Ц.Элбэгдорж: АСЕМ бол Ази, Европ хоёр тивийн хоорондох яриа, хэлцлийн хамгийн чухал механизм юм
Улаанбаатар хотноо өнөөдөр ажлаа эхэлж буй Ази-Европын парламентын түншлэл /АСЕП/-ийн 9 дүгээр уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Хоёр тивийн хооронд ийм өргөн хэлэлцүүлэг явж байгаа нь маш их чухал зүйл
Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга, энд хүрэлцэн ирсэн парламентын дарга нар, парламентын гишүүд, эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Аливаа парламентын төлөөллийн хурал гэдэг бол маш чухал хурал байдаг. Парламентын гишүүд бол маш их чухал үүргийг, нэр хүндтэй, хариуцлагатай албыг авч явдаг хүмүүс юм. Ази-Европын парламентыг төлөөлсөн нэр хүндтэй, хариуцлагатай элч төлөөлөгчид манай оронд айлчлан ирсэнд бид туйлын их баяртай байна. Өөрийн ард түмнээ төлөөлж Монгол Улсад хүрэлцэн ирж, энэ чухал асуудлыг хэлэлцэхээр ирсэн та бүхэнд туйлын их баярлаж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. /Алга ташив/
Монголчууд “Хавар цаг бол шинэ цагийн эхлэл юм” гэж ярьдаг. Энэ удаагийн Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт бол манай улсад энэ жил болох олон цуврал уулзалтуудын хамгийн гол нээлтийн уулзалт юм. Тийм учраас бид энэ уулзалтад маш их ач холбогдол өгч оролцож байна.
Ази, Европ хоёр тивийн хувьд бие биеэсээ суралцах зүйл их байгаа. Мөн бие биетэйгээ ярилцах зүйл бидэнд их байгаа. Бие биетэйгээ хуваалцах зүйл асар их байгаа гэж бодож байна.
Би хувьдаа энэ АСЕМ гэдэг санаачилга, байгууллагыг Ази, Европ хоёр тивийн хоорондох яриа, хэлцлийн хамгийн чухал механизм юм гэж боддог. Тийм учраас энэ чухал үйл явцад Монгол Улс идэвхтэй оролцох ёстой. Учир нь Ази-Европын хоорондын уулзалт болох АСЕМ-ийн хүрээнд 100 гаруй идэвхтэй санаачилга, сэдэв байнга хэлэлцэгдэж, яригдаж байгаа. Аль ч олон улсын байгууллагын хүрээнд ийм өргөн хэлэлцүүлэг явдаггүй. Манай хоёр тивийн хооронд ийм өргөн хэлэлцүүлэг явж байгаа нь маш их чухал зүйл гэж бодож байгаа.
АСЕМ бол дэлхийд тулгамдаж байгаа асуудлыг ярилцах, хэлэлцэхэд шинэ үлгэр жишээ болсон сайн талбар юм
АСЕМ-ийн өөр нэг онцлог бол дарга нарын байгууллага биш. Мэдээж дарга нар оролцдог. Гэхдээ ард иргэд илүүтэй оролцдог. Эмэгтэйчүүд, залуучууд, ард иргэдийн төлөөлөл оролцдог. Бизнесийн төлөөлөл оролцдог. Нийгэмд байгаа бүх ашиг сонирхол, төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлдэг, ярилцдаг, хэлэлцдэг ийм чөлөөтэй талбар юм. Тийм учраас дэлхийд тулгамдаж байгаа асуудлыг ярилцах, хэлэлцэхэд бас нэгэн шинэ үлгэр жишээ болсон сайн талбар юм гэж хувьдаа боддогийг энд хэлэх нь зөв байх аа.
Энэ бүхний манлайд парламенчдын чуулга уулзалт, тухайн ард түмнийхээ нэр төртэй төлөөлөл болсон та бүхний уулзалт явдаг юм.
Ази-Европын энэ уулзалт их чухал юм. Яагаад гэвэл Ази, Европ гэсэн хоёр тивд дэлхийн нийт эдийн засгийн 63 хувь, дэлхийн нийт хүн амын 58 хувь ноогддог. Эдийн засаг, хүн ам талаасаа авч үзвэл дэлхийд тулгамдаж байгаа хамгийн том асуудлыг манай хоёр тивийн хүрээнд ярьж ойлголцож чадах юм бол дэлхий нийтийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, энх тайванд их чухал үүрэгтэй.
Монгол Улсын хувьд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, мөн АСЕМ-ийн цуврал уулзалтуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа бид туйлын их баяртай байгаа. Манай ард иргэд, олон нийт энэ уулзалтуудад маш их ач холбогдол өгч байгаа гэдгийг энд хэлье.
