” гэж байсан. Түүний хэлснээр бид гэр барьсан л даа. Үнэхээр байгаагаараа дайлахад Монгол гайхамшигтай л байсан. Байгаагаа үзүүлэхэд л Монгол гайхамшигтай. Урлагаа үзүүлэхэд, соёлоо үзүүлэхэд, тэмээн ачаа явж байгааг үзүүлэхэд л гайхамшигтай.

Анх БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин ирэхэд наадам хийх газар битүү тайз засах гэж байсан. Тэгэхэд нь ерөөсөө тайз хэрэггүй. Тайзаа нээлттэй болгоод уулын энгэрт мал бэлчээе гэсэн. Си Зиньпин гуайн гэргий соёлын их мэдлэгтэй, өндөр мэдрэмжтэй эмэгтэй. Тэгэхэд тэр “Ийм  тайзыг дэлхийд хэн ч засч чадахгүй. Танайд л харууллаа” гэсэн. Дараа нь тэр тайзыг АСЕМ-д хэрэглэсэн. Тэмээн жин явуулсан. Тэр их учиртай. Тэмээ бүр дээр тухайн улсын нэртэй тэгнээ байсан. Авдар дээрээ тэр улсын далбааг тавьчихсан. Нэг талаас Азийн хорин хэдэн улсын тэмээтэй ачаа, нөгөө талаас Европын хорин хэдэн тэмээтэй ачаа яваад уулын энгэр дээр уулзаж суусан. Наад талаас нь хоёр хүүхэд дагуулсан эмэгтэй цай, идээ хоолоо барьж очиж цай, хоолоо өгсөн. Манай нутагт л лав тэгдэг юм.

Манайх түрүүлээд буусан байхад айлын ачаа нүүгээд ирж явахад “За, миний хүү тэмээтэй ачаа ирж явна. За гаръя” гээд ээжтэйгээ цуг домботой цайгаа бариад л, жижгхэн тавагтай ааруулаа бариад л явдаг байсан шүү дээ. Угтаж очоод цайлдаг. Түүнийгээ харуулсан. Цайгаа уугаад хоёр тэмээн ачаа буюу Европ, Ази уулзаад зөрөөд явж байгаа. Бүх юмыг бодож хийсэн л дээ. Ийм гайхамшгийг монголчууд өөрөө олон мянган жилийн хугацаанд өөрийнхөө соёлоор бүтээсэн. Ийм аугаа уламжлалтай ард түмэн.

Үүнийгээ сэргээх гэж л бид чөлөөт нийгмийг сонгосон шүү дээ. Чингисээ магтах гэж сонгосон биз дээ. Монгол том байсан гэдгээ ярих гэж сонгосон шүү дээ. Янз бүрийн үзэл суртлаар дарангуйлуулахгүй, байгаагаа үзүүлэх гэж л сонгосон биз дээ. Хүн амьдралаа өөрөө аваад явах гэж сонгосон. /Алга ташив/

Оюунбилэгийн асуусан төвийг сахихтай холбоотой зүйл дээр товчхон хариулъя. Энэ асуудлаар өмнө нь Их тэнгэрт Монголын хэвлэлийнхнийг цуглуулаад төвийг сахих бодлогын тухай хоёр цагийн уулзалт хийсэн. Эхлээд ирэхдээ яг тэр Баянзүрхийн Сарангоо шиг л байсан. Энэ төвийг сахих бодлого гэж Элбэгдорж юу зарлачихав аа. Энэ лав л биш ээ. Буруу. Энэ дотор болохгүй юм байна гэж 200 гаруй сэтгүүлчээс 90 хувь нь тийм бодолтой байсан.

Цаг гучин минут уулзсаны дараа 70 хувь нь энэ бол зайлшгүй сонгох зам юм байна. Ёстой ойлголоо гэсэн. Бид компьютерийн цаанаас, сэтгэгдлээр юм дүгнэх гээд байна л даа. Надтай насандаа уулзаж гар бариагүй, ганц үг сольж үзээгүй мөртлөө намайг дүгнэх гээд байгаа юм.

