16 гавьяат цолтон шинээр төрлөө
Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан
батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, мал аж ахуй, зам тээвэр, барилга болон аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр болов.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гардууллаа.
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Догсомын Тогооч, Дэвшил трейд ХХК-ийн дэд захирал Бямбын Наваанцэрэн нарыг,
Монгол Улсын гавьяат багш цолоор Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн ахмад багш нарын холбооны тэргүүн Цоодолын Амгалан, Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Гэндэнгийн Бүдтуяа, Удирдлагын академийн профессор багш, Монголын менежментийн холбооны тэргүүн Дагвадоржийн Цэрэндорж, Ач анагаах ухааны дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Бодийн Дагданбазар, ХААИС-ийн бүртгэл санхүүгийн тэнхимийн доктор, профессор Лхагвын Жаргал, Гурван тамир сургуулийн тэнхмийн эрхлэгч Дамбын Норджав, Хөвсгөл усан зам ХХК-ийн захирал Чулуунбаатарын Үржинбадам, Скайнэтворк ХХК-ийн ерөнхий менежер Цагааны Болд нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор БЗД-ийн 24-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Цэрэнпуугийн Баатар, Монголын Өстомын холбооны ерөнхийлөгч Эрхэмбаярын Цогт нарыг,
Монгол Улсын гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын тэмээчин Гажидын Бүдийг,
Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Аэромонголиа ХХК-ийн нислэгийн албаны багш нисгэгч Лувсанбалдангийн Лувсанчимэдийг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ШШГЕГ-ын харъяа Сүлд спорт хорооны тамирчин Түвшинтөгсийн Батчимэг, Монгол улсын нисэх загварын спортын шигшээ багийн тамирчин Мижиддоржийн Гонгор, Тулааны Шандас клубын тамирчин, дасгалжуулагч Жадамбын Нарантунгалаг, БГД-ийн 18-р хорооны иргэн, бодибилдингийн тамирчин Жүнсийн Нурлан нарыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Цэвэлмаагийн Баярсайханыг,
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын зохиолчдын эвлэлийн уран бүтээлч Тангадын Мандир, Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч Намхайдагвын Орхон, МУИС-ийн багш, орчуулагч Мэнэрэлийн Чимэдцэеэ, Радио телевизийн дээд сургуулийн багш Цэрэннадмидын Пунсаа, Дархан-Уул аймгийн Цогт Аян ХХК-ийн захирал Маамуугийн Хунлуйз, Туяа-Эрдэнэ ХХК-ийн гэрэл зурагчин Цогийн Хэнз нарыг,
Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Клиникийн 2-р нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Цагааны Нармандах, Ачтан эмнэлэгийн зүрх судасны тасгийн зөвлөх эмч Гончигжавын Тогтох нарыг,
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор БХИС-ийн зөвлөх профессор, Геополитикийн хүрээлэнгийн захирал Довчингийн Мягмарыг,
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Данзангийн Сүрэнхорлоог,
Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цэгээн хуст ХХК-ийн захирал Булданаагийн Ганболдыг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор БЗД-ийн 26-р хорооны иргэн, ахмад тээвэрчин Дамдингийн Готов, Ганц зам ХХК-ийн жолооч Лувсангийн Гунгаа нарыг,
Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Монголын цахилгаан холбоо ХК-ийн ахмад ажилтан Рэнчингийн Дэчинлхүндэвийг,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн, ахмад нотариатч Очирбатын Нямдорж, Ахмад дипломатч Жаргалсайханы Энхсайхан нарыг,
Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Налайх дүүргийн 6-р хорооны иргэн, худалдааны байгууллагын ахмад ажилтан Жамъяндоржийн Чулуунбаатарыг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХСИС-ийн Тусгай бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч Жамъянжавын Гантогтохыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн тэргүүн Цэдэндоржийн Энхбаяр, Хөдөлгөөний аюулгүй байдал сангийн гүйцэтгэх захирал Мядагийн Рэнцэндорж, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны гадаад харилцаа уран бүтээлийн менежмент хариуцсан гүйцэтгэх захирал Нямбуу Баянмөнх нарыг,
Алтангадас одонгоор Налайх дүүргийн 4-р хорооны өндөр настан Какиегийн Затия, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч Лувсандашийн Нинжжамц, Үндэсний мэдээ сонины ерөнхий эрхлэгч Шатарбалын Даваадорж, Пластик центр ХХК-ийн менежер Түвшингийн Ганхуяг, СБД-ийн 16-р хорооны Ахмадын зөвлөлийн дарга Даржаагийн Наранцэцэг нарыг тус тус шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн, төрийнхөө нэрийн өмнөөс хийсэн бүтээсэн ажил үйлсээ үнэлүүлж байгаа Монгол Улсын олон мянган ард иргэддээ та бүхнээр төлөөлүүлэн сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбар салбартаа гаргасан амжилтыг үнэлэн хүртээж байгаа шагнал юм. Танай хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал юм. Мөн гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхны тань хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлж байгаа ийм шагнал юм.
Хамгийн гол нь цаашдаа хийж бүтээх боломж, урмыг өгч, цаашдаа хийж бүтээх зүйл чинь улам арвин байна гэдэгт итгэж өгч үнэлж байгаа шагнал юм гэдгийг хэлье. Төр, түмнийхээ итгэлийг дааж, шагналынхаа энд хүрч, илүү улам сайн ажиллахыг та бүхэнд ерөөе. Гуравдугаар сард тохиодог олон баярыг давхцуулж төр, түмнийхээ үйл хэрэгт сайн зүтгэж байгаа, сайн ажиллаж амжилт гаргаж байгаа салбар салбарын хүмүүсийг төлөөлүүлэн та бүхнийг шагнаж байна. Та бүхэнд дахин баяр хүргэе. Амжилт хүсье” гэлээ.