Ц.ЭЛБЭГДОРЖ: Улстөрч дараагийн сонгуулиа боддог, Төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог

2016 оны 10 сарын 10
 

“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Сэтгүүлчидтэй хийх уулзалтаа албан ёсоор нээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхний амгаланг айлтгая. Уулзалтыг асуулт, хариулт хэлбэрээр явуулсан нь дээр байх гэж бодож байна. Асуултад ямар нэгэн цензур хориг байхгүй. Та бүхэн чөлөөтэй асууж болно. Олон хэвлэл мэдээллийн хүмүүс ирсэн байна. Тиймээс бусдыгаа хүндэтгээд нэг хүн хоёр асуулт тавих гэх мэтээр явбал олон хүмүүс асуулт тавих боломж гарах байх гэж найдаж байна. Өмнө нь хэвлэлийнхэнтэй уулзаж байсан. Тэр цагаас хойш нэг л том өөрчлөлт гарлаа шүү дээ. Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, Монгол улсын гүйцэтгэх эрх мэдэл нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд тайван замаар, сонгуулиар шилжсэн байгаа.

Асуулт богинохон байвал зүгээр байна. Нэг өгүүлбэрт багтаагаад манай сэтгүүлчид асуух байх гэж бодож байна. Уулзалтыг тодорхой телевизүүд шууд дамжуулж байгаа юм байна лээ.  Тэгэхэээр үзэгчид, ард иргэдээ хүндэтгэж ярилцъя гэж бодож байна. Бүх л насны хүмүүс биднийг харж үзэж байгаа байх.

“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Манай өнөөдрийн уулзалтыг МҮОНТВ, Ийгл телевизүүд шууд дамжуулан хүргэж байна. Ингээд асуултаа эхэлье.

“МҮОНТВ”-ийн Монголын мэдээ агентлагийн сэтгүүлч Батнягт: Ерөнхийлөгч өө, сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр их тавигдаж байна. Нийгмийн анхаарлыг их татаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

“Eagle”телевизийн сэтгүүлч Ганзориг: ҮАБЗ-өөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яагаад хэлэлцээгүй юм бол, үүнтэй холбоотойгоор МАНАН-гийн төр гэж яг юу юм бэ? Таныг үүний ард байгаа гэж Ардчилсан намын лидер хоёр хүн мэдэгдсэн учраас асууж байна. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын мэдэгдэлтэй холбоотойгоор асууж байгаа юм.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Уянга: Нямдорж дарга хэлэхдээ Эрдэнэтийн 49 хувьд төрийн гурван өндөрлөгийн оролцоо байгаа гэж хэлсэн. Төрийн гурван өндөрлөг гэхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарна. Танд Эрдэнэтийн 49 хувьд хувьцаа байгаа юу?

“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Хулан: Өчигдөр Засгийн газар Эрдэнэтийн асуудал хууль бус гэдгийг хэлсэн. Хууль бус юм бол тэр хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой вэ? Энэ тал дээр таны байр суурь юу байна?

“25-р суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: Хэвлэлээр гарсан хоёр ярилцлагын талаар асуумаар байна. Малыш Энхтүвшин гэдэг хүний ярилцлага байсан. Ерөнхийлөгчид мессэж бичихээр үг үйлдэл болдог гэсэн утгатай байсан. Хоёр дахь нь Х.Тэмүүжин гишүүний нэг ярилцлага байсан. Монгол Улс буцаад коммунист дэглэм рүүгээ буцаж байна гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Энэ дээр санал бодлоо хэлээч?

“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Туул: С.Зоригийн хэрэг илрэх гэж байна гэж бичиж байсан бол одоо илэрчихсэн гэсэн яриа нийгэмд гараад байдаг болчихлоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

“Эх орон” телевиз “Үндэсний мэдээ” сонины эрхлэгч Ш.Даваадорж: Эрдэнэтийн 49 хувь дээр Оросын талын байр суурь ямар байгаа юм бол? Оросын тал стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн юм болов уу? 49 хувийн шуугианы хажуугаар бид төмөр замаа Оросын талд тавиад туучихаж байгаа юм биш үү гэсэн хардалт байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эхний асуулт. Эрдэнэтийн хувьчлал гэсэн нэр томьёог сэтгүүлч хэрэглэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гаднын улс оронд байсан, гаднын аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн байгаа юм.

Хэрвээ хувьчлал явагдахаар байгаа бол Монгол Улсын Засгийн газар хуралдаж хэлэлцээд, УИХ–аар шийдээд, хувьчлалын хөтөлбөрт ороод, ингэж шийддэг. Тэгэхээр нэр томъёоны хувьд ингэж ойлговол зүгээр байх.

