“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов.
“Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааныг нийт аймаг, сум, нийслэлийн дүүрэг, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллага гэсэн 5 түвшинд зарлан явуулсан байна. Шагнал гардуулах үйл ажилагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй нар оролцлоо.
Үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зохион байгуулсан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагналтнууд өнөөдөр энд цуглараад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа төвлөрлийг сааруулах, орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, түүн дотор иргэдийн шууд оролцоог дэмжих асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн.
Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгох явдал юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй аливаа шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэн гарахад илүү дөхөмтэй болох юм.
“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааныг нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагаас иргэдийн саналыг үндэслэн харгалзсан, эсхүл бусад байдлаар шийдвэр гаргахдаа иргэд оролцох бодитой нөхцөлийг хангасан, иргэдийн санаачилгыг дэмжин хэрэгжүүлсэн сайн туршлагыг урамшуулан адил түвшний байгууллага хоорондоо харилцан туршлага солилцож суралцах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулах, мөн иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар асуудлаа хамтран шийдвэрлэж, нийтийн ашиг сонирхлын асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсэн сайн туршлагыг урамшуулах зорилготойгоор зохион байгуулсан билээ.
Уралдааныг аймаг, дүүрэг, сум, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн 5 түвшинд зохион байгуулсан байна. Уралдаанд маш олон сум, хороо, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маш идэвхтэй оролцсоныг энэ дашрамд дурдах нь зүйтэй. Нэн ялангуяа Хөвсгөл аймгийнхан маш идэвхтэй оролцсоныг энд онцлон дурдаж байна.
Ингээд “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Баярлалаа” гэлээ.
Сумдын хэмжээнд зарласан уралдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ тэргүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ, Төв аймгийн Зуунмод сумын ИТХ удаах байруудыг эзэлжээ.
Нийслэлийн хороодын түвшинд зохион байгуулсан уралдаанд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо тэргүүн байр эзэлж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо дараагийн байруудад орсон байна.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагын түвшинд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэний зөвлөл тэргүүн байр эзэлж, “Байгальд ээлтэй хөршүүд” ТББ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Батбаяр, Хэнтий аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, Төв аймгийн Борнуур сумын иргэн Баасанжав, Хөвсгөл аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ шагналт байруудад оржээ.
Тусгай шагналыг Хэнтий аймгийн ИТХ, Хөвсгөл аймгийн ИТХ, Багахангай дүүргийн ИТХ, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв тус тус хүртлээ.