Монгол Улсын Ерөнхийлөгчийн “шинэ” хувьсгал
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж энэ 6 дугаар сарын 3-нд төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй уулзлаа. Энэ уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮАБЗ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцсон юм. Хүчний гэж нэрлэгддэг, УИХ-аар саяхан батлагдсан хуулиар Төрийн цэргийн байгууллага хэмээгдэх болсон эдгээр байгууллагын удирдах бүрэлдэхүүн ийнхүү нэгэн дээвэр дор цугларч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үгийг сонссон нь урьд өмнө бараг байгаагүй тохиолдол болов уу. Тэр тусмаа орчин үед шинэ нөхцөлд дасан зохицож ажиллаж амьдрах талаар шүү.
Хамгийн гол нь үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж цэргийн байгууллагын амьдралд “цоо шинэ” хувьсгал хийх санаачилга дэвшүүлэв. Тэрээр “Миний хэлсэн үг бол БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ ХУВЬСГАЛ БОЛОХ ҮГ” хэмээн онцолсныг дахин тодотгох ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэлсэн үгэндээ Монгол Улс аюулгүй байдлаа хангахдаа гурван тулгуурт үндэслэнэ гэдгийг хэлэв. Нэгдүгээрт, бэлтгэгдсэн, тангараг өргөсөн байнгын бие бүрэлдэхүүн. Хоёрт, бэлтгэл хүч. Гуравт, ард нийт иргэдийнхээ оролцоотойгоор аюулгүй байдлаа бид хамгаалах ёстой гэдгийг онцолсон юм. Үүгээрээ улс орныг зөвхөн цэрэг хамгаална гэсэн хуучинсаг, хэвшмэл ойлголтыг эвдэж, ард иргэн бүр улсынхаа аюулгүй байдлын баталгаа, түүнийг хамгаалагч нь юм шүү гэдгийг санууллаа. Зэвсэгт хүчнээс бусад хүчний байгууллага ямар нэг хэмжээгээр шинэчлэлийн салхи үнэрлэсэн гэдгийг Ерөнхий командлагч хэлнэ лээ. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, тагнуул гээд бүгдээрээ бие даасан бүтэцтэй. Гэхдээ шаардлагатай тохиолдолд үр дүнтэй, шуурхай, мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлж чаддаг байх ёстой гэдгийг бас онцолсон юм.
Харин Зэвсэгт хүчнийхэнд голлон хандаж тэрээр Хувьсгалын шинж чанартай үгээ хаяглав.
Цэргийн анги, салбарт ойр амьдардаг хүмүүс сайн мэднэ. Цэргийн анги гэхээрээ ойр тойронд нь энгийн хүн ойртох хавьтах аргагүй харуул хамгаалалттай газар байдаг. Үүдэнд нь байнга харуул зогсоно. Харуулыг даваад дахиад л дневальный буюу “невал” гэж хэлдэг жижүүр таарах жишээний. Тэгээд хоолны газар, хуаран, зэвсэг, хувцас хэрэгслийн агуулах болгон харуултай. Ерөөсөө л нэг тийм байлдааны цагийн чанга чанд харуул хамгаалалттай газар харагддаг шүү дээ.
Тэгвэл үүнийг эрс өөрчилж, иргэддээ нээлттэй, харилцан бие биедээ тусалсан байгууллага болъё гэдгийг Ерөнхий командлагч хэллээ. “Цэргийн алба бол тусгай бэлтгэлтэй, тусгай чиг үүрэгтэй учраас төрийн албаны онцгой төрөл. Төрийн албаны гол үүрэг бол бүхэлдээ Монгол Улсын, нийт ард иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх үүрэгтэй байдаг учраас иргэддээ үйлчилсэн нээлттэй байгууллага болох ёстой. Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэдээ бэлтгэхээс эхэлдэг. Иймд цэргийн ангиуд иргэдийн очих дуртай, иргэдэд хэрэгтэй байгууллага байя. Цэргийн анги, байгууллагууд дээр болж байгаа бэлтгэл сургалтад хамрагдах нь бидэнд хэрэгтэй гэж иргэд үздэг газар болж хувирах шаардлагатай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж шинэ хувьсгалынхаа утга учрыг тайлбарлав.
