Ц.Элбэгдорж: Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг

2017 оны 1 сарын 19
 

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор чуулж буй Дэлхийн эдийн засгийн   чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн  сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

-Монгол Улс Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад анх 1991 онд урилгаар оролцсоноос хойш Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ. Үүнээс сүүлийн найман жил Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна. Энэхүү чуулга уулзалтад хүссэн хүн болгон оролцоод байдаггүй. Харин Монгол улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа. Монголын оролцооны талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол бол боломж бага олддог улс гэж хэлж болно. Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалт бол хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим орны Ерөнхийлөгч ирчээд хашааных нь гаднаас буцсан тохиолдол зөндөө бий. Нэгэнт урилга ирж байгаа тохиолдолд заавал оролцох шаардлагатай гэж би хувьдаа боддог. Хэрвээ тэр урилгаар тухайн чуулга уулзалтад оролцохгүй бол дахиад урихгүй. Дахиад энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарна. Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай. Энэ чуулга уулзалтад Монгол улс оролцохдоо эхнээсээ барьсан бодлого бол зөв үнэлгээ авах ёстой гэсэн байр суурь. Монголоос ирсэн төлөөлөгчид манай энэ чуулга уулзалтад хувь нэмэртэй орох юм, хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож үг хэлдэг, санал дэвшүүлдэг, цаашдын хамтын ажиллагааны чигээ тогтоож чаддаг, түүнийгээ Монголдоо очоод үргэлжлүүлдэг, монголчууд харагдахуйц хэмжээнд оролцож байна гэсэн үнэлгээг эхний жилээсээ авах гэж оролдсон. Өнгөрсөн найман жилд Монгол улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний том ололт.

-1971 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа энэ чуулга уулзалт бол тухайн жилийнхээ улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлдог гол арга хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. 2017 оны Давосын чуулга уулзалтын онцлог юу байна вэ? Өнөөг хүртэл явж ирсэн дэлхийн эдийн засгийн хөгжил буруу юм биш үү гэсэн шүүмж чуулга уулзалтын өмнө их гарч байсан. Энэ талаар чуулга уулзалтын үеэр төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Давосын хэмжээний чуулга уулзалт хийе гэсэн саналыг улс орнууд, удирдагчид байнга гаргадаг. Давос бол өнгөрсөн хугацаанд хамгийн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ болж чадсан. Үүний нууц бол мэдээж байгаа. Дэлхийн эдийн засгийн форум бол хувийн санаачилгаар эхэлсэн. Үүсгэн байгуулсан хүн нь Клаус Шваб. Тэр хүний нэр, нөлөөгөөр ийм хэмжээнд цуглуулж чадсан. Давостой өрсөлдөх олон санаачилга гардаг ч энэ дайнд хүрч чадахгүй байгаа юм. Өнгөрсөн жил монголчууд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг нутагтаа зохион байгуулсан. АСЕМ бол 100 жилд Монголд нэг удаа болох арга хэмжээ байсан. Миний харж байгаагаар Давос бол дэлхийн АСЕМ. АСЕМ бол Ази-Европын уулзалт. Харин Давост АНУ болон Африк, Австрали тивээс төлөөлөл ирж оролцож байна. АСЕМ-ийн хэмжээний асуудлыг Давост цөөхөн хоногт ярилцдаг. Ярилцахдаа хамгийн гол нь өнгөрсөн жилээ дүгнэж ярьдаг. Давосын зохион байгуулалтын хүрээнд албан бус уулзалт гэж томъёологддог хэлбэр бий. Тэр уулзалтад оролцож байгаа хүмүүс чин сэтгэлээсээ, хэлье гэснээ хэлчихдэг, албан уулзалтууд дээр, мөн хэвлэлийнхний өмнө тэр болгон илэрхийлээд байдаггүй санаа, байр сууриа энэ албан бус уулзалтын үеэр илэрхийлдэг. Манай улс, манай байгууллага энэ асуудлыг ингэж харж байна гэдгээ ярьдаг. Тухайлбал, ОУВС ч юм уу, Дэлхийн банкны төлөөлөл байр сууриа илэрхийлдэг. Энэ жил тухайлбал, “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдвээр албан бус хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэгт АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трампын хамгийн ойрын гурван хүн ирж шинэ Ерөнхийлөгчийнхөө байр суурийг илэрхийллээ. Улс төр, хэвлэл мэдээлэл, бизнесийн чиглэлийг хариуцсан хүмүүс ирсэн. Бас Конгрессийн гишүүд ирсэн. Энэ уулзалтад 40 гаруй хүн уригдсан байсан. Энэ үеэр маш их мэдээлэл, тэр дундаа дотоод мэдээлэл гэж хэлж болохуйц, мэдээллийг сонсоно гэдэг бол эргээд бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол улсын олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно. Ийм уулзалтад Монголын Ерөнхийлөгч оролцож асуулт тавина гэдэг Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг.

