Ц.Элбэгдорж: Хадны зургийн гайхамшиг бол хүн төрөлхтний явсан замналыг харуулж байгаа юм

2016 оны 5 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, экспертүүдийн уулзалт Туушин зочид буудалд болсон.

 

Уг хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай, ноёдын энэ өглөөний түмэн амгаланг айлтгая. Энд олон жил хадны урлагийг судалсан хамт олныг төлөөлсөн алдартай олон эрдэмтэд, судлаачид, археологичдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр энэ хүмүүсийн баяр болж байна гэж би хувьдаа ойлгож байна.

Өөрсдийнх нь хийж судалж, амьдралаа зориулж, тэр мэргэжлийг эзэмшиж явсан,  мэргэжлийн гайхамшигтай зүйл нь олны анхааралд хүрч байгаа нь энэ хүмүүсийн том баяр юм. Нэг талаасаа эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн талаар санаа, оноогоо хуваалцах хурал, нөгөө талаасаа ийм сайхан баяр юм.

Би хувьдаа энэ хуралд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Би Алтайн өндөр ууланд төрж, хөлд орсон хүн. Багаасаа хадны зургийг сонирхож, гайхаж, энэ орчлонтой танилцсан. Ямар учиртай юм бол гэж гайхаж, үзэж, хадны зурагт байгаа мэдээлэл, тэр зургийн учрыг тайлах гэж, нэг үгээр хэлбэл хорвоотой танилцах зам мөрийг хадны зургаас эхэлсэн гэж хэлж болох юм. Монгол Улсын уудам газар нутагт амьдарч байгаа манай хөдөөгийн малчдын үр хүүхдүүд ийм л замаар өсч бойжсон хүмүүс байдаг.

Хадны зураг нь биднийг монгол ахуйдаа хайртай болох, үүнтэйгээ холбоотой байх, өвөг дээдсийнхээ бүтээсэн, хийсэн зүйлийг хайрлах, монгол ахуйгаа ойлгох сэтгэл зүйг бидэнд багаас нь суулгаж өгдөг байх гэж боддог.

Манай Алтайн уулс бол их өвөрмөц. Өвс нь тачирхан. Хад нь их өндөр. Төрсөн хүмүүс нь над шиг ийм намхан. Гэхдээ өндөр хүмүүс бий л дээ. Ургаж байгаа өвс, тэнд байгаа мал, амьтан, тэнд байгаа амьдрал гэдэг бол маш их чанартай, өвөрмөц. Би бодохдоо хаана ч давтагдахгүй гэж боддог. Тэнд байгаа хүмүүс л тэнд амьдрах, нүүх, орших хувь заяатай. Бас их хүнд сорилтыг туулж, амьдрал нь жилийн дөрвөн улиралд үргэлжилж байдаг хүмүүс юм.

Эхээс унахдаа л бараг ийм гайхамшигтай бүтээл, хадны галарей дотор төрсөн, хөлд орохдоо л энэ галарей дундуур мөлхөж өссөн улсуудын хувьд бид олон орны эрдэмтэд, манай судлаачид цуглаад энэ тухай ярих гэж байгаад их баяртай байна.

Монгол Улсын хувьд бид энэ үйлсэд, энэ ажилд өндөр ач холбогдол өгч байгаа. Үнэхээр өгөхөөс ч өөр аргагүй. Ерөнхийлөгчийн хувьд ярьж байгаад, судлаачдынхаа ярьсан, хэлсэнтэй уялдуулаад ЮНЕСКО-д санал тавьсан юм. “Монгол Улс ийм санаачилга гаргаж байна. Хадны зургийг судлах, хадны урлагийг судлах, ийм үйл ажиллагааг үргэлжлүүлье. Олон улсын хурал хийдэг болъё. Энэ бол Монгол Улсын санаачилга юм гэж бүртгүүлье. ЮНЕСКО-ийн бие даасан төсөл болгоё. Энэ бол их сургуулиуд, судлаачид тус тусдаа хийгээд явдаг зүйл биш. Үүний төлөө явж байгаа олон улсын эрдэмтдийг нэгтгэе” гэсэн санаачилга гаргаж байгаа.

Бид энэ ондоо багтаад ЮНЕСКО-д төсөл болгож шийдвэр гаргуулахын төлөө ажиллана гэж бодож байна. ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова бид нар маш ойрхон хамтарч ажилладаг. Бие биеэ дэмжиж явдаг юм. Их сайн харилцаатай. ЮНЕСКО-д ажиллаж байгаа манай Д.Бадарч гуай өнөөдөр ирээд байна. Энэ үйлсэд хамгийн их санаа тавьж, хувь нэмэр оруулж, олон улсын байгууллагатай Монголын санаачлагыг уяж холбохын төлөө их зүтгэж байгаа хүн юм. Энэ санаачилгын анхны их том үйл явдал нь өнөөдрийн хурал юм.