Цэргийн анги, байгууллага мэдээж өөрийн тусгай дүрэм журамтай. Энгийн иргэдэд зайлшгүй хориглох тусгай дүрэм, журмыг нь зааж өгөөд, бусад талаараа ард иргэдэд нээлттэй, тэдэнд тустай байгууллага болох нь Ерөнхий командлагчийн “хувьсгалын” амин сүнс нь юм.
Цэргийн байгууллагад байнгын бие бүрэлдэхүүн, бэлтгэл бие бүрэлдэхүүн гэсэн хоёр ойлголт одооноос бий болох юм байна. Ингэхийн тулд цэргийн анги, байгууллагууд төлөвлөгөөгөө, дизайнаа, анги танхим, стандартаа шинэчлэх хэрэгтэй. Ингэхдээ хамгийн түрүүн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг Ерөнхий командлагч зөвлөв. Байнгын бие бүрэлдэхүүн нь мэдээж офицер, ахлагы, хугацаат цэргийн албан хаагчид. Бэлтгэл нь ард иргэд.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөр ард иргэдийн, залуучуудын хамгийн эрэлттэй хөтөлбөр болсон. Оюутнууд хичээлдээ сурч, мэргэжил эзэмшихийн зэрэгцээ цэргийн албаа хаана. Тэгснээр төрийн албан хаагч болох баталгааг бүрдүүлнэ гэдэг нээрээ л эцэг эхэд ч, оюутнуудад ч маш том боломж нээж өгч байгаа хэрэг юм. Тиймээс энэхүү хөтөлбөрт илүү олон оюутныг хамруулах, түүгээр зогсохгүй цэргийн анги, байгууллагууд Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьсгалын нэг чухал санаа байлаа.
Цэргийн албан хаагчид хэзээ эх оронд аюул тулгарах вэ гэдгийг хүлээн нозоорч, хугацаат албаа дуусгаж халагдах өдрөө тоолон залхуурч суухын оронд өөрсдөө үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, өөрт байгаа бааз суурь, бололцоондоо тулгуурлан иргэдэд үйлчилдэг болох ёстойг “хувьсгалд” дурдав. Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр хэрэглэх бус, мянган өдөр иргэддээ, эх орондоо тустай байхыг эрхэмлэхийг захилаа.
Хуучин цагт цэргийн албыг эрдмийн алба хэмээн нэрлэдэг байсан. Шинэ цагт ч ийм байх ёстой гэсэн санаа Ерөнхий командлагчийн үгэнд анзаарагдаж байсан юм. Цэрэг, дайчдынхаа хувцас хунарыг ганцхан Улаанбаатараас татдаг биш, цэргийн ангиуд дэргэдээ гутал, хувцас, малгай бүсээ хийдэг, хийц загвар сайтай хувцас хийгээд ирвэл энгийн иргэдээс захиалга авч, тохирсон үнээр нь дээл хувцас урлаж ангийн аж ахуйдаа мөнгө, төгрөг нэмэрлэдэг болох нь чухал гэдгийг онцлов.
Мөн биеийн тамирын танхим, тоног төхөөрөмждөө тулгуурлан гадуур ихээхэн эрэлттэй байгаа спортын болон фитнес төвүүдийг нээх, ард иргэдээ тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургадаг газар болгомоор байна гэсэн нь хувьсгалын бас нэг санаа. Заавал хэн нэгэнтэй байлдах гэсэндээ биш, аль ч иргэн харанхуйд төөрдөггүй, хүйтэнд осгодоггүй, наранд цохиулдаггүй, шүдэнз норсон үед гал гаргаад дулаацчихдаг, юухнаар хоол хийгээд өл залгачихдаг, өөрийгөө хийгээд хажуудах нөхрөө онцгой нөхцөлд аварчихдаг байх. Үүнийг иргэддээ зааж сургах нь л иргэдийг тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургах үйлс мөн гэсэн санаа хувьсгалын бас нэг чухал мессеж байв.
