Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

2016 оны 5 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад айлчилж байгаа Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн К.Танака, Д.Ямагива, Я.Нагасака нар өнөөдөр бараалхлаа.

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзалтад оролцов.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака уулзалтын эхэнд их ажлынхаа дундуур цаг зав гарган Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийллээ. 

Тэрээр мөн Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга, Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Хаяашимото болон  Либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн дарга, Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга асан нараас Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн мэндчилгээг гардуулан өгсөн юм.

Ноён К.Танака Японд болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнээс илгээсэн халуун сэтгэлийн тусламж, дэмжлэгийг Японы ард түмэн хүлээн авсанд талархал илэрхийллээ. Тэрээр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд төрөл бүрийн салбарт гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглээд 2015 онд хоёр тал өндөр дээд хэмжээний харилцан айлчлал өрнүүлж, Монгол Улсын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Японд, 10 дугаар сард Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монголд айлчилсныг дурдав. Японы нэг Ерөнхий сайд хоёр дахь удаагаа Монголд айлчилсан нь Японы түүхэнд анхных бөгөөд энэ нь Японы талаас Монгол Улсыг онцгойлон авч үзсэний илрэл юм гэлээ.

Мөн Японд долдугаар сарын 10-нд Парламентын зөвлөхүүдийн танхимын сонгууль, зургадугаар сард Монголд УИХ-ын сонгууль болох тул хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа эрхэм гишүүдэд амжилт ерөөсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Хуучны танил, сайн нөхдийн халуун дотно мэндчилгээг хүргэж ирсэнд их баярлалаа. Манай хоёр орны харилцаа маш хурдтай сайхан хөгжиж байна. Ялангуяа парламент хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа. Парламентын гишүүдийн харилцан айлчлал маш чухал юм.

Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж дуусах шатандаа орлоо. Нэг үгээр хэлбэл хэрэгжиж эхлэх шат нь эхлэх гэж байна. Энэ бол их сайхан мэдээ юм. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд нисэх онгоцны шинэ буудал, Баянзүрх дүүргийн эмнэлгийн барилга гээд олон бий. Ажил сайн явж байгаад бид баяртай байгаа. Монгол Улсын хувьд цаашдаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан хоёр талын хамтарсан бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

Зөвхөн Японы зах зээлд төдийгүй бусад зах зээлд хамтарсан бүтээгдэхүүнээ гаргах сайхан боломж бий. Энэ нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Ерөнхий сайд Ш.Абэ гуайд миний халуун мэндийг дамжуулаарай. Мэндчилгээ ирүүлсэн хүмүүст их баярлалаа гэж дамжуулаарай” гэлээ.

Ноён К.Танака Монгол Улсад энэ жил АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж буйг тэмдэглээд энэхүү арга хэмжээ маш амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хоёр орны стратегийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлж, олон талт яриа хэлэлцээ хийх нь чухал” гээд парламент хоорондын харилцааг улам бүр гүнзгийрүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрэн хөгжих боломж нээгдэнэ гэсэн юм.

Японы парламентын төлөөлөгчид айлчлалынхаа явцад Хөшгийн хөндий дэх шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцсан байна. Төслийн ажил төлөвлөсний дагуу амжилттай явж байгаад баяртай байна гэлээ. Тэд мөн Хүүхдийн урлан бүтээх төвд зочилж, Монголын хүүхдүүдийн урласан бүтээлүүдтэй танилцаж, ирээдүй үеийнхний хийсэн бүтээснээр бахархасан тухайгаа сонирхуулав.

Зочид Улаанбаатарын ойролцоо гэр буудалд байрлаж хонохдоо Монголын байгалийн сонин сайхан үзэгдэлтэй тааралдаж, урьд орой нь шаргалтаж байсан газар маргааш өглөө нь цасанд умбаж цав цагаан болсныг харж гайхсан талаараа сонирхуулан ярилаа.

Уулзалтын төгсгөлд Японы төлөөлөгчид удахгүй болох УИХ-ын сонгууль ардчилсан зарчмаар, ил тод, шударга болж, Монголд ардчилал улам бэхжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэн зочдод ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32641
0 эможи
keyboard_arrow_up