Цаашдаа олон улсад, дэлхийд “ЮНЕСКО-ийн төсөл, Хадны урлаг, Монголын санаачилга” гэж нэрлэгдэж явах байх. Ингэж Монгол Улсын нэр орсон олон улсын сайхан санаачилга үлдэнэ гэж их баярлаж байгаа.

Үнэхээр цаг заваа гаргаж, маш их завгүй эрдэмтэд, судлаачид Монголд ирсэнд их баяртай байна. Та нарт их баярлалаа. Нэг онцлог зүйл бол дэлхийн таван тивийн төлөөлөл ирсэн байна. Энэ бол гайхамшигтай зүйл. Австралиас, Африкаас судлаач ирсэн байна. Хойд Америк, Европоос, Азиас байна. Энэ урлагийг судалдаг, үздэг дэлхийн таван тивийн төлөөлөл нэг дор цугларна гэдэг бол гайхамшигтай үйл явдал гэж бодож байна. Манай Монгол Улсын нийслэлд өнөөдөр ингэж цугласанд баяртай байна.

Манай нэг яруу найрагч хэлсэн байдаг. Дэлхийд хамгийн олон хоёр бөхтэй тэмээтэй нь Монгол гэж. Дэлхийн хадны урлагаас хамгийн гайхамшигтайгаар хадгалагдаж үлдсэн улс бол Монгол Улс байж  магадгүй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ зүйлд бид үнэхээр онцгой анхаарал хандуулах ёстой.

Дээрээс нь бид санаачилга гаргаад энэ жил АСЕМ гэж нэрлэдэг Ази, Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энэ 7 дугаар сард Монголд хийх гэж байна.

Манай зарим уран бүтээлч санаачлаад хадны зургийг холост дээр буулгаад өнгөөр ялгаж зурсныг та бүхэн харсан байх. Өөр нэмсэн юм байхгүй. Бид энэ зургийг АСЕМ хуралдах гол танхимын хананд үзэсгэлэн болгож гаргах гэж байгаа юм. Ази, Европын 53 орны төр, засгийн тэргүүн ирэх гэж байгаа. Үнэхээр их сонирхох юм бол бэлэглэе гэж байгаа. Эрдэмтэн судлаач, энэ хүмүүсийг дэмжээрэй. Ийм том хөдөлгөөн явж байгаа. Бид хамгийн сайн сайхан зүйлээ харуулна.

Гэхдээ бидний бүтээсэн хамгийн сайн сайхан зүйл бол бидний өвөг дээдсийн бүтээсэн зүйл юм. Хадан дээр олон мянган жилийн турш үлдтэл нь урлаг үлдээнэ гэдэг бол маш их хүч оюун ухаан шаардсан зүйл. Бид өнөөдөр утсаар бие бие рүүгээ мессеж явуулдаг. Хадны урлагийг бидний өвөг дээдсээс бидэнд үлдээсэн мессеж гэж хараад байна. Тэд зурж байхдаа бодож л байсан байх. Ер нь хүн хойч үеэ боддог. Ухаантай шиг улсууд төрөөд бидний явуулж байгаа мессежийг задалж уншаасай гэж бодож байсан байх.

Бид ийм тэрэг хөлөглөөд, ийм сүйх тэрэгтэй, ийм хувцас өмсөөд явдаг байсан. Ийм ан хийдэг байсан. Ийм ёс зүй, ийм амьдрал ахуйн хэвшилтэй байсан улсууд шүү гэж үлдээсэн. Тэр үед фото аппарат байгаагүй. Янз бүрийн зураг зурдаг будаг гараагүй байсан. Бийр, үзгийн тухай ойлголт байсангүй. Тэр үед ухаалаг гар утас гараагүй байж. Би 10 мянга, 20 мянга, 30 мянган жилийн өмнөх үеийн тухай яриад байна л даа. Тэдний ганц боломж бол хадан дээр зурж үлдээх.

