Ц.Элбэгдорж:Томоохон төслүүдээ хэрэгжүүлсэн бол хямралд өртөхгүй байсан
Монголчууд томоохон төслүүдээ эртхэн хэрэгжүүлж эхэлсэн бол эдийн засгийн хүндрэл нүүрлэхгүй байсан гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Сургамж, сорилт, шийдэл” сэдвийн дор болж буй Монголын эдийн засгийн чуулганы үеэр онцлов.
Монгол Улсад эдийн засгийн хүндрэл нүүрлэж, өндөр настнууд тэтгэврээ, эмэгтэйчүүд халамжийн дэвтрээ барьцаалж, хоол хүнс, эм тариатай залгаж байна. Санхүүгийн боломжтой аж ахуйн нэгжүүдийн тоо өдөр ирэх тусам буурч, ажилчдынхаа цалинг банкнаас зээлж байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Тэрбээр, “Монгол Улсын төсөв жилд 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн тодотгол хийдэг. Төсвийн тодотгол гэдэг бол иргэдэд очих мөнгө, бизнесийнхэнд очих зээлийг хасна гэсэн үг. Хэрэв том төслүүдээ эртхэн хэрэгжүүлж чадсан бол, олон мянган хүн ажлын байртай болж, аж ахуйн нэгжүүд хөрөнгөтай байх байсан. Монгол Улс боломжийг алдах хэмжээний тансаг орон биш. Бидэнд боломж тэр бүр олддоггүй. Гэтэл улс төржилтөөс шалгаалан боломжийг алдаж байна. Тиймээс бид эдийн засгийн талаар бус улс төрийн талаар ярих хэрэгтэй. Улс төрчидтэй хариуцлага тооцох тогтолцоог хэлэлцэх ёстой.
Тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Тиймээс нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд ямар ажил хийхийг нь, гишүүдийг алдаа гаргасан тохиолдол ямар хариуцлага хүлээлгэх талаар асуух хэрэгтэй. Монгол Улсад хохиролтой шийдвэр гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд, авлигал авч, ёс суртахууны доголдол гаргасан үед өөрөө өргөдөл гаргаад, албан тушаалаа хүлээлгэж өгч чадах уу гэдгийг асуух ёстой.
Одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй гурав хонож байна. Энэ чуулганаар Цацрага идэвхит бодисын асуудлыг хэлэлцэх ёстой. Үүнд бид нухацтай хандах ёстой. Тиймээс яарах хэрэггүй. Харин Хариуцлагын тухай, Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Одоогийн УИХ хариуцлагын тогтолцоо ярихгүйгээр завсарлах эрхгүй” хэмээв.
Ерөнхийлөгчийн үгийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно. Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй Монголын эдийн засгийн чуулган “Бизнесийн орчин” нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.