Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор, Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Их баярлалаа, ээжүүддээ. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Жил бүр одонтой мянган ээжүүдийн уулзалт их сайхан болдог. Алдарт эхийн одонтой буянтай ээжүүдэд зориулсан хамгийн сайхан арга хэмжээ энэ байдаг. Миний хувьд жил бүхэн энэ өдрийг хүлээдэг. Ээжүүдтэйгээ уулзах, бодол, саналаа хэлэх, зургаа хамт татуулах гээд их олон ажилтай байдаг.
Энэ өдөр бол бас миний хорвоод мэндэлсэн өдөр. Ээжүүдийн баяраар төрсөндөө их баярладаг. Ээждээ би айлын найм дахь хүү, нэгдүгээр одонгийн хүү, отгон хүү нь болж төрсөн. Олон ээжүүдтэйгээ хамтарч төрсөн өдрөө эргэж дурсахад үргэлж сайхан байдаг. Манайх хөдөө малчин айл байсан. Тэр үед сумын төвд, эмнэлэгт ирж нярайлна гэдэг бол ховор үзэгдэл байсан. “Чи бол эмнэлэгт, их соёлч, боловсон газар төрсөн хүн” гэж манайхан хэлдэг. Төрснөөс хоёр хоногийн дараа аав ирж намайг өвөртөө хийгээд мориор авч явсан гэж ярьдаг. Хүүхдүүд нь гэрт голдуу төрдөг байсан учраас аав маань хүүхдээ нэхий өлгийд өлгийдөж авдаг байсан. Намайг эмнэлэгт, соёлч, боловсон газарт төрснийг бодож аав маань цоохор даавуу бэлдэж, өөрөө хөвөнг нь тавьж өлгий оёж ирсэн. Хөвөнг нь зулж, тэгш тавьж чадалгүй их эв хавгүй, таслаад таслаад тавьчихсан байсан гэж ярьдаг байсан. Миний ээж хэлдэг байсан. Олон хүүхдийн отгон болоод ч тэр үү, ах нартаа гишгүүлсээр байгаад ийм намхан, бага юм төрсөн гэж хэлдэг байсан.
Намайг төрөх үед, 1960-аад онд төрсний гэрчилгээ эхэлж өгч байсан юм билээ. Гэрчилгээ авах гэж аав маань сумын төвд орж ирж байсан. Тэр өдөр гуравдугаар сарын 30 таарсан гэдэг юм. Иргэний үнэмлэх дээр миний төрсөн өдрийг гуравдугаар сарын 30 гээд биччихсэн байдаг. Ээж минь болохоор гуравдугаар сарын 8-нд төрсөн гэдэг. Яагаад ингэж зөрөөд байна вэ гэхээр аав миний төрсний гэрчилгээг авах гээд бичдэг хүн дээр нь орсон. “Танай хүү хэзээ төрсөн юм бэ” гэсэн. Аав “Энэ гуравдугаар сард, сая л төрсөн шүү дээ. Өнөөдрөөр биччих” гээд гуравдугаар сарын 30 болсон. Гуравдугаар сарын 8-нд сумын төвд хоёр ээж төрсөн. Надтай нэг өдөр төрсөн хүү надтай цуг сургуульд явдаг байсан. “Элбэгээ, чи гуравдугаар сарын 8-нд төрсөн. Чиний ээж, миний ээж хоёр хамт төрсөн шүү дээ” гэж ярьдаг байсан. Тийм надтай чацуу хүн одоо байна. Ийм түүхийг сонин болгож хэлье. Энэ сайхан өдрийг, энэ баярыг, энэ хүндэтгэлийн арга хэмжээг хүлээж, та нартайгаа уулзая гэж бодож байдаг юм. Эх хүний зовлонд, эмэгтэй хүний зовлонд ойрхон байгаасай гэж бодож ээж минь намайг гуравдугаар сарын 8-ны өглөө хүртэл тээж төрүүлсэн болов уу гэж боддог.
