Ц.Элбэгдорж: Шүүх иргэддээ нээлттэй болохыг нээлттэй нийгэм гэж байгаа юм

2016 оны 10 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлуудаар ярилцсан юм.

Төрийн тэргүүнийг Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд хүрэлцэн ирэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийн хамт угтан авч мэдээлэл, лавлагааны хэсгийн үйл ажиллагаатай танилцууллаа. Нийслэлийн бүх шатны шүүх онлайнаар шүүх хуралдаанаа хийж,  дуу, дүрс бичлэг нь архивлагдан хадгалагддаг болсон байна. Түүнийг дахин үзэх, хуулбарлаж авах эрх иргэдэд нээлттэй гэдгийг Н.Лүндэндорж дарга хэлж байв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хийгдсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх хуралдааныг цахимжуулсан нь хуралдаан цагтаа эхэлдэг, сэжигтнүүдийг ийш тийш зөөвөрлөх шаардлагагүй болсон зэрэг олон дэвшилтэт сайн талуудтай болсныг онцлов.

Давж заалдах шатны шүүхийн олон нийтийн хэсэгт өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөл, сэтгүүлчид шүүх хуралданы явцыг шууд хардаг юм байна. Мөн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэн шүүх хуралдаанд оролцвол дохионы хэлний орчуулагч ажилладаг ажээ.

Давж заалдах шатны шүүхэд өргөдөл ирэхэд шүүгч нар руу тусгай программаар автоматаар хуваарилагддаг болсон байна. Мөн Шүүх хуралдааны үйл ажиллагаа нийтэд нээлттэй болсон нь шүүхийн шинэчлэлийн давуу тал болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа. Шүүх гурван хаалгатай болсон, нэгээр нь хохирогчид, нөгөөгөөр шүүх бүрэлдэхүүн, гурав дахь хаалгаар олон нийт, сэтгүүлчид ордог болжээ.

Уг шүүх нь 1927 онд Улаанбаатар хотын шүүх нэртэй байгуулагдаж 2013 оноос шүүхийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх болон өөрчлөгджээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүх хуралдааны жишиг танхимд шүүгчидтэй уулзаж, тэдэнд хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчид, ажилтнууд, хууль хяналтын байгууллагынхан энд өргөнөөр оролцож байна.

Шүүхийн тухай багц хууль хэрэгжээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж  байна. Өнөөдрийн бидний ярих асуудал бол Монгол Улс даяар шүүх эрх мэдлийн байгууллагад явагдаж байгаа өөрчлөлтийн маш багахан хэсгийн тухай юм. Үүнийг бүгдийг ярих боломжгүй.

Энд гарсан нэг дэвшил нь гадаад, дотоодын олон улсын бие даасан судалгаа их гардаг. Монголд шүүхийн шинэчлэл хэр явж байна.  Шүүхийн хараат бус байдал нь хэр явж байна. Иргэдийн зүгээс шүүхэд итгэх итгэл хэр нэмэгдэж байна гэж судалдаг.

2008-2009 оны үед авч байсан судалгаагаар шүүхэд итгэх итгэл 20 орчим хувь байсан бол одоо хараат бус судалгаагаар энэ хувь 3 дахин нэмэгдсэн. Ойролцоогоор 50-60 хувьтай, 60 хувь дээр эргэлдэж байгаагаас энд явж байгаа ажил үнэхээр үр дүнд хүрч байна гэдэг нь харагдаж байна.

Хоёр дахь сайн зүйл бол ямар учраас шүүх эрх мэдлийн хүрээнд хийсэн шинэтгэл амжилтттай явж байна вэ гэхээр хамгийн гол нь миний ойлгож байгаагаар ойлголцол байна.

Ард иргэдийн зүгээс “Хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй байна. Энд хийх ажил байна” гэж маш их хүсэлт тавьж,  ярьдаг байсан. Социализмын үед 70 жил бид энэ замаар явлаа. Одоо нээлттэй нийгэмд ороод 26 дахь жилдээ явж байна. Иргэдээс гарч байгаа энэ санал их чухал байсан. Миний харж байгаагаар хамгийн гол амжилт бол ард иргэд, шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын ойлголцол их сайн байлаа.