Энэ 2017 оны онцлог гэвэл манай урд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа оролцлоо. Си Жиньпин дарга том бодлогын шинжтэй илтгэл тавилаа. Энэ илтгэлийг “түүхэн илтгэл” гэж олон хүн ярьж байна. Өнөөдөр дэлхий нийтэд асар том өөрчлөлт гарч байна. Дэлхийн тогтсон системд өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлтөд хамгийн том үүрэгтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, улс орных нь удирдлагын хувьд өвөрмөц Хятад орны залуур дээр сууж байгаа хүн юу хэлэх бол гэдэг маш чухал, сонин байсан. Даяарчлалын тухай маш нээлттэй ярилаа. Дэлхийн хамтын ажиллагааны тухай ярилаа. Чөлөөт худалдааны тухай ярилаа. Одоо АНУ даяарчлалын тухай өөр ярьж, хөрөнгө оруулалт ашиггүй байна, буцааж татъя гэж байхад үүнээс тэс өөр өнгөөр Си Жиньпин дарга ярилаа.

-Дэлхийн чуулга уулзалтад оролцох Монголын оролцооны нэг хэлбэр нь энэ үеэр зохиогддог “Монголын үдэш” арга хэмжээ байдаг. Энэ арга хэмжээний ач холбогдлыг юу гэж дүгнэдэг вэ?

-Би олон газар, олон арга хэмжээнд оролцдог. Эдгээр арга хэмжээний үеэр Монголынхоо соёл, зан заншлыг тэр болгон сурталчлаад байж чаддаггүй. Ихэвчлэн тухайн очсон газрынхаа соёл, түүх, зан заншилтай танилцаад буцдаг. НҮБ-ын том хэмжээний хурлын үеэр ч ийм боломж байдаггүй. Давосын чуулга уулзалтын үеэр зөвхөн өдөр арга хэмжээ болдоггүй, 24 цагийн турш арга хэмжээ болж байдаг. Үүнийг ашиглая гэж бодсон. Бид ийм арга хэмжээ зохион байгуулъя,үүндээ зориулж ийм ийм зүйл авчиръя гэхэд холбогдох зөвшөөрлийг авах тийм амар биш. Энэ арга хэмжээг зохион байгуулах байгууллага нь ямар байх уу, эдний стандартад нийцсэн аж ахуйн нэгж үү үгүй юу гэдгийг хүртэл авч үздэг. Танай арга хэмжээг хүн тоож очих уу гэсэн асуулт хүртэл гардаг. Давосын чуулга уулзалтын үеэр 20-иод улс, 100 гаруй компани ижил төстэй арга хэмжээг Давост зохион байгуулдаг. Эхэн үедээ 100 гаруй хүн ирж байсан бол одоо 500 гаруй хүн манай “Монголын үдэш”-ийг сонирхон ирэх гэж байна. Монголын дуу хөгжмийг сонсч, бидний хувцсыг үзээд, идээ ундааг зооглосон хүмүүс бие биендээ хэлж түгээж байна. Үүгээр дамжуулаад бид Монголынхоо урлагийг, хувцсыг, түүхийг сурталчилж байна. Энэ жил бид 400 орчим хүн ирэх байх гэж тооцож байсан ч 500 хүнд урилга хүргүүллээ. “Монголын үдэш”-т форумыг санаачлагч Клаус Шваб гэр бүлийн хүний хамт ирж нээдэг. Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”. Үүнийг бид том амжилт гэж үзэж байгаа.

