Ирэх сараас "Улаанбаатар-Бусаны чиглэлд байнгын нислэг хийдэг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тэрээр энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, урилгыг маань хүлээн авч албан ёсны айлчлал хийж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн "Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр талаас амжилттай зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа сайжирч байгаа, цаашид өргөжин тэлэх нөөц бололцоо бий" гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Түүнчлэн хэлэлцээний үеэр хоёр тал, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдсан байна. Мөн Улаанбаатар-Бусаны чиглэлд 2016 оны 6 дугаар сараас байнгын нислэг үйлдэж эхлэх болсныг дурдав.