Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав

2016 оны 5 сарын 19

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн манай иргэдийн зүгээс бидэнд хандаж хэлэх санал, мөн асуулт байвал албаны хүмүүстэй хамтдаа та бүхний асуулт, санал хүсэлтэд хариулъя гэж бодож байна. Энд би зүгээр товчхон хоёр, гурван зүйлийг мэдээлье гэж бодсон. БНСУ мэдээллийн технологи маш өндөр хөгжсөн улс. Энд ажиллаж байгаа иргэд Монголын тухай мэдээллийг байнга шууд авч байгаа учраас би олон зүйлийг нурших хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь гадаад улс оронд ажиллаж байгаа ард иргэдтэй ярилцахад асууж ярилцдаг хэдэн зүйл байдаг. Нэг дэх асуулт бол энд амьдарч байгаа иргэд, ялангуяа хүүхдүүдтэй холбогдсон асуудал байдаг. Саяхан би Монгол Улсын иргэний харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан байгаа. Энэ бол ялангуяа гадаадад амьдарч байгаа манай иргэдээс гардаг саналыг хуульд тусгахыг хүссэн. Энд бидний барьсан гол бодлого бол иргэдээ алдахгүй байх. Гадагшаа алдахгүй байх бодлогыг барья гэж шийдсэн. Аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байсан ч төрсөн хүүхдийг нь бүртгэж авдаг ч үгүй, орхичихдог хууль манайд бий. Одоо аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байвал төрсөн хүүхдийг нь шууд бүртгэж авдаг болно. Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно гэж байгаа. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно. Аав ээжийгээ дагаад хүүхдүүд нь эх орондоо чөлөөтэй ирэх боломжоор хангаж өгнө. Гаднын иргэн шиг хандахгүй. Монгол хүний хувиар хандах болно.

Арав, хориод жилийн өмнө хүүхдүүд нь гадагшаа гараад ажиллаж байгаа, залуучууд нь гараад ажиллаж байгаа тэгээд хүүхэдтэй болсон, Монголд байгаа өвөө, эмээ нь ачаа үзэх юмсан гээд хүлээгээд сууж байгаа олон хүн байдаг. Энэ боломжоор бид хангах ёстой гэж бодож байгаа. Энэ бол манай гадаадад байгаа иргэдийн зүгээс гаргадаг чухал санал хүсэлтийг Монголын төр өөрийнхөө бодлогоор зөв шийдвэрлэж өгөх ёстой гэсэн ийм бодол байгаа юм. Хоёр дахь зүйл бол гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэд, ялангуяа хүүхдүүд монгол хэл соёлоосоо холдохгүй байгаасай гэж бид хүсдэг. Сөүл хотын захиргаанд манай иргэд хандаж, тодорхой газар шийдүүлж, Монголын хүүхэд залуучуудад тодорхой хэмжээний боловсрол олгодог монгол сургууль ажиллуулж эхэлсэн мэдээ бид сонссон. Мэдээж маш цөөхөн хүүхэд байгаа, хангалтгүй байгаа. Тийм учраас бид ярьж, монгол иргэд олноороо суурьшдаг газрын дунд сургуулиудад ялангуяа амралтын өдрүүдээр монгол хэл бичиг заадаг болгох талаар ярьж байна. Мөн гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг байдаг. Тэр сурах бичгүүдийг манай БСШУЯ, Засгийн газар хангаж өгч байя гэж ярьж байгаа. Энд байгаа аав, ээж нь хэрэв тийм хичээл заавал тэр аав, ээжид нь тодорхой хэмжээний тэтгэлэг, цалин өгдөг болъё гэж бодож байна. Mongolian weekend school гэж нэрлээд байгаа. Монголын амралтын өдрүүдээр ажилладаг сургууль гэсэн утгатай. Ийм зүйлийг бас энд товчхон хэлье ээ гэж бодож байна.

