Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эдгээр төлөөлөгчид Улаанбаатарт энэ 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт хамрагдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга И.Летемме, тус хүрээлэнгийн Ази, Номхон далай бүс нутгийн захирал Лийна Рикилла Тамонг болон Афганистан, Бутан, Камбож, Киргиз, Непал, Мьянмар, Зүүн Тимор, Шри Ланк, Индонез, Лаос зэрэг орны Засгийн газрын болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцлоо.
Тэд ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх, сонгуулийн ардчиллыг хөгжүүлж үр дүнд хүрсэн туршлага болон өнгөрсөн 26 жилд Монгол Улсын олсон ололт амжилт, тулгарсан сорилтуудыг бусад улс орнуудтай хуваалцах, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуулт асууж, хариулт авсан юм.
Уулзалтын эхэнд ноён И.Летемме Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Улаанбаатарт хийсэн 2 өдрийн семинарын туршид Ази, Номхон далай бүсийн 10 гаруй орны төлөөлөгчид ардчиллыг хөгжүүлж буй туршлага, сонгуулийн сургамж болон сонгуулийг шударга, нээлттэй явуулах боломж зэрэг асуудлаар санал бодлоо солилцож , илтгэл хэлэлцүүлж, Монголын туршлагаас хуваалцаж, Монголд тав тухтай айлчилсан талаараа танилцуулав.
Афганистаны төлөөлөгч Монголд ардчилал тууштай хөгжиж буйг нүдээрээ үзэж, гайхалтай хөгжиж байгаа орон гэдгийг мэдэрснээ хэлээд Афганистаны тал Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийг эрмэлзэж байдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтад оролцогчдод баяр хүргээд Монгол Улсын ардчиллын замнал, 26 жилийн түүх болон ардчилсан, чөлөөт сонгуулийн эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцооны хувьд бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлэхүйц улс болж байгааг тэмдэглэлээ. Тэрээр хэлэхдээ “Ардчилал бол Монголын ард түмний сонирхолд ихээхэн нийцсэн зүйл юм. Монголчуудын сэтгэхүй хөрш хоёр орноосоо ихээхэн өөр. Хөрш хоёр оронд, тухайлбал БНХАУ-д төр нь хүчтэй байж ард иргэд нь хүчирхэг байна гэж үздэг бол Монголд иргэд нь хүчирхэг байж улс орон, төр нь хүчирхэг байна хэмээн үздэг” гэлээ.
Монголд хууль, шүүхийн салбарын шинэчлэл амжилттай хэрэгжиж, төсөв, санхүүг шилэн дансаар хянаж, иргэд түүн дээр давхар хяналт тавьж, авлигын индекс буурсаар ирснийг мөн дурдлаа.
Бүс нутгийн орнуудад арлчилсан сонгууль явуулдаг туршлагаасаа амжилттай хуваалцаж байгааг Төрийн тэргүүн онцолсон юм. Иргэдээ хурууны хээгээр нь бүрэн бүртгэн Иргэний бүртгэл, мэдээллийн санд хадгалж, биометрийн үзүүлэлтүүдээр нь санал авдаг болсон. Сонгуульд автоматжуулсан систем хэрэглэж байгаа нь сонгуулийг маргаангүй явуулах гол хэрэгсэл болсон гээд Киргиз Улсад Парламентын сүүлийн сонгуулиа Монголын туршлагаар автоматжуулсан системээр явуулсан нь маш их үр дүнтэй болсныг сонирхууллаа. Сонгуулийн дараахан Киргизийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар холбогдон сонгууль гайхамшигтай үр дүнд хүрсэн талаар хэлсэн гэдгийг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдөд жишээ болгон хэллээ.
Уулзалтад оролцогчид ардчилал, ардчилсан сонгуулийн хүрээнд монголчуудын олсон амжилтыг өндрөөр үнэлж, 26 жилийн өмнө тоталитар дэглэмтэй байсан Монгол Улс өнөөдөр АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо хийлгэн Ази, Европ хоёр тивийн төлөөллийг Улаанбаатарт уулзуулах хэмжээний том амжилтад хүрсэнд нь баяр хүргэцгээж байв.