-Энэ жилийн Давосын чуулга уулзалтын Ази, тэр дундаа Монгол руу чиглэсэн зүйл юу байна вэ?

-Форумын үеэр маш өргөн сэдвээр хэдэн зуун хэлэлцүүлэг болдог. Эдгээрээс оролцох сэдвээ бид өөрсдөө сонгохыг хичээдэг. Бас зохион байгуулагчдын зүгээс бидэнд санал болгодог сэдэв байна. Монголчуудын байнга оролцдог нэг сэдэв бол мэдээж уул уурхай. Усны чиглэлээр монголчууд Давосын хүрээнд идэвхтэй ажиллаж байна. Энэ форумын Усны санаачилгын групп гэж бий. Энэ группт би хоёр гурван жил гишүүнээр байсан. Усны асуудлаар Монголд гурван ч удаа том хэмжээний хурал зохион байгууллаа. Энэ санаачилгаа бид алдахгүй байх хэрэгтэй. Энэ жилийн форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Торгоны замын хуралдаанд бид оролцох гэж байна. Мөн өнгөрсөн жил Монголд зохион байгуулсан АСЕМ-ийн талаар мэдээлэл хийх хүсэлт ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний сэдэв байна. Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, үүнийг ашиглах талаар ярилцаж байна. Монголын говийн эрчим хүчийг ашиглах асуудал эндээс гарсан санаа. Монгол, ОХУ, Өмнөд Солонгосыг оролцуулсан сэргээгдэх эрчим хүчний групп байгуулсан, одоо бизнесийн судалгаанууд хийгээд эхэлж байна. Байгаль орчны асуудал байна, утаа байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэн, гамшиг хэмээн тодорхойлж, шийдвэртэй арга хэмжээ авъя гэж байгаа гээд энд ярихад Монгол улс улс төрийн шийдвэрээ гаргасан юм байна, энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна гэж ойлгон хандлага нь өөр болдог. Ер Монголд хийгдсэн  зүйлийн нэлээд нь Давост анхлан яригдсан байдаг.

-Давос-2017 форумд дэлхийн технологийн чиглэлийн том компаниуд ирсэн байна. Өчигдөр гэхэд IBM-ийн захирал хиймэл оюун ухааны чиглэлээр том танилцуулга хийлээ. Ирэх гуравдугаар сард IPO хийхээр төлөвлөж байгаа Snapchat компанийнхан багаараа Давост ирчихсэн топ хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийн шинжээчдэд компаниа зөвөөр ойлгуулах гээд хичээж байх шиг байна. Хэвлэлийнхэн ч үүнийг анхааралтай ажиглаж байна. Та энд Давост Хятадын “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Матай уулзсан гэсэн. Хэвлэлийн төв дээр CNN, Ройтерс-ийн сэтгүүлч “танай Ерөнхийлөгч Жак Матай уулзсан гэж хэлж байхыг сонслоо. Энэ уулзалтынхаа талаар яриач?