20 жилийн ойн уулзалтаар хэтийн төлвөө тодорхойлно
Энэ жилийн уулзалтын бас нэг онцлог бол АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхцаж байгаа юм. Зөвхөн АСЕМ-ийн 11 дэх уулзалт төдийгүй 20 жилийн ойн уулзалт болно. Хорин жил гэдэг бол бид арав арван жилээр ажлаа дүгнэдэг хүмүүс. АСЕМ-ийн 10 жилийн ойн үеэр маш чухал, ирээдүйгээ харсан баримт бичиг гарч байсан Одоо энэ 20 жилийн ойн үеэр мөн чухал зорилтууд гарна. Бид нар 20 жилд юу хийснээ дүгнэж ярилцана. Цаашдаа энэ хоёр тив, дэлхий нийтийн өмнө юу тулгамдаж байгааг ярилцана. Хэтийн төлвөө тодорхойлно. Ийм учраас Монголд болж байгаа уулзалт бол их чухал уулзалт юм гэж харж байгаа.
Монголын төр засаг, ард түмэн АСЕМ-ийн Улаанбаатарт болж байгаа уулзалтыг 100 жилд нэг олдох боломж гэж үзэж байгаа. Яагаад гэвэл АСЕМ-ийн гишүүн орнуудыг тойроод энэ уулзалт 2 жил тутамд нэг удаа хийгддэг. Энд 53 гишүүн байгаа. Ингэж үзэх юм бол Улаанбаатарт магадгүй 100-гаад жилийн дараа АСЕМ-ийн уулзалт дахиад болох байх. Ийм учраас 100 жилд болж байгаа ийм чухал уулзалт гэж үзэж манай төр, засаг, ард иргэдийн зүгээс их ач холбогдол өгч оролцож байгаа.
800 жилийн өмнөх уламжлал, өвөг дээдсийн маань хийж явсан гайхамшигтай үйл хэрэг бидний үед, та бүхний оролцоотойгоор эргэн сэргэж байна
Сая манай УИХ-ын дарга тэмдэглэж хэлсэн. Монголчууд энэ уулзалтад ач холбогдол өгөх бас түүхэн учир шалтгаан байгаа юм. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг тэмдэглэнэ. Их Монгол Улс гэдэг бол бичсэн Үндсэн хууль, Их засаг гэдэг Үндсэн хуулийн дор удирдаж явсан, байгуулж явсан гүрэн. Дэлхийн хуурай газарт бий болгосон хамгийн том их гүрнийг бичмэл хууль, дэг журмын дор зохион байгуулсан үндэстэн бол монголчууд юм. Тэр үед монголчууд хүний сүсэг бишрэл, эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг, худалдааны эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг, энх тайван, сайн сайханд хүндэтгэлтэй ханддаг, ийм гүрнийг байгуулж явсныг энд хэлэх ёстой.
Одоо ч гэсэн Монгол Улс газрын байршлын хувьд Ази, Европ хоёр тивийн уулзвар дээр байдаг. 800 жилийн өмнө Монголд, Монголын нийслэл Хархорум хотод зөвхөн Европоос төдийгүй бусад улс орноос, дэлхийн янз бүрийн хэлийн чөлөөт худалдаачид ирж байсан. Уран дархчууд, алдартай архитектор, алдартай бүтээлчид цугладаг байсан. Улс улсыг төлөөлсөн дипломатууд, элч төлөөлөгчид ирдэг байсан. Цэргийн зүтгэлтнүүд, төрийн зүтгэлтнүүд Монголын нийслэлд цугладаг байсан. Шашны зүтгэлтнүүд Монголын нийслэлд цугларч тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг ярилцдаг байсан юм. Ийм уламжлал бидэнд байдаг. Энэ уламжлалдаа үнэнч байхыг хичээдэг юм.
Энэ уламжлал, өвөг дээдсийн маань хийж явсан энэ гайхамшигтай үйл хэрэг 800 жилийн дараа, бидний үед, та бүхний оролцоотойгоор эргэж сэргэж, Монгол газар нутагт эргэн ирж байгаад монголчууд бид асар их баярлаж явдаг гэдгийг энд тэмдэглэж хэлье.
Монгол Улс гурван санаачилга дэвшүүлнэ
АСЕМ-ийн уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч оролцож байгаагийн бас нэг шалтгаан бол өнгөрсөн зүйлүүдээ ярьж, цаашдын хэтийн зорилтоо тодорхойлно. Монгол Улсын хувьд мөн тодорхой санаачилгатай оролцъё гэж бодож байгаа. АСЕМ-ийн санаачилгууд дотроос ороогүй санаачилга юу байна гэхээр бараг олдохгүй байгаа. Гэхдээ бага хэлэлцэгдсэн, бараг ороогүй байсан 2-3 санаачилга байгаа. Үүнийг Монгол Улсын хувьд, бид нэмж оруулж байгаа.