Монголын хөдөө байгаа хүүхдүүд газар дээр зураг зурдаг. Төв, суурин газрын хүүхдүүд цаасан дээр зураг зурж эрхэлж өсдөг. Бид бол газар дээр л зураг зурж өссөн улсууд. Хадан дээр зурах гэж үздэг. Гэхдээ тэгж үлддэггүй. Тэгэхээр ямар технологи хэрэглэсэн юм. Би бол маш өндөр технологийн түвшинд тэр үед хүрсэн байж гэж бодож байгаа. Одоо би тэр улсууд баярлаж байгаа гэж бодож байна. 12000 жилийн өмнө зурж байсан зураач “Миний тэр нэг зурсан зургийн тухай бидний үр сад ярьж байна шүү дээ. Миний мессежийг тайлж уншиж байна" гэж бодож байгаа байх. Би түүнд итгэдэг. Тийм үргэлжлэл байдаг гэдэгт би итгэдэг хүн л дээ. Энэ тухай эрдэмтэд та нар энд ярих гэж байна. Энэ бол гайхамшигтай зүйл юм. Энэ бол бидэнд үлдээсэн, магадгүй, дэлхийд хамгийн сайн хадгалагдсан урлагийн төрөл гэж би хараад байна л даа.

Үүний гайхамшиг бол хүн төрөлхтөний явж байгаа замналыг харуулж байгаа юм. Эртний, 30 мянган жилийн өмнөх хүмүүс юу бодож байсан. 20 мянган жилийн өмнөх нь юу бодож байсан. 10 мянган жилийн өмнөх улсууд юу бодож байсан. Юуны төлөө байдаг байсан гээд тэр түүхийг гаргаж ирж байгаа юм. Бидний өвөг дээдэс тийм ухаантай байж л дээ. Хадан дээр зураад үлдээдэг.

ЮНЕСКО Монгол хадны дэлхийн өвийг бүртгэсэн бүртгэл батламжийг надад гардуулж өгч байсан. Энэ бол Монгол Алтайн зураг байсан. Бид нар нэмээд дахиад хоёр санал тавиад байгаа. Цагаан салааны хадны зураг, хойд Цэнхэрийн агуйн хадны зургийг  бүртгүүлье гэсэн. ЮНЕСКО бол дэлхийн урлаг, соёл, боловсролын өвийг хариуцаж авч явдаг, үлдээх ёстой байгууллага. Энэ байгууллага өөрийн үүргийг мундаг ухамсарлаж байна гэж үзэж байгаа.

Өнөөдөр бидний тавьсан хоёр саналыг урьдчилсан байдлаар бүртгэж авъя гэсэн хэлэлцүүлэг явж байгаа гэж ойлгоорой. Үүний төлөө энэ байгууллага ажиллаж байгаа. Монголоос энд гурван гайхамшигтай өв бүртгэгдсэн.

Монгол Алтайн хадны сүг зураг хэдэн км үргэлжилдэг. Арван хэдэн км гэж ярьдаг. Байгалийн галарей гэсэн үг. Би өнөөдөр өглөө бодож байлаа. Би 30-аад жил зураг цуглуулж байгаа. Миний хобби зураг цуглуулах. Энэ сонирхлыг намайг төрөхөд суулгаад өгчихсөн юм байна шүү дээ. Тэгэхээр хадны зургийг үлдээхийн төлөө, намайг мэдээгүй байхад бидний өвөг дээдэс далд мессэж явуулсан юм байна гэж би хувьдаа ойлгож байна. Энэ ариун үйлсэд нэгдэж байгаад баяртай  байна. Энд бас бидний анхаарах шаардлагатай зүйлсүүд байгаа.

Цаг уурын өөрчлөлт явж байна. Хадны хөвд, хаг гэж ярьдаг. Энэ ургаад хадны зургууд үрэгдэх байдал руу яваад байна. Дээрээс нь хүмүүсийн үйл ажиллагаа байна. Дэлхийн хүмүүс асар хурдацтай өсч байна. Урьд нь хүнд харагдалгүй хадгалагдаад ирсэн тэр гайхамшигтай зүйл алга болох, хүмүүс очоод түүнийг гэмтээх зэрэг үйлдэл гарч магадгүй байна.  Янз бүрийн зүй бус, дорой сэтгэхүйтэй хүмүүс байна. Энэ бүхнээс бид хамгаалах ёстой. Энэ бүхнээс хамгаалах ганцхан арга байна. Тэнд амьдарч байгаа тэнд өсч төрсөн тэр хүмүүстэй хамтарч ажиллах ёстой.

Эхний ээлжинд бүртгэж авъя. Манай өвөлжөө, зуслангийн хажууд хадны зураг байдаг. Монголчууд чинь дөрвөн улиралд арван хэдэн удаа нүүж бууриа сольдог гайхамшигтай улсууд л даа. Тэгэхээр монголын малчид очсон газар бүртээ бүртгэлээ хийгээд наашаа өгөхөд бид нар гайхамшигтай өвийн цуглуулгатай болчих боломжтой. Ер нь тэгж хамгаалж байгаа малчид, орон нутгийн хүмүүсийг бид  цаашаа урамшуулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид энэ гайхамшигтай өвөө хадгалж үлдэнэ. Тэгээд дээрээс нь зургаар, видеогоор гээд бүх хэлбэрээр авч болно. Өнөөдөр техник технологийн маш сайн боломжууд байна.