-Форумын эхний өдөр болсон албан бус уулзалтын үеэр IBM-ийн захирал яг миний хажууд сууж таарсан. Тэгээд Трампын бодлого, татварын асуудал, технологийн чиглэлээр сонин сонин зүйл ярьсан. Ийм маягаар бид хаана ч очоод уулзах бараг боломжгүй хүмүүстэй зэрэгцээд суудаг, зүс царайгаараа танигддаг нь их чухал. Форумын эхний өдөр Клаус Швабын зохион байгуулсан 400 гаруй хүн ирсэн хүлээн авалтын үеэр би Жак Матай уулзсан. Жак Ма Монголд хоёр удаа ирсэн. Монголын талаар эерэг, их сайн ойлголттой хүн байна лээ. Монголд дэлхийд танигдах бүтээгдэхүүнүүд хийж байна, үүнийгээ танай сүлжээгээр оруулъя, Монголд мэдээллийн технологийн олон компани гарч ирж байна, танай компанид ажиллах хүсэлтэй залуучууд байна, энэ чиглэлээр хамтарч ажиллая гэхэд маш дуртай хүлээж авсан. Иймэрхүү яриа энд Давост өрнөөд цаашаа ажил болж явдаг. Өнөөдрийн байдлаар би 10 гаруй орны төр засгийн тэргүүнтэй уулзчихаад байна. Энд ирсэн дэлхийн санхүүгийн том байгууллагын хүмүүстэй уулзлаа. Бизнесийнхэн байна. Эдгээр хүнтэй уулзаад санаа оноогоо ярилцаад, Монголын талаар мэдээлэл өгнө гэдэг бол том боломж.

-Жак Ма бол Хятадын Билл Гэйтс, Хятадын Стив Жобс. Хятад бол манай хамгийн ойрын том зах зээл. Өнөөдөр хэвлэгдсэн Wall Street Journal-ийг харахад Жак Ма нэлээн олон онцлох эшлэл хэлсэн байна лээ. “Бид Азийн хөдөө аж ахжйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулна, Азийн контентийг дэлхийн түвшинд гаргана гэж хэлсэн байна. Дэлхийн том компаниуд, тэр дундаа АНУ төвтэй компаниуд Хятадын хөтөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн тэсрэлтүүдийг хүлээж байна. Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байна, хөрөнгө оруулалт дутаж байна гэдэг. Бид өөрсдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, контентоо “Алибаба” компанитай хамтраад бодитой ажил болгох боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу?

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп Жак Маг уриад уулзсан. Хэдийгээр АНУ өөрөө технологийн чиглэлийн том компаниудтай ч АНУ-д хөрөнгө оруулалт хийгээч гэж Трамп хэлсэн байсан, тэр дагуу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байна лээ. “Алибаба” бол зөвхөн Хятадын биш дэлхийн хэмжээний сүлжээ боллоо. Ийм сүлжээтэй, асуудлаа өөрөө шийддэг ийм хүнтэй харилцаа тогтоогоод ажиллах бол Монголын хувьд чухал.

-Давост ирсэн гадаадын олон сэтгүүлч “Монголын үдэш” болох уу, та нар Монголоос чулуу авч ирж хоол хийдэг гэж сонссон байсан. “Монголын үдэш” олон хүнд сэтгэгдэл үлдээсэн байсан. Та Жак Маг энэ үдэшт урьсан уу?

-Би урилга өгсөн. Ирэх байх.

-Энэ жилийн форумын топ сэдэв бол яах аргагүй Си Жиньпин даргын илтгэл байлаа. Илтгэлдээ Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын талаар бас дурдсан байсан. Торгоны замын чиглэлийн том амбицаа глобальчлал гэдгийн дор багтааж илэрхийллээ.  

-Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна. Хятадын имижийг дэлхий нийтэд эергээр гаргахад Си Жиньпин даргын үг нөлөөллөө. Си Жиньпин хэд хэдэн тоо хэлсэн нь их сонин сонсогдлоо. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг хөгжиж буй орнууд бүтээж байна. Энэ 80 хувийнхаа 30 хувийг Хятад дангаараа бүтээж байна гэж. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхөө удирдагчаар бахархаж суулаа.