УИХ, хууль тогтоогчид, шүүхийн байгууллага, Ерөнхийлөгч гэсэн ойлголцолд бид нэг түвшинд хүрч чадсан учраас бидний ажил их сайн явж байгаа.

Шүүхийн шинэтгэлийг хийхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, хэргийг илрүүлэхийн төлөө явдаг хуулийн байгууллагынхан байгаа. Энэ амжилтын хамгийн гол алхам нь хүмүүсийн бодитой үйл ажиллагааны үр дүн юм.

Монгол Улс амжилтаасаа цааш ухрахгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ амжилт зөвхөн шүүхийнхний юм уу, аль нэг улстөрчийн юм уу, аль нэг улс төрийн байгууллагын амжилт биш болсон. Энэ ард иргэдэд хүрчихсэн.

Шүүх, шүүхийн танхимаар ороод ирэхэд манай шүүх иргэдэд үйлчилдэг болжээ. Ямар сайхан болсон юм бэ. Нээлттэй болсон байна. Бидний ойлгодог байсан, өмнө нь орж байсан шүүхийн байгууллагаас энэ байгууллага өөрчлөгджээ гэсэн ойлголт иргэдэд бий болсон.

Малыг хувьчлаад өгчихсөн. Эргүүлээд нэгдэл байгуулах боломжгүй гэдэгтэй адилхан хүн эрхээ мэдээд, эдлээд эхлэхээр тэр амжилтаас буцах аргагүй болж байгаа юм.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд шүүхийн захиргааны байгууллага, шүүн таслах үйл ажиллагаа хоёрыг салгасан. Манай ард  иргэд тэр бүр ойлгодоггүй. Өмнө нь захиргааны байгууллага, шүүн таслах үйл ажиллагаа нь нэг байсан. Ерөнхий шүүгч нь шүүгчийнхээ асуудлыг шийдэх, цалин мөнгө, томилгоо, шалгаруулалт гээд бүх юм нь шүүх дээрээ нэг хүний удирдлагад явдаг байсан бол одоо салгасан нь амжилт болсон гэж харж байгаа. 

Энэ үйл ажиллагааг бид улам цааш нь боловсронгуй болгож явах шаардлага гарч ирж байгаа. Сонгуулийн дараа төрийн бүх байгууллага дээр халаа солио явж байгаа. Сонгууль боллоо гээд шүүх эрх мэдлийн хүрээнд, ялангуяа шүүгчдийн хүрээнд ажлаасаа халагдах зүйл байхгүй болсон. Энэ бол баталгаа бий болсны сайн тал харагдаж байгаа юм. Энэ чиглэлд төрийн байгууллага, шийдвэр гаргадаг бүх хүмүүс нэгдмэл байр суурьтай болсон. Шүүгчдээ халаад явуулаад эхлэх юм бол энэ улсад залгамж чанар байхгүй болно.

Тэгэхээр төрийн залгамж чанар хаана тогтож явах нь вэ гэвэл эцсийн цэг нь шүүх дээр байна. Уг нь энэ залгамж чанар, мэргэшсэн төрийн алба гэдэг ойлголт төрийн бүх байгууллагад явж байх ёстой юм.

Бид шүүхийн байгууллагагаасаа үлгэр жишээ авах хэмжээнд хүрсэн байгаа нь их зөв хэлбэр юм. Шүүгчдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд шүүгчдийнхээ цалин хангамж, нийгмийн асуудлыг шйидэх ажлыг шат дараалан шийдэх гэж оролдож байгаа. Эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа нөхцөл бий. Гэхдээ олон хүний цалинг шийддэггүй юм гэхэд хүний хувь заяаг шийддэг, хүний хувь заяанд хамгийн гүнзгий оролцох боломжтой шүүгчдийнхээ хариуцлагын асуудалд анхаарч, цалинг шийдье гэсэн.

Сая УИХ дээр хэдий хүнд байсан ч гэсэн цалин, нийгмийн асуудлыг хөндөхгүйгээр цааш явъя гэсэн нь улс төрийн хувьд, хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч иржээ гэдгийг харуулж байгаа нэг сайн хэлбэр юм гэж бодож байна.

Дээр нь манай шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Шүүх хурлын дараа, өмнө нь ч юм уу, тодорхой асуудлаар шүүгчид нөлөөлөх гэж оролдсон, шүүгчдийн хараат бус байдлыг бууруулах гэсэн оролдлого байвал заавал тэмдэглэж үлддэг, нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Хуульд бүр зааж өгсөн байгаа. Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэгт орсон, тэр нь баримтжсан байх юм бол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцдог хэлбэр рүү орж байгаа.

Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлөөд байна. Өндөр албан тушаалтай хүмүүс нөлөөлөөд байна. Мөнгөтэй хүмүүс нөлөөлөөд байна гэдэг ойлголтоос, ийм боломжоос салгах гэж оролдож, бид энэ нөлөөллийн мэдүүлгийг нэг хэрэгсэл болгож оруулсан юм.

Шүүгч иргэдэд нээлттэй болж байгаагийн нэг сайн тал нь сая бид харлаа. Их олон зүйл дээр шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байгаа.

Би нэг зүйл хэлээд байгаа. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг юм. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн үүнийг сайн ойлгодоггүй. Юу гэсэн үг вэ. Шүүх чинь хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ гэдэг.

Хууль зөрчөөд, шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо 3 сая хүнтэй харьцуулж үзэх юм бол маш цөөхөн хувь нь, магадгүй, ихэсгэж хэлбэл 10 хувь нь л ийм асуудал гаргаж орж ирдэг. Хууль зөрчсөн буруу хүмүүстэй хариуцлага тооцож байна, асуудлыг шийдэж байна гэдэг бол ард иргэдийн үлдсэн 90 хувийн эрхийг шүүгчид хамгаалж байгаа хэлбэр юм. Ийм ойлголт үүгээр бэхжиж байгаа юм.

Шүүхийн хаалгаар орж ирээд л иргэдийн өргөдлийг авдаг, шүүхийн хаалгаар нэг ядарсан иргэн ороод ирэхэд наад зах нь суух сандалтай, шууд хүлээж аваад уулзчих хүнтэй болсон нь их чухал юм. Шүүх дээр ийм шийдвэр гарлаа, төрөл садан, хүүхдийнх нь асуудал шийдэгдлээ гэхэд энэ шүүх хурал дээр юу яригдсан юм. Юу болсон юм. Энэ материалыг татаж авъя. Үүнтэй би танилцъя гэхэд видеогоор танилцах боломжтой. Шууд цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь их чухал юм. Энэ эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүхийг бид зөвхөн цалингаар дамжуулж хариуцлагатай болгож байгаа биш, иргэдэд нээлттэй болгосон нь хариуцлагыг нэмэгдүүлэх маш чухал хэлбэр болсон.

Шүүхийн шийдвэр бичигдэж байна. Шүүхийн тэмдэглэл хөтлөгдөж байна гэхэд л энд оролцож байгаа хүмүүс, шүүгчдийн ширээн дээр тусгай дэлгэц байрлуулсан байгаа. Шүүхийн тэмдэглэл хөтлөгдөөд явж байхад энд оролцож байгаа хүмүүс давхар хараад байж байдаг. Тэр нь цаасан дээр, видео дээр бууна. Ганц энэ ажлыг дурдахад л маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа.

Шүүх хурал болж байхад бүх хүнийг шүүх танхимд авч ирэх аргагүй. Зарим нь хорих байгууллагад байж байдаг. Манайхан дээр үед Ганц худаг гэж нэрлэдэг байсан 461 дүгээр ангид одоо эрүүгийн шүүх хурал болж байна. Тэгэхэд 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа иргэн тэндээсээ шүүгчийн асуултад өөрөө оролцоод хариулаад, хараад, мэдүүлгээ өгөөд сууж байна.  Энэ бол маш том дэвшил.

Монгол Улс уудам газар нутагтай. Хөдөө орон нутгаас шүүхийн гэрч ч юм уу, тодорхой хүмүүс шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй байгаа бол техникийн дэвшлийг ашиглаад шууд шүүх хуралдаа оролцоод, асуух тодруулах зүйлээ өгдөг болчихсон. Энэ нь их чухал харагдаж байгаа.

Манай хэвлэлийнхэн бас харсан байх. Шүүх илүү хүнлэг, хүндээ ойртож байгаа. Сонсгол муутай, хэлж ярьж чаддаггүй хүмүст дохио зангааны багшийг нь хүртэл аваад ирсэн. Шүүхээс манай шүүх хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож байгаа гэхэд дохио зангааны багш нь суугаад ойлголцоод ярилцдаг болсон. Шүүх илүү хүнлэг, хүн рүүгээ хандсан ажил шүүх байгууллага дээр их хийгдэж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

Мөн зөвхөн шүүхийн танхимд хэрэг тасалдаг биш, бараг дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлаа шийддэг болсон. Энэ нь их чухал болсон гэдэг нь харагдаж байгаа.

Би хэвлэлээс харж байсан. Шүхэд гарч байгаа олон өөрчлөлтийн талаар ард иргэд ярьдаг. Нэг малчин ярьсан байсан. ”Би уул уурхайн асуудлаар маргаан үүсээд, шүүх дээр очоод би яллаа. Манай шүүх ямар шударга болсон юм бэ. Их мөнгөтэй компанийн захирлын талд биш, малчин миний талд, миний эрхийг баталгаажуулж шийдэж өглөө шүү дээ” гэж шүүхээр асуудлаа шийдүүлсэн малчин хүн ярьсан байсан.

Үнэхээр хөрөнгө мөнгөтэй, алба ажилтай, албан тушаалтай гэдэг байдалд автдаг хандлага шүүхэд алга болж байгаа. Энэ хариуцлагаа манай шүүгчид ойлгож байгаагийн нэг хэлбэр энд хэрэглэж байна гэж хэлэх гэсэн юм.

Миний харж байгаагаар шүүх дээр гарсан нэг том дэвшил бол Эвлэрүүлэн зуучлах хууль байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах хуулийг хэрэгжүүлсэн хэлбэр бол үнэхээр сайн болсон. Ганцхан иргэний хэрэг дээр л эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явж байгаа. Шүүхээр иргэний хэргээр орж байгаа таван хэргийн нэг нь  эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна гэдэг бол маш том үр дүн байгаа юм. Энэ цаашаа өсөх байх гэж би хандаж байгаа.

Сая шүүхээр орж байгаа эрүүгийн хэргийн тоо цөөрч байгаа гэж дүгнэлтэд гарч байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Тодорхой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй мэдээж уялдаатай байх. Цаашдаа эвлэрүүлэн зуучлахыг захиргааны хэрэг дээр, эрүүгийн хэрэг дээр авч үзэх юм бол их зөв болно.

Сая УИХ-аар өмнө нь батлагдсан алдартай 5 хууль буцлаа гэж хэлээд байгаа. Яг шүүхийн баримталдаг, ажиллах ёстой суурь, шүүхийн шинэчлэлийн агуулга болсон эдгээр хууль батлагдахгүй байна. Ерөнхийдөө бид гэрээ барьчихсан. Бурханаа бүтээчихсэн. Шүншигээ хийж чадаагүй гэдэг шиг юм л болчихоод байгаа юм. Шүншиг нь тэр 5 хууль байгаа юм.

Эрүүгийн хэрэг гэж юуг хэлэх юм. Зөрчлийн хэрэг гэж юуг хэлэх юм. Яг энэ асуудлуудыг яаж шийдэх юм гэдгийг Эрүүгийн хэрэг иргэн хүн дээр үүсэхээс эхлүүлээд бүх үйл явцыг бид хуульчилж өгч байгаа юм. Хуучин бол ганцхан Гэмт хэргийн хуультай учраас бүх хэрэг гэмт хэрэг болоод явчихдаг. Үүнээс ялгаад 340 төрлийн зөрчлийг зааж өгөөд, зөрчлийн хэрэг гээд, тэр нь зөрчлөөрөө шийдэгддэг. Ойлголцоод шийдэгддэг болчихсон. Тийм хэлбэр рүү бид оруулж өгсөн шүү дээ.

Санаандгүй зөрчил хийснийг нь зөрчил гэж үзье. Заавал тэр хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар явуулдаг байсан зүйлийг засах гэж бид Зөрчлийн хуулийг тусад нь гаргаж өгсөн. Эрүүгийн хууль гэхээр яг эрүүгийн гэмт хэрэг гэсэн 240 зүйл анги байгаа. Ингээд ялгаад өгөхөөр би ямар буруу юм хийвэл зөрчил болох вэ. Ямар буруу юм хийвэл гэмт хэрэг болох вэ гэсэн ойлголтыг жирийн иргэд авахад маш сайн хууль болсон.

Хуулийн байгууллагатай байнга холбогдож яригддаг зүйл бол үндэслэлгүй хорилоо, цагдлаа гэсэн асуудал байдаг. Би бол иргэдийг хорьж цагдах талыг үнэхээр эсэргүүцдэг хүн. Ялангуяа мөрдөн шалгах үйл явцын хүрээнд хүмүүсийг хорьж цагддаг явдал баймааргүй байгаа юм. Манай хуулийн байгууллагынханд бас зовлон бий л дээ.  Тусгаарлахгүй бол одоо мэдээлэл, утас, холбоо бүх зүйл хөгжчихсөн болохоор нөгөө хүмүүс хоорондоо үгсдэг, хуйвалддаг, хэрэг илрүүлэх үйл явцад саад учруулдаг. Янз бүрийн мөнгө төгрөгний боломжтой хүмүүс нь түүгээрээ дамжуулаад хэргээс зугтах хамгаалалт болоод байдаг учраас хорьж цагдах зайлшгүй шаардлага гарч ирдэг. Гэхдээ энэ хорьж цагдах үйл явцыг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг Процессын хуульд бид маш сайн оруулсан.

Одоо нэг иргэний эрх зөрчигдлөө, нэг хүн хоригдож цагдагдлаа гэхэд тэр 5 хуулиа баталж өгөөч гэдэг шаардлагыг үргэлж тавьж байх шаардлагатай. Сая УИХ-ын дарга захирамж гаргахдаа тэр 5 хуулийн нэрий гжагсаагаад, энэ намрын чуулганаар батална гэсэн зорилт тавьсан байна лээ. Би хувьдаа түүнийг дэмжиж байгаа. Оруулах шаардлагатай зарим нэг жижиг өөрчлөлтийг оруулаад энэ хуулиа баталчих юм бол агуулгын хувьд манай шүүхийн шинэчлэл 70 хувь руугаа явна гэж би харж байгаа.

Агуулга нь шинэчлэгдэж чадаагүй байгаа шүү. Тэр 5 хуулийг батлуулах тал дээр иргэд, олон нийт ч гэсэн хамтарч ажиллах юм бол нийтийн амжилт болох юм. Эвлэрүүлэн зуучлалаар 7000 хэрэг шийдэгдлээ гэж байна. Цаашдаа тэр хуулиуд гарах юм бол эрүүгийн зарим хөнгөн гэмт хэрэг ч эвлэрүүлэн зуучлалаар ярилцаж тохиролцоод шийдэгдчихээр байгаа. Захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлалт маш их хэрэгтэй хандлага харагдаж байгаа.

Шударга ёсыг бэхжүүлнэ, бий болгоно гэдэг ямар учир утгатай байдаг вэ гэхээр хуулинд юу гэж бичсэн байна, хуулийн дагуу  юу байна, түүний дагуу л асуудал шийдэгдэхийг л нэрлээд байгаа юм. Тэгэхээр түүнийг хийдэг улсууд нь шүүх засаглал юм.

Өнөөдөр иргэдийн амьдралд хамгийн их тулгамдсан асуудал юу байна. Хамгийн их бухимдуулж байгаа юу байна гээд 8 жилийн өмнө асуухад шүүхийн шударга бус байдал, хууль, хяналтын байгууллагын шударга бус байдал гэж хамгийн түрүүнд гарч ирдэг байсан.  Одоо бол тийм зүйл хамгийн дээр нь гарч ирэхээ больсон.

Ажлаас халж байна. Цалин хүрэхгүй байна. Ажлын байр дутуу байна гэсэн нийгмийн шинжтэй асуудлууд дээр нь гардаг. Хууль, шударга ёс, шүүхийн байгууллагатай холбоотой иргэдийн гомдол, санаа зовоож байгаа зүйлүүд нэлээд доошилсон байдалтай харагдаж байгаа. Энэ бол Монголын ард түмний нийтийн ололт юм. Манай төрийн байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн ололт. Нам, улс төр ялгахгүйгээр энэ салбарт ажилласан бүх хүний хувь нэмэр шүү гэдгийг энд хэлье.

Цаашдаа шинэтгэлийн үйл явц үргэлжилнэ. Шинэтгэлийг авч явахад шүүгчид, хууль хяналтынхан хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэж би хэлсэн. Цаашдаа ч ийм үүрэг гүйцэтгэж явах ёстой. Хэдийгээр батлагдах ёстой хуулиуд батлагдаж чадаагүй хүлээгдэж байгаа боловч шүүгчдийн сэтгэл, ажилдаа оруулж байгаа хувь нэмрээр энэ байгууллагын үйл ажиллагаа, энэ салбарт хийгдэх шинэчлэлийн агуулга дахиад шүүгчид дээр, шүүхийн байгууллагад явж байгаа үйл ажиллагаан дээр тулгуурлаж явна шүү.

Бид аливаа шинэчлэлт, өөрчлөлтийг их хялбараар хараад байдаг юм. Үүнийг хялбараар харах боломжгүй. Багахан хүндрэлтэй тулгарахаараа түүнээсээ буцдаг, няцдаг. Ийм байдал харагдаад байдаг. Тийм зүйл ерөөсөө байж болохгүй гэдгийг би энд нэмж хэлье.

Шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр ирсэн нь чухал байлаа. Шүүхийнхээ байгууллагатай манай төрийн байгууллагууд бүгд танилцаж баймаар байгаа юм. Зөвхөн Ерөнхийлөгч нь явж үздэг биш, УИХ-ын гишүүд ирээд танилцаад явж байдаг, гүйцэтгэх засаглалын байгууллагын хүмүүс танилцдаг. Аймгийнхаа шүүхтэй Засаг дарга нь юм уу, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь ирээд танилцдаг. Дүүрэг дээрээ очоод үзэж байдаг. Юу нь болж, юу нь болохгүй байна гэдгээ ярилцдаг, хамтарч ажиллаж, дэмжлэгээ үзүүлдэг, энэ хэлбэр ццаашдаа явмаар байгаа юм. Дээрээс нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үздэг.

Зөвхөн Ерөнхийлөгч ирэхээр олноороо цугладаг биш, хэвлэл мэдээллийнхэн, шүүхийн шинэтгэлээр мэргэшсэн хэвлэлийн ажилтнуудтай болоод, энэ чиглэлийн үйл ажиллагааг сурталчлаад, ярилцдаг байя. Амжилтаа түрүүлж ярих биш, хийх ажил юу байна. Алдаа дутагдал юу байна гэдгээ олж харж чадвал энэ шинэтгэл цаашаа урагшлаад явна.

Бид нэг зүйлд санаа тайвширч болохгүй. Сая шүүхийн шинэтгэлийн үйл явц төгс төгөлдөр болж чадаагүй гэж байна. Хэзээ ч төгс төгөлдөр зүйл байхгүй. Манайхан тэгж ойлговол буруу болно. 100 хувьд хүргэнэ гэж хэзээ ч байхгүй. 100 хувь руу , сайжрах руу дөхнө үү л гэхээс биш, хэзээ ч төгс төгөлдөр зүйл байхгүй. Хамгийн өндөр хөгжилтэй улс оронд ч гэсэн шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ийм хүндрэл, асуудал байна гээд ярьж л байдаг. Энэ бол үеийн үед л яригдах болно.

Бидний барьдаг зарчим бол бидний үед шийдчих боломжтой асуудлаа л шийдэх хэрэгтэй. Дараагийн үедээ ачаалал болгож  өгмөөргүй байгаа юм. Аливаа хүндрэлтэй асуудал, өнөөдөр шийдчих боломжтой юмыг хойш тавилгүйгээр шийдээд явъя. Дараа дараа үед х

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37185
0 эможи
keyboard_arrow_up