Бид нэг цугласных, өнгөрсөн жилүүдэд ямар амжилт гаргав. Юу болов. Хүндрэлтэй асуудал юу байна гэж ярьдаг. Өнөөдөр баярын өдөр гэдэг. Зарим нь эхчүүд, эмэгтэйчүүд үгээ хэлэх өдөр гэдэг. Сая зурагт харж байхад нэг эмэгтэй гараад “Ерөнхийлөгч өө, та одонгийн мөнгө нэмж өгнө шүү” гэж байсан. Манай ээжүүд мятрашгүй тэмцэгч улсууд шүү дээ. Миний мөрийн хөтөлбөр дээр одонгийн мөнгөнд тэр олон зуун мянган төгрөг, сая төгрөг өгнө гэсэн тоо байхгүй л байгаа. Гэхдээ ээжүүд, эмэгтэйчүүддээ хандсан нийгмийн дэмжлэг байх ёстой гэж хувьдаа боддог. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх энэ хугацаанд УИХ-аар Алдарт эхчүүдийн одонгийн болзлыг зөөллөж, 5-8 хүүхэд байсныг 4-6 хүүхэдтэй эхэд одон олгоно гэж багасгаж хуульчилсан. Нэг үеэ бодоход хүүхдийн мөнгөн дээр нэмээд Алдарт эхийн одонгийн мөнгө гэж анх удаа олгодог болсныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт эхэлсэн юм, цаашаа амны бэлгээр нэмэгдээд явах байх аа. Засгийн газар ээжүүдээ харж, хүндэтгэлтэй хандах байх аа. Та бүхний дуу хоолой хүрэх байх аа гэж найдаж байгаагаа энд хэлье.
Саяхан бас нэг сайхан мэдээ дуулдсан. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаа байгаа. Түүгээр Монгол Улсыг эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл хамгийн эрчимтэй буурч байгаа орноор нэрлэсэн байгаа. Энэ бол манай эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг олон мянган эмч мэргэжилтнүүд, бүх хүний нөр их хөдөлмөр юм. Ард иргэд, төр, засгийн маань хамтарч бие биеэ дэмжиж хийж байгаа нөр их хөдөлмөр юм гэж хэлье.
Үүнтэй холбоотой хуулиуд гарч байна. Манай эхчүүд, эмэгтэйчүүдэд тохиолддог хүүхдийн цэцэрлэгийн асуудал байдаг. Бид УИХ-ын эмэгтэй гишүүд, бусад гишүүдийнхээ халуун дэмжлэгийг хүлээж, их олон хэлэлцүүлэг хийж, ярьж байж Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Энэ хууль удахгүй хэрэгжих боломжтой. Ээжүүд, эмэгтэйчүүд, тэтгэвэрт гарсан хүмүүс хүүхэд хараад тодорхой стандарт, жишгийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдийнхээ тоогоор мөнгөө аваад, хүүхдээ өсгөөд явах боломжтой. Цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэсэн зовлонтой зүйл багасах байх гэж найдаж байна. Ажлын газрууд, хороо, гудамжинд ч гэсэн стандарт хангасан хүүхэд харах үйлчилгээ бий болох бүрэн боломжтой. Энэ бол сайхан мэдээ.
Хүүхдийн эрх, гэр бүл хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль гэж бид олон жил ярьсан. Энэ хуульд олон шинэ асуудал, уламжлагдаж ирсэн олон зүйл туссан байгаа. Үүнийг олон нийтэд ярьж, хэлж, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллага, хүмүүст хүргэх хэрэгтэй байгаа юм. Хууль гарлаа гэдэг нэрийг нь сонсоод баярлаад л байдаг. Түүн дотор ямар зохицуулалт байгаа юм. Хүүхдийн эрх гэж юуг хэлж байгаа юм. Ямар ажил хийлгэх юм. Ямар ажил хийлгэхгүй юм. Гэр бүлийн эрхийн баталгаа, хамгаалалт гэж юу вэ гэх зэргийг их сайн бодмоор байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль бас саяхан батлагдсан. Би санаачлаад Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гээд эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг голдуу гардаг буруу үзэгдлийг таслан зогсоох чиглэлд олон жил яригдсан хуулийн төслийг бүрэн хэмжээгээр нь хийгээд УИХ-д өргөн барьсан. УИХ энэ хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэх хуулиудын нэгээр батлах байх гэж ярьж байгаа. Үүнийг гаргаад хэрэгжүүлж чадах юм бол эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг гардаг хүчирхийлэл, зодуур, нүдүүр, хүнд байдлууд багасах, наад зах нь тэр этгээдүүдтэй хариуцлага тооцох тогтолцоотой болно. Энэ бол сайн алхам, сайн мэдээ гэж бас бодож байгаа.
Аливаа улс орны хамгийн эхний зохион байгуулалт, аливаа улс орны өсч хөгжих, дэвжих хамгийн гол эд эс нь гэр бүл байгаа юм. Гэр бүл дотор уур амьсгал сайн байх юм бол улс орон сайн байна. Гэр бүл дотор ажил, амьдрал сайн байх юм бол улс орны ажил, амьдрал сайн байна. Гэр бүл дотор хүмүүс зөв хүмүүжил, ёс суртахуунтай байх юм бол тэр нийгэм зөв ёс суртахуунтай байна. Ийм учраас энэ хууль бол их чухал хууль.
Жил бүхэн би ярьдаг. Эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Ээжүүдээ дэмжих хэрэгтэй. Аав хүний хамгийн сайн хийж чадах, хамгийн энгийн ажил бол хүүхдийнхээ ээжийг хайрлах гэж байгаа шүү дээ. Хүүхдийнхээ ээжийг хайрлаж халамжилж явах юм бол аавуудын, эрчүүдийн хамгийн энгийн, сайн хийж чадах ажил гэж боддог. Эрчүүддээ, бүх аавууддаа энэ ажлаа улам сайн хийх байх аа. Эмэгтэйчүүдээ, ханиа, охидоо хайр халамжаар дутаахгүй авч явахын төлөө бүгдээрээ ажиллая гэж аавууддаа, нийт эрчүүддээ энэ өдөр уриалъя.
Эмэгтэйчүүдийн асуудал бол улсын асуудал. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Хүүхдийн асуудал бол улсын асуудал. Хүн амаа олон болгох тухай ярьдаг. Өнгөрсөн жил Монгол Улсын хүн ам 3 сая болсон. Сайхан мэдээ байлаа. Намайг төрж байхад Монгол Улсын хүн ам дөнгөж 1 сая болж байсан юм билээ. Намайг 10 дугаар анги төгсч байхад Монгол Улсын хүн ам 2 сая болж байсан юм байна лээ. Ойролцоогоор 25-27 жил нэг сая хүн ам нэмэхэд шаардагдаад байгаа. Цаашаа 4 сая, 5 сая руу очиход арай богино хугацаа шаардагдах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ олон хүүхэдтэй байна, хүн амаа өсгөнө гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ бол эмэгтэйчүүдэд ачаалал болох ёсгүй юм. Энэ ажлыг төр нь, улс нь, олон нийт нь, гэр бүл нь, аав нь, ээж нь, ах дүү нь бүгдээрээ зэрэг үүрэх ёстой. Ийм сайхан уламжлал бидэнд байдаг. Хүүхдийн хүүхэд, охины хүүхэд, өөрийн үр хүүхэд гараад ирэхэд эмээ, өвөө гээд гэр бүлээрээ тойрч байгаад, тойглож байгаад өсгөөд, газар гишгүүлээд цэцэрлэг, сургууль, соёл гээд явуулдаг энэ сайхан уламжлал бол монголчуудын уламжлал юм. Монгол уламжлалаа улам өргөжүүлж цаашаа авч явах ёстой гэж боддог.
