Ерөнхийлөгчид БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн Лю Юньшань бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн Лю Юньшань хэлэхдээ “Миний Монголд хийж байгаа айлчлалын зорилго нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд болсон өндөр дээд хэмжээний айлчлал, Төрийн тэргүүнүүдийн тохиролцсон яриа, хэлэлцээ болон гэрээ, хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын нэг чиглэл юм. Энэ дотор улс төрийн дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмол хийж байх нь чухал зүйл юм. Таны энэ удаагийн айлчлал мөн чухал үүрэгтэй айлчлал болж байна. Энэ 2016 оны 6 дугаар сард Ташкентад болсон ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт уулзалтын үеэр Си Зиньпин даргатай уулзсан. Мөн Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хүрэлцэн ирсэн. Хоёр талын айлчлалууд чухал ач холбогдолтой болсон.
Таны айлчлалтай холбогдуулан ажил хэргийн шинжтэй, хоёр орны харилцаанд чухал гурван зүйлийг хэлье.
Нэгд, Монголд УИХ-ын сонгууль болж УИХ-ын бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Засгийн газар шинээр зохион байгуулагдлаа. Үүний дараа БНХАУ-аас айлчлан ирж байгаа өндөр дээд хэмжээний зочид нь та бүхэн болж байна. Шинэ УИХ, Засгийн газар өмнө нь БНХАУ-тай явуулж байсан бодлого, үйл ажиллагааг хэвээр хадгалан явуулах болно гэдгийг хэлье. Мөн ирэх дөрвөн жилд БНХАУ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх зураглалаа УИХ, Засгийн газар гаргах байх. Үүн дотор улс төрийн намуудын харилцаа чухал юм.
Хоёрт, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт дээд хэмжээний дараагийн уулзалтыг 2017 онд Монголд хийе гэж сая Ташкентад уулзахдаа ярилцсан. Улаанбаатарын уулзалтыг амжилттай болгоход бид хамтарч ажиллана. Тусалж дэмжинэ гэж Си Зиньпин дарга хэлсэнд бид баяртай байгаа. Энэ уулзалтыг ирэх жилийн 5 дугаар сарын орчимд хийх саналтай байгаа. Нарийвчилсан хугацааг ярилцаж тохиролцох болно. Түүний өмнө Гадаад хэргийн дэд сайд нар уулзаж бэлтгэлийг хангах байх.
Гуравдугаарт, сая 3 талт уулзалтын үеэр эдийн засгийн коридор байгуулах талаар чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монгол Улсаас дэвшүүлсэн санал ОХУ, БНХАУ-аас дэвшүүлсэн бодлогуудтай нягт уялдаж байгаа гэж бид харж байна. Одоо практик ажлууд хэрэгжих ёстой” гээд эрхэм зочдын ажилд амжилт хүслээ.
Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, цаашид өргөжүүлэх, амжилт ололтыг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань хариу хэлэхдээ “БНХАУ, Монгол Улсын харилцааг өндрөөр үнэлж байгаад баярлалаа. ХКН, Засгийн газраас БНХАУ, Монгол Улсын харилцааг чухалчилж үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ хөгжиж байна. Цаашдаа энэ сайн харилцааг нандигнаж, улам хөгжүүлэхийн төлөө байх болно.
Хоёр талын харилцааны хамгийн чухал зүйл бол бидний язгуур эрх ашиг юм. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэн үздэг.
Мөн Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг ямагт хүндэтгэдэг.
Монголын тал ч урт удаан хугацаанд Хятадын язгуур эрх ашигтай холбоотой асуудлууд дээр Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархаж байна. ХКН цаашдаа Монголын бүх улс төрийн намуудтай харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байна.
ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт дээд хэмжээний уулзалт 3 удаа болж эхний үр дүн гарч, эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагштай эхлүүлж байна. Бусад ажлыг бодитоор хийхэд хамтран хүчин зүтгэнэ” гэв.