М.Энхболд: Хөшигийн хөндийн нисэх буудлын талаарх шийдвэр хэрэгжих ёстой

2017 оны 2 сарын 21

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол, Японы Гадаад харилцааны яамдын ээлжит Зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд, ноён Такэо Акибаг өнөөдөр (2017.02.21) хүлээн авч уулзав.

 

Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцлоод, “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг” гэв.

Тэрбээр өнгөрсөн онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монголд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ.

Ноён Такэо Акиба хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлэв.

Тэрбээр “Албан ёсоор уулзаж байгаа нь энэ удаа боловч би Таныг нэлээд дээр үеэс мэднэ. 2006 онд Япон Улсын Ерөнхий сайд Ж.Коизүми, 2007 онд Японы угсаа залгамжлах Эрхэм дээд хунтайж Нарухито Монголд айлчлах үеэр миний бие Гадаад хэргийн яамны Монголын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд ирж, Таныг Монгол Улсын Ерөнхий сайд байхад тань уулзаж байсан” гэж ярив.

Ноён Гадаад хэргийн дэд сайд “Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бид хоёр АНУ болон дэлхий дахины улс төрийн харилцаанд тодорхой өөрчлөлт орж байгаа ийм үед Монгол, Япон хоёр улс нягт холбоо харилцаатай байж, Гадаад харилцааны яам хооронд тогтмол мэдээлэл солилцож, байр сууриа хамтран илэрхийлж байх нь чухал гэж тохиролцлоо. Ноён Д.Даваасүрэнгээс Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хийх гэж буй өөрчлөлтийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-тай тохиролцоонд хүрч байгаад баяртай байна. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал бид та бүхэнд тусалж, дэмжсээр байх болно” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Арваннэгэн жилийн өмнө миний бие Ерөнхий сайдын хувиар Японд айлчилж, ноён Ж.Коизүми Монголд ирж байлаа. Бидний анх эхлүүлсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажил бодит үйл хэрэг болж, ашиглалтад орох гэж байгаад баяртай байна” гээд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үйл явц, өнөөгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн шаардлагын талаар товч мэдээлэв.

Уулзалтын үеэр мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, энэ оны гуравдугаар сард Японд хийхээр төлөвлөж буй Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бэлтгэл ажлын талаар хөндөж ярилцав.

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежементийг Японы хувийн компаниуд хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг Гадаад хэргийн дэд сайд ноён Такэо Акиба хөндсөнд УИХ-ын дарга М.Энхболд “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Японы Гадаад хэргийн яамны Хятад, Монголын газрын захирал Казүяа Эндо, тэргүүн дэд захирал Шиничиро Хаяаши, дэд захирал Саяако Оцү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41173
0 эможи
keyboard_arrow_up