ФОТО: Төрийн өндөрлөгүүд ахмад буурлуудтайгаа золголоо

2017 оны 3 сарын 02

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золголт хийн, азай буурлуудын амар мэндийг эрэн мэндчиллээ. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золголт хийв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүлж,  ерөөл магтаалаа айлдлаа.

 

 

Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мал аж ахуйн салбарт ажиллаж байсан Ж.Цэрэн /96 настай/, Д.Өрнөх, ахмад дайчин С.Гомбосүрэн /93 настай/, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн /99 настай/, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа /93 настай/, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ш.Бира /90 настай/, Алтан гадас, Цэргийн гавьяаны одонт, Онц тээвэрчин Б.Бадамсэд /84 настай/, Алтан гадас одонт О.Нагуужанай /84 настай/, Ардын багш, Гавьяат багш Ж.Лхамсүрэн /82 настай/ нар энэ жил хүрэлцэн ирсэн бөгөөд 100 нас зооглож байгаа Д.Өрнөх гуай хамгийн ахмад нь юм. 

Ахмад буурлуудтайгаа золгож, гарын бэлгээ гардуулан, Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг авахуулсны дараа төрийн өндөрлөгүүд ард иргэддээ хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн бичин жилийн хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ирж байгаа гал тахиа жил ч гэсэн Монголчууд бидэнд ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сар шинийн баяр бол бид өвөг дээдсээ, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, ёс заншлаа дээдэлдэг сайхан уламжлалтай баяр. Энэ баяраа монгол түмэн маань сайхан тэмдэглээрэй” гээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

 

Төрийн золголтын дараа УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт  УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд бараалхаж золголоо.

 

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очин түмэн олны буян заяаг даатгаж мандал өргөлөө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41337
0 эможи
keyboard_arrow_up