Ц.Элбэгдорж: Шударга зүйл гэж байдаг бол тэр медаль Г.Мандахнарангийнх
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам их амжилт хүлээж байгааг хэллээ. Тэд хоёулаа “Хилчин” спорт хорооны тамирчид бөгөөд анх олимпийн тамирчдыг үдэж мордуулахад тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм. Тангараг өргөсөн хоёр тамирчин хоёулаа олимпийн медаль хүртсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэшээж буйгаа бас хэлэв.
Мөн чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзахдаа спортын авлигын эсрэг, шударга ёсны төлөө тэдний хийсэн тэмцлийг үнэлж буйгаа хэлж, цаашид спортын талбарт илүү их амжилт гаргахыг хүслээ. Ерөнхийлөгч тамирчидтай уулзсан сэтгэгдлээ “Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Уулзалтын үеэр "Манай дасгалжуулагчдын тэмцэл бол Монгол Улсын зөв үнэний төлөөх тэмцэл юм. Манай дасгалжуулагчдын үйлдлийг хүмүүс янз бүрээр л дүгнэсэн. Та хоёр сайн, муу аль алиныг нь сонсоод давчих чадалтай улс гэж би харж байна. Ер нь юм болоод өнгөрсний дараа бүх хүн цэцэн мэргэн болчихдог. Ард түмнээ төлөөлж буйн хувьд би та хоёртой хамт байгаа. Шударга зүйл гэж байдаг бол тэр медаль Г.Мандахнарангийнх. Чи түүнийг тулалдаж, тэмцэж олсон чиний амжилт. Энэ бүхнийг харж байхад медалиас ч үнэтэй түүх бидэнд үлдэж байна. Шүүмжлэл дотор санаа авмаар зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Та бүхэн аль алиныг нь тэнцүү аваад явах учиртай. Би хувьдаа тэр медаль, тэр амжилт Г.Мандахнарангийнх гэдэгт эргэлзэхгүй байна. Дасгалжууулагчдын хийсэн үйлдлийг би зөв гэж бодож байна. Монголчууд өөрсдийнхөө амжилт, нэр төрийг бусдаар доош нь хийлгэж явах ёсгүй. Үүнийгээ хамгаалж зогсдог байх хэрэгтэй" гэсэн байна.