ҮАБЗ дээр энэ асуудал яригдсан уу гэж асууж байна. Энэ дээр би товчхон хариулахад бүх л Засгийн газар 1990-оноос хойш Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, Монголросцветмет гээд ОХУ-тай холбоотой асуудлаар үргэлж ярьж, хэлэлцэж ирсэн.

Энд би нэг түүх өмнө ярьж байсан. Их өрийн асуудлыг 2003 онд ярьж байхад манай хоёр талын эдийн засагчид гараад Монголд ногдох Эрдэнэтийн хувь 70 хувь хүрч байгаа юм байна. Яагаад гэхээр баялгийн газар ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийг оруулж тооцсоор байгаад 70 хувь хүрч байгаа. Ер нь Эрдэнэт үйлдвэр чинь 680 сая шилжих рублиэр баригдсан байдаг. 51 хувиа Монгол Улс төлөх, дээр нь 49 хувьд ногдох хувиа төлөөд явах тухай ярьж байсан.

Тэр үед би нэг алдаа гарсан гэж үздэгээ өмнө нь ч ярьж байсан. Өрийн асуудлыг шийдэхдээ Эрдэнэтийн 51-ээс цааших Монголд ногдох хувийг хэтрүүлэхгүй гэж. Тэнд ажиллаж байсан манай Эрдэнэтийнхэн бүгд мэднэ. Зоригт гэж тэнд ажиллаж байсан, удирдлагад нь байсан  сайн эдийн засагч байдаг. Тэр хүний хийсэн тооцоогоор бол дахиад 4-6 жил явахад Эрдэнэт үйлдвэрийн Монголд ногдох ашиг нь 100 хувь болох юм байна гэсэн.

 Их өрийн асуудлаар энэ хувь яригдаж байхад гэрээ хэлэлцээрийг эрх зүйн хувьд зогсоох нь зөв үү гэсэн асуудлыг ярьж байсан байдаг. Тэр үеийн Хууль зүйн сайд бол энэ зөв гэсэн байр суурьтай байсан. Тэр үед байсан дарга нь энэ тухай ярьж байсан. Тэгэхээр Монголын Засгийн газар, Монголын төр аль нь ч бай Эрдэнэтийн гадна байгаа тэр хувийг нэмэгдүүлж авах, болж өгвөл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох энэ тал дээр үе үед л ярьж байсан зүйл.

ҮАБЗ дээр энэ тухай ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тиймээс энэ асуудлыг ҮАБЗ дээр яриагүй. МАНАН-гийн төр гэж юу юм бэ гэж асуулаа. Энэ бол сонины хэллэг, сэтгүүлчдийн хэллэг. Одоо бол МАН-ын, нэг намын УИХ, Засгийн газар байгуулагдаад ажиллаж байгаа. МАН нэг талдаа хариуцлага үүрээд, тулгамдаж байгаа асуудлыг шийдээд явах бүрэн эрхтэй. Боломжийг бол дангаар өгсөн. Ер нь 65 гишүүнтэй болно гэдэг бол миний санаж байгаагаар хоёр дахь удаагаа Монголын өнгөрсөн олон намтай байсан хугацаанд давтагдаж байгаа зүйл. Ямар ч асуудлыг шийдэх эрх Засгийн газар, УИХ-д байгаа.

Таныг Эрдэнэтийн ард нь байгаа гэж ярьж  байна гэсний хувьд: Эрдэнэт үйлдвэрийн тос, шороонд хутгалдаж явсан ажилчин байсан хүн бол би. Аравдугаар анги төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж байсан, анхны цалин авч байсан. 1990 онд анх удаа Эрдэнэтээс улс төрийн энэ албанд сонгогдож, Улсын Бага Хурлын гишүүнд, АИХ-ын депутатад сонгогдож явсан. Эрдэнэт үйлдвэрт миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Бүх хатуу хэлье. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол Эрдэнэт үйлдвэр цаашид сайн яваасай гэсэн ийм л сонирхол байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн ард гурван томын оролцоо бий. Гурван өндөрлөг мэдэж байсан гэсэн яриа гарсан байсан. Би сүүлийн үед гарч байгаа мэдээллийг харж байгаа. Гурван том гэхээр саяын сэтгүүлчийн асууж байгаагаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хэлж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

Өмнө байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр өөрчлөгдсөн. Одоо сууж байгаа нь Ерөнхийлөгч байна. УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг. Хэрэв албан тушаалын том багаар нь хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Тэгэхээр гурав, дөрвөн томын оролцоо байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа юм.

