“Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

2016 оны 12 сарын 22

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

 

Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулсан юм. Үдээс өмнөх урлыг Монгол Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа даргалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр,  Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн,  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Монголчууд Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ба БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг эрэн мэндчилье.

Манай ард түмэнд өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал явдлын нэг бол эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт үйл явдал бөгөөд энэ түүхэн үйл хэрэгт монгол газар нутагт үе үе хүч түрэн гарч байсан Монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл, монголчуудын улс үндсээ гэсэн алтан ургийн уламжлалт хэрсүү бодлого онцгой үүрэгтэй байсныг юуны өмнө тэмдэглэе.

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ түүх бол монголчууд бусдын хүч түрсэн түрэмгийллийн эсрэг бараг гурван зуун дараалан төр улсынхаа уламжлалт бодлого, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэж ялан мандсан хамгийн урт, баатарлаг тэмцэл гэдгийг түүх харуулж байдаг.

Монголчуудын эрх чөлөө бие даасан байдлын амин сүнс болсон төр улсаа аюулгүй байлгаж, асар их үнэ, цаг хугацаагаар олдсон тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах нь батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний хэнтэй ч, хэзээ ч, юугаар ч хуваалцахгүй ариун үүрэг юм.

Монголчууд өдгөөгөөс 105 жилийн тэртээ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр,  төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон онцлогтой. Тэр түүхэн цаг үеэс хойш манай батлан хамгаалах бодлого Монгол төрийн байнгын түшиг, соргог манаа нь болж үеийн үед энэ үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн, уламжлалт бодлогын нэг байсаар иржээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго бол туулж өнгөрүүлсэн түүхээ эргэн харах, одоо болоод ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн авч явах гарц, шийдлийн талаар эрдэмтэн судлаачдын саналыгг өргөн олонд хүргэх, эх түүхээ хойч үедээ сурталчлан таниулахад чиглэж байгаа юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны гурван үеийн төлөөлөл оролцож тусгаар тогтнолын ач холбогдлын талаарх өнө эртний түүхэн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг ярилцан хэлэлцэж байгаа нь онцлог болно. Мөн энэ хурал Монгол Улсын буурал түүхийн түмэн нугалаат, ээдрээт үеэс өнөөгийн тусгаар тогтносон ардчилсан эрх чөлөөт, бүрэн эрхт улс болж чадсан, цаашид тусгаар тогтнолоо эрхэмлэн хадгалж хөгжин цэцэглэхэд батлан хамгаалах бодлогын ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, дэлхий нийтийн жишиг хандлага зэрэг олон сонирхолтой сэдвээр үр дүнтэй,  ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэдэгт итгэж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авчирсэн өвөг дээдсийн нандин уламжлалыг залгамжлан  явах нь иргэн бүрийн тэр тусмаа батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нэн тэргүүний эрхэм үүрэг юм.

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ба БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.Баярлалаа” гэлээ.

Үдээс өмнөх хуралдаанаар  “Үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу”, “ХХ зууны Монголын геополитикийн орчин: Морины нүүдэл”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ, батлан хамгаалах бодлогын ач холбогдол” зэрэг сонирхолтой сэдвүүдээр эрдэмтэд, судаачид илтгэл сонсгосон юм.

Үдээс хойших хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр даргалан хийлгэлээ.

Уг хуралдаанаар “Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улсын хил тогтоосны ач холбогдол”, “Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх талаар батлан хамгаалах бодлогын чиг хандлага”, “Тусгаар тогтносон улсын батлан хамгаалах бодлого, түүнд тавигдах шаардлагыг хангах арга”, “Батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд иргэний оролцоо, иргэнийг бэлтгэх зарим арга зам” зэрэг сэдвээр илтгэл сонсч, хуралд оролцогчид дээрх сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийллээ.

Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд хурлаас гарах арга зүйн зөвлөмжийн төслийг хэлэлцсэн юм.

Зөвлөмжид Монголчуудын түүхийн урт хугацааны туршид тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн болон алдаж онож байсан түүхэн сургамжид дүгнэлт хийж, эв нэгдэл, эв эеийг эрхэмлэх залгамж чанарыг хадгалж байсан бодлогыг баримтлах, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний тухай багц хуулиудыг дагалдан гарах бусад хууль, журам, заавар, дүрмүүдийг шуурхай гаргаж баталгаажуулж мөрдөх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын орчинг олон улсын ба бүс нутгийн цэрэг, улс төр, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан бэхжүүлэх бодлогыг барих зэрэг хэд хэдэн асуудлуудыг тусгахаар болов.

 


 




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39257
0 эможи
keyboard_arrow_up