“Ерөнхийлөгч.мон” гэсэн монгол домэйн нэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудасны Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn цахим хуудсанд хандах боломж бүрдэж байна.
Монголд анх удаа интернэт хаягийг эх хэлээрээ, монгол кирилл үсгээр ашиглах үйлчилгээг Датаком ХХК нэвтрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь монгол хэл дээрх интернэт хаягийн анхны хэрэглэгч болсон тул Датаком ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч.мон хаягийг хэрэглэх № 01 тоот батламжийг Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулан өглөө.
Батламж гардаж аваад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:
“Монгол Улсад өнөөдрийг хүртэл интернэт хэрэглэхдээ заавал англи үг, латин үсгээр хандаж ирсэн. Өнөөдөр та бүхний хүчин чармайлт, бидний хүсэлтээр иргэд төр, засгийнхаа цахим хуудас руу кирил монгол үсгээр бичиж хандах боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэ мөчөөс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ, Засгийн газар, төр, засгийн бусад байгууллагуудын цахим хаяг руу иргэд монгол хэлээрээ хандаж бодлого, үйл ажиллагаатай нь танилцах, санал бодлоо илэрхийлэх боломж хэдэн арав дахин нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ 2014 он дуусахад төр, засгийн бүх байгууллага, үйлчилгээ, аж ахуйн бусад байгууллагуудын цахим хуудас монгол кирил үсгээр харилцагч, хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжтой. Мэдээллийн технологийн дэвшлийг төр, засгийн бодлого, шийдвэрийг түмэн олонд сурталчлахад ашиглан шинэ гүүр, шинэ боломж олгож байгаа та нарт их баярлалаа” гэлээ.
Эхний ээлжид төрийн болон Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байгууллагууд, MN домэйн нэрийн хэрэглэгчдийн интернэт хаягийг монгол хэлээр бүртгэсний дараа 2014 оны аравдугаар сарын 15-аас уг үйлчилгээг хувийн байгууллага, олон нийтэд нээлттэй болгох юм байна.