Мөн Батлан хамгаалахын яамыг Батлан хамгаалах, спортын яам болгож, дунд сургуулийн сурагчдаас эхлэн бие бялдрын хүмүүжилтэй болгоход онцгой анхаарах ёстойг сануулсан юм.
Дээл хувцас, эмээл, хазаар, ногт, чөдөр, зэр зэвсэг бүхнээ өөрийн гараар хийдэг, дээд зэргийн бэлтгэл, тэвчээр хатуужилтай байснаараа эртний монгол цэрэг хүчирхэг байсан гэдгийг жишээ болгож байлаа.
“Сайн цэрэг гэдэг бол тавигдсан үүргийг гүйцэтгэхэд байнга бэлэн байдаг цэргийг л хэлнэ. Сайн иргэн гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлэх чадвар эзэмшсэн хүнийг хэлнэ” гэсэн нь бас нэг онцгой мессеж байсан юм. Эдгээр үгийг харахад ерөөсөө л нэг зоосны хоёр тал мэт. Эндээс үзвэл сайн иргэн, сайн цэрэг хоёр бараг л ижил чадвартай байх нь.
“Цэрэг болно гэдэг зүгээр л форм өмсүүлнэ гэсэн үг биш. Хүнийг нь бэлдэнэ. Цэрэг хувцас өмсчихөөр л цэрэг гэж хараад байдаг. Тэгвэл доторхийг нь өөрчилнө гэсэн үг. Пиджак тайлаад л китель өмсөхөөр цэрэг болж байна гэж бодож болохгүй. Доторхийг нь 100 хувь өөрчлөх хэрэгтэй. Ийм юман дундуур залуусыг багаас нь, дунд сургуулиас нь оруулах юм бол арми, цэрэг, хил, онцгой, цагдаагийнханд манай залуу үе хожим хойно баярлана” хэмээн Ерөнхий командлагч хувьсгалынхаа сэжүүрийг тайллаа.
Тэгэхээр цэрэг гэдэг дүрэмт хувцастай хүн төдий биш болж таарлаа. Зүрх сэтгэлээрээ цэрэг болж байж, иргэддээ тустай, өөрийнхөө хэрэгцээт зүйлийг өөрөө хийдэг, бие бялдрын өндөр хатуужилтай, эх орноо хайрлах сэтгэлтэй байж сая цэрэг болдгийг уулзалтад оролцсон хүмүүс ойлгосон биз ээ.
Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж офицер, генералуудыг “тарга тэвээргээ” бууруулж, сунасан гэдсээ багасгаж, биеэ чийрэгжүүлж, цэргийн хүн шиг жавхалзаж явахыг үүрэгдсэн. Тэгвэл энэ удаа орчноо, сэтгэлгээгээ, дүрэм журмаа эрс өөрчилж, шинэ нөхцөлд дасан зохицож, иргэддээ нээлттэй орчин цагийн байгууллага болохыг сануулсан “хувьсгалт үүрэг” тавилаа.
Жилийн дараа гэхэд цэргийн ангиудад шинэчлэлийн салхи сэвэлзэж, спорт, фитнесийн төвүүд нээж, түүнд нь олон иргэд биеэ чийрэгжүүлж, дээл хувцас урлан иргэддээ үйлчилж, оюутан-цэргүүдийг бэлтгэж, нутгийн залуусыг хөдөлмөрт, батлан хамгаалах эрдэмд сургаж, цэрэг-үйлдвэрлэл-үйлчилгээний гурвалсан төвүүд болон яралзаж байх биз ээ.