Монгол Улсын Ерөнхийлөгчид Македон Улс, ӨАБНУ, Нидерландын Вант Улс, Палестин Улс, Уругвай Улсын Элчин сайд нар ИЖБ барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Македон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Илия Исайловски, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Долана Мсимхнг, Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роналд Кэллэр, Палестин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Махмуд, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фернандо Лугрис нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нартай уулзлаа. Бүгд Найрамдах Македон Улсын Элчин сайд Илия Исайловски томилогдсон хугацаандаа хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний ажилд өндөр амжилт хүсэн ерөөлөө. Өнгөрсөн жил хоёр орны хоорнд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиосон бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг нь хоёр талын харилцаа гүнзгийрч болох салбарууд юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Элчин сайд, хатагтай Долана Мсимхнгтэй уулзах үеэрээ тус улсыг Африк тив дэх сайн түнш хэмээн үздэгээ илэрхийлж, хатагтай Элчин сайдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.
Нидерландын Вант Улсын Элчин сайд Роналд Кэллэртэй уулзах үеэрээ 1990 оны ардчилсан хувьсгалын эхэн үеэс Нидерланд Улстай ардчиллыг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн эрс шинэчлэлтүүдийг хийх чиглэлд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ. Хоёр орны дипломат харилцаа 1972 оноос эхэлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.
Палестин Улсын Элчин сайд Халед Махмуд Элчин сайдаар томилогдон ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсч, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Элчин сайдын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэлээ.
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Элчин сайд Фернандо Лугристай уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Латин Америкийн орнуудтай, түүний дотор Уругвай Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж ирснийг онцоллоо. Элчин сайд Фернандо Лугрис хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Мэдээний дүрсийг эндээс үзнэ үү.