Герман-Монголын “Хархорум” хамтарсан төслийн удирдагчидтай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Герман-Монголын “Хархорум” хамтарсан төслийн удирдагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тийдеманн, Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн Германы талын удирдагч, археологич, доктор Кристина Франкен, археологич, профессорХайо Хюттел, ХБНГУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга М.Россбах, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар нар оролцлоо.
Монгол Улсын ШУА, Германы Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын археологийн судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд 2000 оноос хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор хэрэгжиж ирсэн. ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаукийн зүгээс уг төслийг ивээлдээ авч үргэлжлүүлэн дэмжүүлэх зорилготой байгаа юм байна.
Уг төслийн Германы талын удирдагч байсан профессор Х.Хюттел, удирдагч К.Франкен нар Хархорумын туурин дээр байгуулсан ил музейн нээлтийг хийж Монголын талд хүлээлгэн өгөхөөр Монголд иржээ. Уг нээлт өчигдөр Хархорин суманд болсон байна.
Уулзалтын үеэр Хархорумын хамтарсан төслийг Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар анхаарч ирсэн, цаашид ч ивээлдээ байлгана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэмдэглэж, ялангуяа 2020 онд болох Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд ач холбогдол өгч байгааг хэллээ.
Монгол-Герман хамтарсан Хархорум экспедицийн сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд хийсэн малтлага судалгаа монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулж, Их Монгол Улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжил суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байгаа юм.