Танд хувьцаа бий юу гэж асууж байна. Ямар нэгэн хувьчлал явагдаагүй, ямар нэгэн хувьцаа байхгүй. Засгийн газар шийдвэр гаргалаа. Тэр өмнө гарсан Сангийн сайдын тушаалыг хууль бус гэж үзлээ. Иймээс хариуцлага тооцох уу гэж асууж байна.

Эрдэнэтийн үйл явдлыг  шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард Эрдэнэтийг, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлье. Харин энэ мэдэгдлийн ард, Эрдэнэтийн үйл явдлыг  шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм. Ер нь танил тал татсан ийм байдал харагдаад байгаа юм.

Би наадмын өмнө МҮОНТВ-ээр ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Эрдэнэт дээр хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол шинэ УИХ, Засгийн газар эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй. Долоон сард Сангийн сайд томилогдсон.

Өмнөх Сангийн сайдын тушаалыг 7 дугаар сард л хүчингүй болгочих боломжтой байсан. Хэрвээ хууль бус,  буруу гэсэн бол хүчингүй болгох ёстой. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан шинжтэй байна гэж байна гэхээр буруу, хууль бус юм хийсэн гэж байгаа бол түүнд яагаад бололцоо олгоод сууж байгаа юм. Эрх баригчид ийм бололцоо олгож болохгүй шүү дээ. Тийм бололцоо олгож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Тэгэхээр үүний ард ямар нэгэн улс орны эрх ашиг, Эрдэнэтийн 49 хувь буруу зөрүү шилжсэн тухай яриа хөөрөө байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн юм байна. Улс төрийн улирал халахыг хүлээсэн юм байна, 10 сар эхлэхийг хүлээсэн юм байна. Тэгээд Ц.Нямдоржийн мэдэгдэл хийхийг хүлээсэн юм байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийхэд тэнд байгаа ажлын хэсгийн ахлагч материал цуглуулж өгсөн юм байна. Цуглуулсан материал нь юу байсныг та бүхэн бүгдээрээ сонссон. Эхнээсээ няцаагдаад явж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төр.

Манай сэтгүүлчид сайн мэднэ дээ. Бид энэ улс төрийн үйл явцыг 20 жил оролцоод хараад л явж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм.

Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна.

Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна. Сүүлийн үед ийм яриа яваад байгаа. Ц.Элбэгдорж руу Ерөнхийлөгч рүү дайрвал рейтинг өсөөд байна гэсэн. Зарим хүн рейтингийг рентген гэж ярьдаг. Ард түмэн рентгенээр харж байгаа юм шиг улс төрчдийн ярьж байгаа зүйлийг нэвт хардаг болсон л доо. Хэвлэлийнхнийг, ард иргэдийг бүгдийг цочоох, тэндээс рейтингээ өсгөж гараад чин зорилго руугаа явах, ийм хувиа бодсон үйлдэл цаашаа явахгүй ээ.

Энд цаг алдсан байна. Хамгийн гол зорилго нь юу байна гэхээр 100 хоног өнгөрлөө Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж юу хийв? Сангийн сайдын хувьд хамгийн гол асуудлыг оруулж ирж шийдүүлэх байсан, ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр зогсоосон, хассан, боосон, танасан гээд бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ерөөсөө эндээс л хүмүүсийн сонирхол, анхаарлыг холдуулах гэсэн арга шүү дээ.

Хамгийн гол нь Ц.Нямдорж дээр авч үзвэл таван хууль. Монголын ард түмнийг 70 жил, дээрээс нь нээлттэй нийгэмд шилжсэн 26 жилд Монгол хүмүүсийн хөлс, цус, нулимсаар туршигдсан тэр хар тогтолцоог, тэр хуулийг халах гэж энэ таван хуулийг оруулж ирсэн шүү дээ. Тэгэхэд УИХ-аар баталсан таван хуулийг буцаагаад хаяж байгаа юм.

Тэр хүүхдүүдийн ялыг, гэр бүлийн хүчирхийллийг, энгийн иргэдэд ногддог тэр бүхнийг ялгаж салгаж өгөх байсан. 340 зүйл ангитай Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэрэг гэж үзэхгүй зөрчил гэж үзэх зүйлийг дунд нь таслаад явах байсан. Энэ хуулийг зогсоож байгаа. Үнэхээр Монголын ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан. Үүнээс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа юм.