Монгол Улсын зүгээс БНСУ-д манай иргэд аялж жуулчлах, ирэх очиход визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байх хүсэлтийг бид үргэлж тавьж, ярьдаг байсан. Ер нь энэ асуудал бол шат шатаар шийдэгдээд явж байгаа. БНСУ-ын зүгээс энэ асуудалд маш их анхаарч, анхааралтай хандаж, хоёр талаасаа шийдэж ирсэнд бид маш их баяртай байдаг. Энэ визийн аятайхан дэглэм цаашаа үргэлжлэх нь хоёр орны харилцаанд их чухал гэж бид үзэж байгаа.

Цаашид Монголын эдийн засаг сэргэх, өсөх боломжтой гэж бүрэн итгэж байгаа, би. Манай иргэд ч гэсэн эх нутагтаа ажиллаж, амьдрах боломжоор хангагдана. Эх орондоо ажиллаж, амьдарч, ажлын байраар хангагдах боломж улам нэмэгдэж, сайжирна гэж харж байгаа л даа. Ойрын 2-3 жил энд байгаа монгол иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Энэ нь цаашид нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж итгэж байгаа.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд энэ айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Манай иргэд их гэрсэг, өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг авчрахыг хүсдэг. Тэгээд энэ айлчлалын үеэр нэг зүйл дээр тохирч байна. Монголд боловсруулалтыг нь хийчихсэн, тэгээд хил дээр дарагдсан мэргэжлийн хяналтын байгууллагын тэмдэгтэй тийм бүтээгдэхүүнийг шууд оруулдаг болно. Би ямар бүтээгдэхүүний тухай ярьж байгааг Та бүхэн мэдэж байгаа учраас би энд түүнийг дурдаад яах вэ (алга ташив).

Манай олон иргэн ирж ажилладаг, дээрээс нь эмчлүүлдэг, үнэхээр нутаг усаа хоол ундаа санадаг тохиолдол бий л дээ. Иймэрхүү чиглэлээр бид ярьж байгаа. Мөн БНСУ-аас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бид ямар ажлууд хийх вэ гэдэг дээр хоёр талаасаа бид тодорхой төслүүдээ тохирч байгаа. Хоёр улсын өнөөдрийн харилцааны түвшинтэй эдийн засгийн харилцааны түвшинг харьцуулбал нэлээд хойно явж байгаа. Ер нь эдийн засгийн харилцаа бол өнөөдрийн хоёр улсын харилцааны түвшинд хүрээгүй гэж бид үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн харилцааны салбарт цаашид хоёр тал олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах боломж байна гэж бид харж байгаа. Миний энэ айлчлалын дараа долдугаар сард Монголд Ази, Европын дээд түвшний уулзалт (ASEM) болно. Тэр уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ оролцоно гэж мэдэгдсэн байгаа. Тэр айлчлалын үеэр ч гэсэн бид тодорхой зүйлүүдийг ярилцах боломжтой гэж бодож байгаа.”гэж хэллээ.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс өөрсдийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудаар асуулт асуун хариулт авлаа. Голлон яригдаж буй асуудал гэвэл, төрөөс монголд суралцаж буй оюутнуудад автобусны виза карт, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг гэх мэтээр олон дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Харин харьд суралцагч бидний хувьд төрөөс ямар ч дэмжлэг ирдэггүй. Тиймээс 70 мянгын тэтгэлгийн үнийн дүнтэй тэнцэх онгоцны тийзний хөнгөлөлтийг оюутнуудад хүртээх боломж бий эсэх талаар мөн БНСУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг оюутнуудын зүгээс тавьж байсан.

Мөн цөөнгүй хүний амьдралд тулгамдсан асуудал болох гэрээгээр ажилладаг хүмүүсийн асуудал уулзалтын үеэр мөн яригдсан. Залуучууд Солонгост гэрээгээр ажиллахаар олноороо ирдэг. Нэг хэсэг нь ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж байхад нөгөө хэсэг нь амьдралаа шинээр зохиодог. Гэр бүлийн салалт, тогтворгүй байдлыг өсгөж байгаа энэ хүчин зүйлийн хэрхэн зохицуулах, гэрээгээр ирж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд дагалдан виз авдаг байх, гэр бүлээрээ байж хамтран ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс хариулт авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33474
0 эможи
keyboard_arrow_up