“Тогтвортой хөгжлийн зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Тус хуралд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, ХНХ-ын Дэд сайд С.Мөнгөнчимэг, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн болон бусад төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий холбогдох албаны хүмүүс оролцов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”-ны тэргүүн С.Сэлэнгэ, “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн дарга Ц.Ганчимэг, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч А.Энхбаатар, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл нарын төлөөлөл оролцсон юм.
Дэлхий дээр эдүгээ нэг тэрбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 650 сая нь Ази тивд амьдарч байна. Үндэсний статистикийн хорооны 2015 оны тайланд Монгол Улсад нийт 101.730 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа талаар дурджээ. Үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн 34 хувь, олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн 64 хувийг тус тус эзэлж байна. Харин хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд авч үзэхэд хөдөлгөөний бэрхшээл 19 хувь, сэтгэцийн бэрхшээл 17 хувь, бусад хэлбэрийн бэрхшээл 31 хувийг эзэлдэг аж.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлийн тохиолдож буй хэлбэрүүд өөрчлөгдөж байгааг хурлын үеэр мэдээллээ. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд, ажил, амьдралын стресс бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, буруу зан үйл, архи, тамхинд донтох зэргээс хамаарч байгаа аж. Мөн зам тээврийн осол, аюулгүй байдлын үйл ажиллагааны алдагдлаас хамаарсан гэмтэл ихэсч байгаа гэв. Тухайлбал, нийт хөдөлгөөний бэрхшээлтэй болсон иргэдийн 70 хувь нь осол гэмтлээс болсон олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.
Иймээс иргэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв хэвшлийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаануудыг тогтмолжуулан, зөв хэвшил болгох нь чухал юм.