Би заримдаа боддог юм. Чиний бодож байгаа хулгайч, худалч, хамгийн муу Элбэгдорж тусдаа явж байгаа. Би бол ээжээс төрснөөрөө энд байна. Чиний тэр бүх хараал ерөөл тэр Элбэгдорж руу очино. Би тэгээд тийш нь явуулчихдаг юм. Тэр нь надад амар байдаг. Жинхэнэ Элбэгдорж тэр бүхэнд хариулаад л, өөрийгөө өмөрөөд байх шаардлагагүй. Өнөдөр муу хэлүүлж байхад маргааш сайн хэлүүлэх юм нь үлдэж л байдаг. Юм эргэж ирдэг. Салхи эргэхийг монголчууд мэднэ. 100 жилийн дараа ч эргэж магадгүй, 10 жилийн дараа ч эргэж магадгүй. Тэгэхээр би тийм зүйлд эмзэглэдэггүй.

Хүмүүст тайлбарлахаар төвийг сахихыг чухал бодлого байна гэдэг. Төвийг сахих дээр хоёрхон зүйлийг л та бүхэнд хэлье. Өөрийн газар нутгаа дайнд ашиглуулахгүй. Өөрийн газар нутаг дээрээ дайн хийлгэхгүй. Манай тэнгэрийг дайнд ашиглахгүй. Манай газрыг дайнд ашиглахгүй. Ингээд боллоо. Гаднаас дайсан ирвэл бид хамгаална. Бид армитайгаа, цэрэгтэйгээ байна. Төвийг сахихын хамгийн мундаг жишээ Швейцарь яг тийм л байдаг. Дэлхийд, Европт хамгийн хүчирхэг армитай улсын нэг шүү, Швейцарь.

Өөр нэг зарчим байгаа. Бид гэр дотроо өөрийнхөө хуулиар тоглоно. Өөрийнхөө бодлогоор явна. Монгол Улс өөрийнхөө бодлогоор явна. Гэрээсээ гарвал НҮБ-ын бодлогоор явна. Монгол Улс бол НҮБ-ын гишүүн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юу гэж шийднэ, түүгээр явна. Ерөөсөө л энэ.

Манайхан ерөөсөө их хэрцүү. Энэ талаар сонсоогүй мөртлөө сая нэг хүн энэ телевизээр “Зөв юм шиг санагдаад байгаа юм даа” гэж байна. Би тэр хүнтэй уулзаагүй, энэ тухай тайлбарлаагүй. Бид бүгдээрээ тусгаар тогтнолдоо хайртай. Улсынхаа бүрэн эрхт байдалд хайртай. Монголын тусгаар тогтнолыг уядаг гадас гэж байдаг бол энэ Төвийг сахих бодлого байгаа юм. Өөр гадас байхгүй.

Бид нэг статустай болж байгаа юм. Янз бүрийн юм болж болно. Биднийг том улсууд орж ирээд дээрэлхэхэд, янз бүрийн юм болоход дэлхий нийт нэг шалтагтай болчихож байгаа юм. ”Тэр Монгол төвийг сахисан улс гээ биз дээ. Юу болж байгаа юм бэ” гэнэ. Хүний аманд Монгол гэхээс гадна манай статус, нэр орж ирнэ. Түүний цаана төвийг сахисан улсыг дээрэлхэж болдоггүй гэсэн бодлого байдаг. Төвийг сахисан улсын хамгийн гоё юм нь тэр статусыг бид л зарлана. Монгол зарлана. Түүнээс биш хэн нэгэн надад тулгаагүй. Хэн нэгэн надад хэлээгүй. Аль 1920-иод оны үед Жамсрангийн Цэвээн гэдэг аугаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41569
0 эможи
keyboard_arrow_up