Гурван улсын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв” байгуулна
Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” уулзалт боллоо.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд зэрэг бусад холбогдох албаныхан оролцсон юм.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээллээ. Түүний мэдээлснээр, манай улс 2016 онд дэлхийн 152 улс, оронтой худалдаа хийснээс 74 улсад бараа экспортолж, 152 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар эерэг гарчээ. Мөн экспорт 4.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 248 сая ам.доллараар буюу 5.3 хувиар өссөн байна.Нийт бараа эргэлтийн 59.5 хувь буюу 4.9 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.31 хувь буюу 963.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
Үүнээс гадна “Мэдээллийн цаг”-аар хийсэн мэдээллүүдээс онцлох ажил, санаачилга, арга хэмжээнүүдийг дэлгэрүүлье.
Гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар:
2016 оны зургадугаар сард “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж, хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсан байна. Түүний дараа 2016 оны наймдугаар сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хороо, 13 дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хоёр талын байнгын зөвлөлдөх механизмыг бүрдүүлсэн. Хэлэлцээрээс хүртэх үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хамтарсан хороо, дэд хороодын үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, хуралдааныг зохион байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдоос тодруулсан юм.
В.Энхболд: -Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Япон улстай ойролцоогоор 360 орчим сая долларын худалдаа хийж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд 344 сая долларын худалдаа хийсэн байна. Ингэснээр Японтой хийж буй худалдааны эргэлт 14 хувиар өссөн. Ингэж өсөхөд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нөлөөлсөн гэж үзэж болно. Хамгийн гол нь энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Японы бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол нэлээд нэмэгдсэн. Ялангуяа эдийн засгийн түншлэлийн хэлэлээрийн хүрээнд Монголд хөрөнгө оруулах ямар боломж байна вэ гэдэг дээр тодорхой уулзалтууд зохион байгуулсан. Энэ мэтчилэн үр дүн гарч байгаа. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн гэрээ амжилттай хэрэгжээд эхэлсэн чинь Солонгос улс биднийг сонирхоод эхэлсэн.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр:
Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүний уулзалт өнгөрсөн хугацаанд гурван удаа болсон байдаг. Энэ хүрээнд гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Тэгвэл уг зорилтын хүрээнд гурван талын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг Монгол Улсад байгуулах саналыг Орос, Хятадын талд хүргүүлж, хоёр талтай идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа юм байна. Уг асуудлаар Монголын талын ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийн концепцийн Монголын талын төслийг боловсруулаад байна. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой асуудлаар гурван талын экспертүүдийн төвшний уулзалтыг 2017 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэхүү хөтөлбөрт тусгасан 32 төслийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр талтай тохиролцож, ТЭЗҮ-ийг боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм. Түүнээс гадна гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлын хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт нэлээд их яригдсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс байр суурийг нь сонслоо.
Д.Даваасүрэн: -Эхлээд “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг ямар хэлбэрээр байгуулах вэ гэдгээ гурван улс ярьж, тохирно. Юун түрүүнд хийх ёстой том асуудал бол энэ. Дээр хэлсэнчлэн хөтөлбөрийн хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ 32 төсөл дотор төмөр зам болон яг Монголын газар нутгийг дамжин өнгөрөх авто замын 17 төсөл багтсан байгаа. Мөн төв Азийг тойрсон төсөл ч бий. Тэгэхээр гурван улс эдгээр төслүүдийнхээ ТЭЗҮ-ийг маш сайн гаргах хэрэгтэй. Маш том төслүүд байгаа. Хэрвээ эдийн засгийн коридор бий болоод, амжилттай хэрэгжиж эхэлбэл манай улсын эдийн засаг хэд дахин өсөх ирээдүй байгаа юм.
Тэгвэл Гадаад харилцааны яам ирэх жилүүдэд ямар ажил хийх вэ. Хамгийн эхэнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийн “хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах аж. Мөн Монгол Улс, БНХАУ-ын “Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс” байгуулах асуудлыг урагшлуулах, Хөрш орнуудын зах зээлд дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА)-т нэгдэн орох, Худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, Гуравдагч хөрш орнуудтай болон эдийн засгийн нэгдэлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэрэг нь Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн чиглэлээр 2017 онд хийж гүйцэтгэх онцлох ажлууд байх ажээ.