-Давосын хүрээнд болдог уулзалтуудын ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Өмнө нь бид уулзах хүмүүсийнхээ араас явдаг байсан. Харин одоо бидэнтэй уулзах гэж хүмүүс бидний араас явдаг болсон байна. Энэ бол Монголын нэр, Монголын имиж Давост сайн гарч чадсаны илэрхийлэл.

-Давос анх үүсэхдээ төр болоод хувийн хэвшлийн хоорондын яриа хэлцээний түшиц бааз байсан. Зөвхөн эдийн засгийн асуудал хөндөгддөг байсан. Одоо харин өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн харилцаа ч өөрчлөгдсөн. Та сүүлийн найман жил энэ чуулга уулзалтад оролцсон. Анхны үетэйгээ харьцуулахад ямар өөрчлөлт байна вэ?

-Жил болгон шинэ сэдэв гарч ирдэг. Монголд ч адилхан. Өдөр болгон дэлхийд том том уулзалт, хурлууд болж байна. Гэхдээ би Ерөнхийлөгчийн хувьд Монгол улс хоёр том арга хэмжээнд байнга идэвхтэй оролцож байя гэж боддог. Нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган. Нөгөөх нь Давосын Эдийн засгийн чуулга уулзалт. Мэдээж бид бүх арга хэмжээнд оролцож чадахгүй. Жишээ нь, энэ хавар Мюнхенд аюулгүй байдлын чиглэлийн хамгийн том хурал болно. Аюулгүй байдлын чиглэлээр болдог хамгийн том арга хэмжээ. Энэ хуралд оролцох урилга надад ирсэн. Азийг төлөөлөөд илтгэгчээр оролцооч гэсэн. Бид харж байна. Тэр хуралд оролцогч нь хэн байхав. Магадгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирнэ гэвэл тэр хуралд монголчууд оролцох хэрэгтэй. Сонголтоо хийх хэмжээнд Монгол очсон. Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.

-Энэ удаагийн Давосын форум бол таны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн уулзалт. Тэгэхээр цаашид монголчууд энэ дэлхийн эдийн засгийн гэр бүлийн гишүүн болсон байр сууриа яаж хадгалах вэ? Залгамж халаа нь юу байх вэ?

-Тийм. Энэ бол миний Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн чуулга уулзалт. Энэ тогтоосон сайхан харилцаагаа үргэлжлүүлж авч явна. Энд нэг нууц задалъя. Сая би Шваб гуайтай уулзаад ирэх долдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууна, өнгөрсөн найман жил намайг урьсанд баярлаж байгаагаа илэрхийлээд энэ байгууллагын зорилгын төлөө монголчууд боломжоороо хичээж оролцсоноо хэлсэн. Давосын үйл ажиллагаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэлдэг гэдгийг ноён Клаус Шваб хариуд нь хэлсэн. Шинэ нөхцөл байдал монголчуудтай яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцъя гэдгээ хэлсэн. Шваб гуай их сонин санал оруулаад сайхан юм хийх гэж оролдсон байна лээ. Үүнийг сонсоод надад их сайхан санагдсан. Гэхдээ тэр саналыг  Дэлхийн эдийн засгийн форумын Удирдах зөвлөл шийднэ гэдгээ хэлсэн. Энэ Удирдах зөвлөл бол бодлого тодорхойлдог газар. Тийшээ орно гэдэг бол өндөр шалгууртай. Тийшээ орно гэдэг Монголчууд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг. Эдийн засаг хүнд байна гээд бид энэ удаад оролцохгүй байж ч болох байсан. Гэвч нэгэнт эхэлсэн ажлаа нэр төртэй дуусгаад, сүүлийн форумдаа бүр их ач холбогдол өгч оролцох учиртай. Тиймээс ч энэ удаа би хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өмнө нь Давосын форумын үеэр би сэтгүүлчдэд ийм ярилцлага өгч байгаагүй.     

-Танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40128
0 эможи
keyboard_arrow_up