Хэрэв Эрдэнэтийг яриагүй бол сэтгүүлч Ц.Нямдоржтой уулзаад тэр таван хуулийг яагаад буцаасан юм бэ? Та өмнө нь Хууль зүйн сайд байсан шүү дээ гэж асуух байсан. Ц.Нямдоржийн тооцоо бол Эрдэнэтийг аврагчийн дүрээр сонгогчидтойгоо уулзана гэсэн тооцоо байсан. Ийм учраас хувийн өчүүхэн эрх ашгийн үүднээс мэдэгдэл хийжээ. Үүний цаана улс орноо бодсон ямар нэгэн үйлдэл алга. Ц.Нямдорж үүний оронд намаасаа шаардах хэрэгтэй шүү дээ.  “Амласан зүйлээ оруулж ир л дээ, Чойжилсүрээн” гэж.  Чойжилсүрэнг би мэдэхгүй, би танихгүй гэж Нямдорж хэлэхгүй л байх.

Өнөөдөр над руу манай хил, цэрэг, цагдаагийнхан ярьж байна. 36 сарын тэтгэмж өгнө гэсэн. Тэгсэн үндсэн цалингаас тооцож өгнө гээд хийчихжээ. Уг нь бид цолны, сарын, хээрийн нэмэгдэл гээд тооцдог байсан. Одоо үүнийг хасаад 36 сарын нэмэгдэл 40-60 хувиар буурч байна.

Хүүхэд харах үйлчилгээ гээд зургаа, долоон мянган хүүхэд хамрагдаж байсан үйлчилгээг зогсоож байна. Ахмадууд байна. Ажлаас халагдсан хүмүүсээс та нар дээр маш их гомдол ирж байгаа болов уу. Энэ бол коммунист субботник шиг болж байна шүү дээ. Ийм зүйлээс хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд Нямдоржийн хийж байгаа алхам. Бусад гишүүд нь хөөрхий, сонгогчидтойгоо уулзаад, нүүрээ улайлгаад энэ асуултад хариулаад явж байгаа. Ганцаараа мундаг хүн болох гэж хийж байгаа энэ мэдэгдлийг Монголын ард түмэн сайн мэднэ дээ.

Х.Тэмүүжин гишүүн ярьсан байна. Эргээд коммунизм руугаа орох уу гэж асуусан байна. Ийм зүйл байхгүй. Коммунизм эргэж давтагдахгүй. Эргэж Монголд ирэх ч ёсгүй. Тиймээс энэ тал дээр тийм зүйл байхгүй гэж хэлье. Малыш Энхтүвшин гэдэг хүнтэй сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж явахад анх удаа би таарсан. Арван хэдэн жил огт  таараагүй, тиймээс над руу мессэж бичдэг зүйл огт байхгүй. Тэр бол худлаа. Үүнийг Элбэгдоржтой холбож бичээд шуугиан дэгдээхээр яана гэж боддог юм бүү мэд.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдсон асуудлыг асууж байна. Тэгэхээр ер нь энэ хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж  байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг.

Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой

Эрдэнэтийн 49 хувь Монголд ирлээ. ОХУ-ын байр суурь ямар байгаа вэ гэж асуусан. Бид хоёр том хөрштэй Оросууд Эрдэнэтийн 49 хувийг Монголчуудад өгч байгаа нь стратегийн хувьд ашиггүй гэж үзсэн үү гэж энэ бол чухал асуулт.

Би В.Путин Ерөнхийлөгчөөс 6 дугаар сард болсон ШХАБ дээр шууд асууж байсан. Тэгэхэд В.Путин Ерөнхийлөгч “Энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явчихаж чадна гэдэгт би итгэж байгаа” гэсэн Ер нь ингэж асуудлыг шийдэж байгаа нь бол хоёр орны дээд түвшний харилцан итгэлцэл хамгийн сайн үедээ байгааг л харуулж байгаа юм.

Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтад ирсэн. Энэ асуудал хөндөгдөхөд “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлсэн. Их өр гээд манай хооронд байсан хэцүү асуудлууд бий. Сүүлчийн төлбөрийн асуудал 2016 оны эхний улиралд шийдэгдсэн. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс санхүү, дэд бүтэц, уул уурхай, эдийн засаг, хүмүүнлэг, хөрөнгө оруулалтын салбарт хойд хөрштэйгээ ажиллах бүрэн боломжтой. Улс төрийн хувьд манай хоёр орны харилцаа бол хамгийн өндөр, хамгийн сайн түвшинд байгаа. Дахиад олон шинэ салбар дээр сайн харилцааг үүсгээд цаашаа ажиллаад явах боломжтой.