Хадны зургийн 3D галарей ч гаргаж болно. Хүн төрөлхтөн Пиккассогийн үнэтэй зураг гээд гайхдаг. Бидний өвөг дээдэс Пикассогоос дутахгүй зурсан байгаа юм. Сюрреалист, имперсионист гээд л бүр гайхалтай. Яаж ингэж бүтээж чадав. Ийм үнэт өв байгаа.

Хадан дээр бидний өвөг дээдэс гайхамшигтай шүлэг дуу бичиж үлдээсэн. Бид нэг насанд тохиолдох ганц үйл явдал, зуунд тохиолдох үйл явдал гэж ярьдаг. Яг тийм үйл явдлаа хаданд бичиж үлдээсэн байдаг. Зөвхөн хадны зураг биш, хадны шүлэг, хадны дуу, хадны магтаал хадан дээр бичсэн түүх гэдэг бол гайхамшигтай зүйлүүд. Энэ бол улс орон бүхэнд байдаг байх гэж би боддог.

Монголд энэ санаачилга өрнөлөө. Энэ санаачилга олон улсад түгэн дэлгэрэх байх гэж бодож байна. Орчин үед тэр бүхнийг зурсан аргаас нь үзээд насыг нь тогтоодог болсон юм байна. Энэ хадны зургийг тэдэн онд зурсан юм байна гэж гаргаж ирэх боломжтой болж байгаа. Тэр бол гайхамшиг.

Тэгээд цаашаа дэлхийн уран зургийн дотор хадны зургийн чиглэл гарч ирэх байх гэж бодож байна. Сюрреалист гэдэг шиг, Далигийн гаргасан зураг гэдэг шиг. Айвазовскийн зурдаг тэнгисийн давалгаа гэдэг шиг. Хятадын Гохо зургийн урлаг шиг гайхамшигтай зүйлүүд гарч ирж магадгүй. Энэ бол байж байгаа ийм л чиглэл. Ингэж бид харах хэрэгтэй.

Бид нарын гайхамшигтай зүйл бол Монголын хадны зураг Европт, Хойд Америкт адилхан байна гэдэг. Монголчууд сүрхий сайн юм гараад ирвэл энэ ер нь биднээс эхэлсэн байх гэж боддог сонин улс. Газар бүр сайн юм эхэлсэн л байх. Ер нь Төв Азиас хүмүүс нүүдэллээд Хойд Америк хүртэл явсан байх гэж бид нар боддог шүү дээ. Тэнд байгаа индиануудын хэрэглэдэг үг дотор монгол үгтэй зарим нь адилхан байна.

Тэндээс олдож байгаа хувцас, археологийн олдворууд Африкийн Сахарын цөлөөс олдож байх жишээтэй. Монгол хадны зураг гэдэг гайхамшигтай зүйлийг дэлхий даяар өрнүүлж байгаа. Бид нар бас ийм үүрэгтэй юм шүү. Монголчууд Ази, Европ, Ойрхи Дорнодыг холбосон дэлхийн хамгийн том хуурай газар дээр гүрэн байгуулсан улсууд шүү. Энэ бол амархан хийчихдэг ч ажил биш байх гэж бодож байна. Лав л бид шиг тийм гүрэн байгуулсан улс байхгүй байх. Биднээс хойш ч гараагүй. Тэгэхээр энэ бол монголчуудын хийх ёстой санаачилга байж магадгүй.

Дээр нь монголчууд хөх толботой төрдөг. Хадан дээрээ зурагтай, хонгон дээрээ хөх толботой улс байгаа юм. Тэгэхээр энэ гайхамшигтай зүйлд учир байна. Энэ гайхамшигтай зүйлд оролцсон олон байгууллага, сургуулиуд, эрдэмтэд, судлаачдад талархал илэрхийлье. Гадаадын зочдод, ач холбогдол өгч энэ хуралд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье.

Сайн үйл дэлхий дахинд дэлгэрэх болтугай. Өнө эртний үлдээсэн гайхамшигт өв үргэлж мөнх байх болтугай. Бидний үеийнхэн энэ үйлсэд бүгдээрээ хамтарч хувь нэмэр оруулах ёстой. Хувь нэмрээ оруулья, бид чадна гэж бодож байна. Хурлын үйл ажиллагаанд маш өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34092
0 эможи
keyboard_arrow_up