Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ илгээв

2016 оны 2 сарын 26

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Баастын 95 насны ойг тохиолдуулан  “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд болов.

Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээснийг уг ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсголоо.

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст Таны амар амгаланг айлтгаж, 95 нас сүүдэр зооглож буйд баяр хүргэн, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Монголын баруун хязгаарт, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булагаас умдаалж өссөн, 15 насандаа буюу 1936 онд “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичин үгийн урлагийн ертөнцөнд хөл тавьсан Бөхийн Баастыг Монголын ард түмэн андахгүй сайн мэддэг. Алтайн сүрлэг уулсын унаган хүү Бөхийн Бааст Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг", "Хөөрхөн Баадий", "Бушуу туулай", дууны шүлгийн “Хайрын дуу”, “Намрын шөнө голын эрэг дээр”, "Чамайг үдье", өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг", "Хунгийн дууль", "Хөвчийн бор"  зэрэг хэдэн арван бүтээл туурвисан нэрт уран бүтээлч болж, Монгол түмнийхээ хүндлэлийн магнайд заларч яваагаар нь бахархаж байна.

Уран зохиолын гэгээн ертөнцөд амьдарч, хөнгөн бийрийг хөшин хүний сэтгэлийг хөдөлгөж, үгээр урлах эрдэм ухааны арвин баялаг өвийг бүтээн, Монголын орчин үеийн уран зохиолын цаг цагийн бодит гэрч болсон Бөхийн Бааст гуай бол уншигч, сэтгэгч, хөдөлмөрч хүн бүхний үлгэр дуурайл юм. Таны бүтээсэн хийгээд бүтээх үйлс улам бүр төгөлдөр байг.

Танд эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29388
0 эможи
keyboard_arrow_up