Олон жил Эрдэнэт үйлдвэрийг манай үндэсний ажилчид, инженер техникийн ажилтнууд нуруундаа үүрч авч яваа шүү. Та бүхэн мэднэ 6000 гаруй ажилтан. Анх үүсээд явж байхад нь бид Зөвлөлтийн мэргэжилтэн хүмүүсийн тус дэмийг авдаг байсан. Энэ бол гайхамшигтай бүтээн байгуулалтыг хамтарч хийсэн. Гайхамшигтай түүх. Хоёр орны хувьд бол цаашаа шинэ зүйлийг хийх гайхамшигтай бааз суурь. Энэ дээр олон шинэ төслүүд өргөжиж ОХУ-тай олон салбарт хамтарч ажиллана.

Ер нь бид ОХУ, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн Дум, Холбооны зөвлөл энэ хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой. Монголоос авна гэж ярьдаг байсан их өрөө энэ хүмүүс өөрсдөө авах авлагаа маш хөнгөлөлттэй нөхцөлөөр багасгаж өгсөн шүү дээ. Хоёрхон хувь хүртэл болгож бууруулсан. Түүн дээр шоу хийж байгаа хүмүүст бид Монгол дотроо янз бүрийн нэр хүнд олох гэж байгаад нь талархлаа гэдэг биш, хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Бидэнд итгэж, хамтарч ажиллаж, хамтын ажиллагааны шинэ шинэ боломжууд байгаа гэж харж байгаа хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой.

ОХУ, Монголын ард түмний харилцаа бол гайхамшигтай түүхтэй шүү. Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цусаа асагаруулж явсан хүмүүс бол Орос хүмүүс шүү. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж хамт байсан хүмүүс бол Оросууд шүү. Ямар улстай Монголчууд хамгийн ойр ажиллах вэ гээд асуухад 1990-оноос хойш 60 гаруй хувь нь үргэлж ОХУ-тай Монгол ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг юм. Ерөнхий сайд, УИХ-ын удирдлага энэ хүмүүстэй, хойд хөрштэйгээ яамдууд, салбарын түвшинд хамтарч ажиллах, уулзах байх, өмнөх уламжлалаа цаашаа үргэлжлүүлэх байх гэж харж байгаа юм.  

“Ардын эрх” сонины сэтгүүлч Шийлэгтөмөр: Орон нутгийн сонгуульд эрх барьж байгаа намаас өөр нам гарч хяналт тогтоох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Мөн таны хүү дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Тантай зөвлөсөн үү, хүүгийнхээ талаар ямар бодолтой байна?

“Ардчилал” сонины сэтгүүлч Ширнэн: Таны ярьсан коммунист субботник гэсэнтэй холбогдуулж асуумаар байна. Монголын ардчилал сүүлийн үед Ардын нам гарснаас  хойш коммунист дэглэм рүү буцлаа гэж ярьж байна. Үүнээс гарах гаргалгаа хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих ёстой гэсэн энэ асуудлаар тантай уулзаж, УИХ-д хуулийн төсөл оруулна гэсэн, тантай уулсан болов уу?

“SBN” телевизийн сэтгүүлч: -МАН-ын Засгийн газар оюутны 70 мянга, хүүхдийн мөнгөний 40 хувь, хүүхэд харах үйлчилгээг  зогсоолоо. Энэ бүхэнтэй Төрийн тэргүүний хувьд санал нийлж байгаа юу? Хоёрдугаарт, Монгол Улсад гаднын банк үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна уу? Гаднын банк орж ирснээр эдийн засаг болоод дотоод банкуудын үйл ажллагаанд ямар нөлөө үзүүлэх бол? Зөвхөн дотоодын банкны эрх ашгаар гадаадын банкийг оруулж ирэхгүй гэсэн зүйл байгаа. Энэ дээр таны байр суурь ямар байна?

“UB.Life” сайт, сэтгүүлч Энхцэцэг: Орос, Монголын харилцааны талаар сонирхолтой сэдэв хөндсөн болохоор үргэлжлүүлээд асууя. Эрдэнэтийн хувийг шилжүүлснээр олон шинэ төслийн үүдийг нээлээ гэж Д.Медведев хэлсэн юм байна. Та В.Путинтэй нэлээд олон удаа уулзаж байсан болохоор дараагийн төслүүд юу байх бол? Төмөр зам, алт, уран гээд сонирхож болох зүйл манайд бай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37099
0 эможи
keyboard_arrow_up