Энэ удаагийн УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо урьд урьдаас олон байгаа. Бид бас их дэмжиж ажилласан. Чих халууцуулсан хүн ганц нэг байж магадгүй байх. Гэхдээ эмэгтэй гишүүд маань дүн ноён нуруутай, хариуцлагатай ажилласан шүү. Эмэгтэйчүүдийг нийгмийн, төрийн бүх түвшинд дэмжих хэрэгтэй. Цаашаа дэмжиж ажиллуулах хэрэгтэй. Олон нийт, бизнесийн байгууллага ч адилхан. Аж ахуй дээр ч адилхан. Хаана ч байсан эмэгтэй хүн ажилд оръё гээд ирэхэд хамгийн түрүүнд авдаг соёлыг, ийм сэтгэл зүйг нийгэмд нэвтрүүлэх хэрэгтэй. Бүх шатны, ялангуяа удирдах албан тушаалд ч ялгаагүй, эмэгтэйчүүдийг дэмждэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол нийгэм тэгш болдог. Яагаад би ингэж яриад байдаг юм бэ гэвэл эмэгтэйчүүд бусдыг боддог. Бусдыг энэрдэг.
Зовлонтой, зүдгүүртэй байгаа тэр юмыг боддог. Хүүхэд нь өлсөөд, сүүгээ санаад уйлж байхыг эмэгтэй хүн хамгийн түрүүнд мэддэг шүү дээ. Хүүхдээ хөхүүлчихээд өөрөө дараа нь цайгаа уудаг жишээтэй. Ийм л явж ирсэн. Энэ бол эмэгтэй хүний төрөлхийн чанар юм. Тэгэхээр эмэгтэй хүнийг дэмжих юм бол нийгэм илүү хүнлэг болно. Дээрээс нь манай эмэгтэйчүүд ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Би олон эмэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байсан, дэмжиж байсан. Нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд хамт оролцож байсан. Эмэгтэйчүүд нэг зорьсон зүйлдээ маш их тууштай байдаг. Чин сэтгэлээсээ хандаж, тэр ажлыг бүтээхийн төлөө явдаг. Тийм учраас нийгэмд хариуцлага бий болдог. Нийгмээ хариуцлагатай болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж боддог.
Манай ээжүүд, эмээ нар, эмэгтэйчүүд дандаа хайр элбэрлийг, сайн сайхныг, зөвийг номлож явдаг хүмүүс. Тиймээс нийгмээ ёс зүйтэй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. Эмэгтэйчүүд аливаа юманд шийдвэр гаргахдаа аюулыг, эрсдлийг үргэлж тооцож байдаг. Хүүхдээ сургуульд явуулах гэж байхдаа л “Хүүхэд маань замдаа яах бол. Хувцас нь ямар байна. Салхи шуурга яах бол. Дулаалаад гар. Малгайгаа өмсөөд, хувцсаа давхарлаад гар” гэж байдаг шүү дээ. Энэ чинь өөрөө эрсдлийг бууруулж байгаа юм. Тухайн нийгмийг аюулгүй, энрэнгүй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ л дэмжих хэрэгтэй. Ингэвэл энэ нийгэм аюулгүй, зөв нийгэм болно гэдгийг хэлье.
Эмэгтэйчүүдийн олон сайхан чанар байгаа. Түүний нэг чанар бол эмх цэгц шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн бохир, хогтой байхыг тэвчдэггүй. “Гэр яагаад цэвэрлээгүй байгаа юм. Хоолоо одоо болтол хийгээгүй юм уу” гээд эмэгтэй хүн дуугарахад гэрт дэг журам тогтож байдаг. Тийм учраас нийгмээ цэвэр цэмцгэр байлгая. Эмх цэгцтэй байлгая. Дэг журамтай байлгая. Хариуцлагатай, хүнлэг байлгая, аюулгүй байлгая гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингээд бүх нийтээрээ эмэгтэйчүүдээ дэмжие гэдгийг энд уриалъя.
Эмэгтэйчүүдээ, ээж нараа хайрлаж, дэмжиж яваарай. Баярлалаа” гэлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Олон нийттэй харилцах, Мэдээлэл боловсруулах алба