Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэв
Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.
Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.