Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2016 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнгийн хайрын төгөлд мөнх ногоон гацуур мод тарилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон мөн цэцэрлэгт бор голч, монос гэсэн хоёр төрлийн мод тарьцгаасан юм. Мөн Төрийн тэргүүнийг мод тарьж байх үед гэрлэлтээ бүртгүүлж байсан Г.Баярсайхан, Ж.Оргилмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 9 дүгээр сарын 1-нд теле хичээл заах үеэрээ сурагч хүүхдүүдтэй хамт мод тарихаа амласан юм. Тэр ёсоор тус хичээлд оролцсон Нийслэлийн ерөнхий боловсролын 1,45, 18, 115 дугаар сургууль, “Шинэ эрин”, “Шинэ үе” цогцолбор сургууль, Эрдэнэтийн орос сургуулийн сурагчдын төлөөлөл ирж мод тарилцлаа.

Энэ өдөр Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой тохиож байгаагаараа онцлог байсан юм.

Мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Хавар, намар хоёр мод тарьдаг өдөртэй болгож зарласнаас хойш албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр 9,8 сая мод тарьсан байна. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь, түүнээс ч илүү тоогоор оролцсон байна.

Нэг сайн зүйл бол сүүлийн үед тарьсан модны ургалт нэмэгдэж байгаа. Ургалт 70 хувьтай гэдэг бол сайн. Сүүлийн үед тарьсан модны ургалт нэмэгдэж байгаа нь хоёр хүчин зүйлээс шалтгаалсан. Нэгдүгээрт, эзэнжүүлэх чиглэлд нэлээд анхаарч байгаа. Модыг тариад орхих биш эзэнтэй байлгаж байгаа. Дараагийн нэг арга нь модонд бар код тавьж байгаа. Нэг үгээр хэлбэл бид малаа имнэдэг, тамгалдаг шиг модоо эзэнжүүлж байгаа нь их сайн болж байгаа.

Өнөөдөр Гэрлэх ёслолын ордны орчинд мод тарьж байгаа нь нэг талаараа их бэлгэдэлтэй юм. Хосууд гэрлэхдээ, хүүхдүүд сургуулиа төгсөхдөө бүх төрлөөр мод тарьдаг уламжлалыг сэргээвэл их зөв болно гэж би хувьдаа бодож байгаа.

Нэг мод тарихад их буян болдог. Юугаараа буян болдог вэ гэхээр тэр модыг тойроод асар их амьтан амьдардаг. Нөгөө талаас нэг модноос гарч байгаа хүчилтөрөгч, бороо хурын шим энэ бүхнийг тооцоод үзвэл жилд бараг 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт энэ ногоон байгууламж, энэ амьдралд орж байдаг гэсэн тооцоо байдаг.

Энэ үйл ажиллагаа цаашаа улам хүрээгээ тэлж өргөжөөсэй гэж бодож байна. Мод тарих үйлсэд оролцож байгаа нийт хүмүстээ баяр хүргэе” гэлээ.

Мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэрлэх ёслолын ордонд зочлов. Гэрлэх ёслолын ордны ерөөлч Төрийн тэргүүнийг хүндэтгэн ерөөл айлтгалаа. Үүний дараа Төрийн тэргүүн тус ордын хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм. Уг дэвтэрт эрхэм хүндэт зочид болон алт, мөнгөн хуримаа тэмдэглэж удаан жил хамт амьдарсан хосууд 1991 оноос хойш гарын үсэг зурж, сэтгэгдлээ үлдээж ирсэн юм байна.

Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим зүйлийг сонирхуулан ярилаа. Тэрээр хэлэхдээ “Энэ жил Хуримын ордон байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Би Хуримын ордонд нэг л удаа орж ирсэн. Хурим хийгээгүй. Зүгээр л бүртгүүлэх гэж Болормаа бид хоёр орж ирж байсан. Түүнээс хойш 30 жил болсон байна. Тэгээд өнөөдөр 30 жилийн дараа орж ирлээ.

Энэ жил 40 жилийнхээ ойг тохиолдуулаад гэрлэж байгаа хосууддаа зориулж 40 мод тарьж байгаа юм байна. Жил бүхэн мод тарих өдрөөр гэр бүлээ батлуулсан хосууд энд мод тарьж байх ийм үйл ажиллагаа болж байгаа юм байна. Баярлалаа” гэлээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37100
0 эможи
keyboard_arrow_up