Энэ нь нэгдүгээрт, хуулийн засаглал ба авлигатай тэмцэх асуудал. Шинээр бий болж байгаа нийгэм, улс орон, дэг журам, янз бүрийн зүйлүүд нь муу засаглалаас болж алддаг, унадаг, иймэрхүү байдлууд харагдаж байгаа. Ийм учраас бид хуулийн засаглалыг нэгдүгээрт тавих ёстой. Муу засаглал, авлигатай бид тэмцэх ёстой. Энэ сэдвийг бид ярих ёстой гэж үзэж байгаа.
Хоёрт, бид эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэдэг улс. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийн талаар онцлон ярих ёстой. Эмэгтэйчүүдийг газар бүр, төрийн бүх институтэд дэмжих ёстой. Энэ бол маш чухал зүйл гэж үзэж байгаа. /Алга ташив/
Гуравт, дэлхий нийтэд чиг хадлага болж байгаа Start-up буюу шинэ бизнес гэсэн ойлголт байдаг. Бизнесийн шинэ эхлэлийн тухай, залуу үеийнхний шинэ бизнес, шинэ технологи, шинэ санаачлагуудын тухай сэдэвчилж яривал зүгээр гэж Монгол Улс ийм гурван сэдэв санал болгож, энэ уулзалтын хүрээнд ярилцъя гэж байгаа юм.
Улаанбаатарт “АСЕМ центр” байгуулахаар ярилцаж байна
Монголчууд нүүгээд явахад гэрийн буурь гэж үлддэг. Түүнтэй адил АСЕМ Монголд зохион байгулагдахад бидний үргэлж оруулж байх нэг хувь нэмэр байх ёстой гэж үзсэн. Ингээд бидний зүгээс Улаанбаатарт “АСЕМ центр” гэж байгуулъя гэж ярилцаж байгаа. АСЕМ-ийн нарийн бичгийн дарга нарын газар гэж хүнд суртлын байгууллага байдаггүй. Үүгээрээ манай энэ уулзалт бас онцлогтой. Бид зүгээр “АСЕМ центр” гээд утсан дээр сууж байдаг, дараагийн хурал болох улс оронд тусалж байдаг, АСЕМ-ийн өмнөх хурал болсон улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж байдаг, мэдээлэл хуваалцахад нь тусалж байдаг маш жижигхэн, хоёр гурван хүнтэй төв Монголд байгуулбал зүгээр юм байна. Яагаад гэвэл Монгол Улс өөрөө Ази, Европ тивийн дунд оршиж байгаа. Бид ийм байдлаар АСЕМ-ийн үйл ажиллагаанд цаашдаа дэмжлэг үзүүлэх ийм бодол байгаа. Ийм санаачилгыг бид гаргаж байгаа гэдгийг бас энд хэлье.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглалд маш их ач холбогдол өгөх болно
Бид АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглалд маш их ач холбогдол өгч байгаа. Парламентчид та бүхэн цуглаад, яриад бас тунхаглал гаргаж байгаа. Энэ тунхаглалыг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулна. Та бүхний гаргасан санал, санаачилгыг тэнд ирэх төр, засгийн тэргүүн, улс орноо төлөөлж байгаа хүмүүст хүргэхэд Монгол Улс, бидний хувьд маш их анхаарал тавих болно. Та бүхний ярьсан хэлсэн зүйл, та бүхний санаачилга тэнд тусгалаа олоход бид тусална гэдгийг энд хэлье.
Төгсгөлд нь хэлэхэд Монгол бол найрсаг орон. Монгол бол аугаа түүхтэй, аугаа соёлтой, өөрийнхөө ирээдүйгээр, өөрийнхөө өнөөдрөөр бахархаж явдаг ард түмэн. Монгол бол нээлттэй орон. Энд байх богинохон хугацаандаа манай оронтой, манай ард түмэнтэй, бидний соёлтой, бидний амьдралын хэв маягтай та бүхэн илүү танилцаасай. Илүү мэдээлэл аваасай гэж хүсч байна.
Та бүхэнд таалагдвал, дахин дахин ирмээр байвал дахин дахин Монгол Улсад ирээрэй. Та бүхэн бол манай УИХ-ын даргын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгатай байнгын зочид байх болно шүү гэдгийг бас хэлье. Та бүхний ажилд их амжилт хүсье” гэлээ.