Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

2014 оны 5 сарын 21

Шанхай хотноо болж буй Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Владимирович  Путинтэй өчигдөр орой албан ёсны уулзалт хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович  Путин нарын уулзалт хоёр улсын эдийн засгийн  уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулсан нөхөрсөг яриа хэлэлцээ болов.

Уулзалтаар Орос Монгол хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах талаар санал солилцов. Төмөр замын хамтын ажиллагааны асуудал, ялангуяа  Монголоор дамжин өнгөрч буй төмөр замын тээврийг  өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дамжин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр тал ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.

“Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замынтээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович  Путинг Монголд айлчлахыг урив.

Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яригдсан асуудлуудыг  Монгол Улсын Ерөнхий сайдын  Санкт-Петербургт хийх  уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар боллоо.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3260
0 эможи
keyboard_arrow_up