Ц.Элбэгдорж: Тал талаасаа эвлэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ энэ өглөөний түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Гал бичин жил маань сайхан гарч байна. Өнөөдөр өглөө, өдөр манай ард иргэд ахмад буурлуудтайгаа золгож, хүүхэд багачууд, залуустаа найртай сайхан үгээ хэлж, золгож байгаа, ийм сайхан жил маань ирлээ.
Сар шинийн өглөө бол энэ жилийн 365 хоногт нэг удаа тохиодог сайхан бэлгэдэлтэй өглөө юм. Өнөө өглөөг шинжиж лам хувраг, мэргэд маань ярьж байна. Сайхан өглөө гарлаа. Хүн ард маань тайван, ёс төртэй, их сайхан, гоё ганган золгож байна гэж сая Гантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам ярьж байна. Энэ бол их сайхны үүд нээгдэж байгаагийн шинж тэмдэг .
Энэ жил бол хариуцлагатай жил. Хариуцлагатай олон ажил бидний өмнө байна. Монголын ард түмний амжилт гэдэг бол монгол хүн бүрийн амжилт юм. Ийм учраас тал талаасаа эвлэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран зүтгэцгээе. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие. Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж бойжуулъя.
Гал бичин жилдээ ард олны маань хийморь өөдөө, төрийн минь сүлд түвшин сайхан байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэлээ.