Ц.Элбэгдорж: Байнга төвийг сахих гэдэг нь Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа

2016 оны 2 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.

 

Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ГХЯ, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид уригдан оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын асуудлаар тайлбарлан ярихын зэрэгцээ нэвтрүүлгийн хөтлөгчид болон оролцогчдын асуултад хариулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхний түмэн амгаланг айлтгая. УИХ-д Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл өргөн бариад байна. Хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй. Гурван хуудсанд багтсан маш товчхон хуулийн төсөл байгаа юм. Үүнийг www.president.mn  сайтын “Хуулийн төсөл” гэсэн хэсгээс харж, судлаачид, оюутнууд, мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс, иргэд үзэх боломжтой.

Энэ хуулийн төслөөр тодорхой хүрээнүүдийг зохицуулж үзсэн. Эндээс гуравхан зүйлийг гаргаж хэлье. “Энэ хуулийн үндсэн зохицуулалт бол байнга төвийг сахих гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” гэсэн үндсэн томъёололтой. Нэг үгээр хэлбэл, дайн мөргөлдөөн болох юм бол газар нутгаа дайн мөргөлдөөний талбар болгохгүй, түүнд ашиглуулахгүй. Энхийн цагт энх тайвны бодлогоо явуулна. Тууштай үргэлжлүүлнэ. Ямар нэг дайн, тулаанд бэлтгэсэн цэргийн эвсэл, холбоо, үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн ийм л гол санаа байгаа юм.

Хуулийн төслийн эхэнд нэг чухал санааг зааж өгсөн. Энэ бол зөвхөн энэ хүрээнд л яригдах сэдэв. Монгол Улс байнга төвийг сахих харилцаа нь тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаанд хамаарахгүй. 

Гадаад улс орон, бусад газраас сонирхдог өөр нэг зүйл бол хэрэв бид олон улсын гэрээгээр харилцаагаа зохицуулсан байх юм бол олон улсын гэрээгээ баримтална. Манай Үндсэн хуульд ч тийм заалт бий. Хоёр орны хооронд байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ л баримтална. Олон улсын гэрээгээ баримтална гэсэн тодорхой зохицуулалттай, Монголын үндэсний эрх ашигт нийцсэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлоготой нийцсэн ийм хууль байх юм. Тогтсон стандарт байдаг. Үүнийг л оруулж хэлэлцүүлэх гэж байгаа юм.

Хөтлөгч Баасандамба: -Хууль батлуулах шалтгаанаа та сая тайлбарлалаа. Ийм статустай болох гэж байна гэдгээ бид дэлхий дахинд нээлттэй зарлах гэж байгаагийн ач холбогдол юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Одоо заавал зарлах хэрэгтэй юү, ямар шаардлага байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Түүнд энгийн тайлбар өгье. Өнөөдөр Монгол Улсын олон улсын нэр хүнд, бидний явуулж байгаа бодлого олон талын дэмжлэг хүлээж байгаа. Хоёр хөрш, бүс нутагтаа явуулж байгаа харилцаагаа авч үзэх юм бол хамгийн сайн түвшиндээ байгаа. Монгол Улс ямар нэг олон улсын шинж чанартай маргаан, хэлэлцүүлэг, мөргөлдөөнд татагдан ороогүй байна. Тэгэхээр энэ боломж дээр тулгуурлаж энэ бодлогыг зарлах хамгийн сайн цаг үе нь энэ цаг үе юм гэж дүгнэсэн. Энэ бол нэг хүний санаачилга биш.

Бүр түүхийн үеэс авч үзэх юм бол монголчууд ийм бодлого баримтлахыг хичээдэг байсан. Дүн ноён нуруутай, тогтвортой бодлого л гэсэн үг шүү дээ. Шинэ нөхцөл байдалд ч гэсэн бид энэ бодлогоо авч явж байгаа. Манай олон талт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын бодит үргэлжлэл юм гэж авч үзэх ёстой.

Хөтлөгч Ганбаяр: -Монгол Улс байнга төвийг сахих статусыг зарлахдаа цаг хугацаанаас гадна нэлээд өргөн хүрээнд тайлбарладаг нь харагдаж байна. Жишээ нь, нийгмийн сүлжээнд, академик хүрээнд ч гэсэн хэт өргөн асуудлуудтай хамааруулж ойлгох байдал харагдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Байнга төвийг сахих бодлогын бас нэг сайн тал нь тухайн бодлогыг зарлаж байгаа улс орон тэр бодлогоо тайлбарладаг. Ямар нэг байдал дээр ямар нэг асуудал үүсэхэд Монгол Улс буюу эзэн улсын тайлбараар л явдаг. Олон улсын харилцаанд төвийг сахина гэж яг үүнийг хэлнэ гэж хатуу тулгасан юм уу, журамласан зүйл байхгүй. Тэнгис, далайд байлдаан явуулахад төвийг сахисан орон ямар зарчим баримтлах вэ. Хуурай газрын дайн, байлдаан, мөргөлдөөний үед ямар зарчим баримтлах вэ гэсэн Гаагийн конвенц гэж 1907 онд гарсан олон улсын барим бичиг бий. Тэнд тодорхой зарчмуудыг зааж өгсөн байдаг.

Өмнөх зуунд төвийг сахих бодлогыг хэрэгжүүлж байсан орнууд тодорхой хэмжээгээр бодлогоо хэрэгжүүлж, тайлбарлаж явсан. Орчин үед Монгол Улс үүнийг яаж баяжуулж, өөрийнхөө эрх ашигт хэрхэн нийцүүлж авч явах гэсэн асуудал байгаа. Үүнийг эзэн орон тайлбарладаг. Тухайлбал, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай энэ бодлоготой нийцэж байна уу гэвэл “Нийцэж байгаа. Энхтайвныг сахиулах үйл ажиллагаанд бид оролцоно. Энэ бодлоготой шууд уялдаж байгаа. Энэ бодлого бол энэ дотор багтаж байгаа” гээд л тайлбарлахад бусад нь гарч ирээд “Энэ буруу, энэ тийм бодлого биш” гэж хэлээд манай бодлогыг зогсоох ямар ч шаардлага байхгүй. Хоёр талын уламжлалт батлан хамгаалах бодлогод энэ бодлого нийцэж байна уу гэхэд бидний УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр “Хоёр талын уламжлалт батлан хамгаалах харилцаанд энэ бодлого нөлөөлөхгүй” гээд байж байгаа. Бид аль нэг улстай дайн өдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбараа хөгжүүлж байгаа биш, хэрэв гаднаас ямар нэг зэвсэгт халдлага болбол бид өөрсдийгөө хамгаална гэсэн ийм л хуулийн томъёолол байдаг. Бусадтай дайсагналцахгүй, бүхэнтэй энх тайванч, найрамдалт харилцаагаа хөгжүүлнэ гэдэг зарчмаа л олон улстай тогтоогоод яваад ирсэн сайн үйл ажиллагаа, үлгэр жишээ, сургамжтайгаа Монгол Улс уялдуулж өгч байгаа юм. Энэ талаараа Монгол Улсын эрх ашигнай их нийцсэн бодлого гэж харж байгаа.

Хөтлөгч Ганбаяр: -Энэ бол эдийн засаг, худалдаа зэрэг харилцаатай хамаарахгүй юм байна. Тэгвэл цаг хугацааны ямар нэг хязгаарлалт, хүчин зүйл байх уу. Жишээлбэл, зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэнэ ч гэдэг юм уу. Байнга гэдэг үгийн агуулгыг юу гэж тодорхойлох вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Төвийг сахих бодлого гэдгийн өмнө байнга гэж хэлээд байгаа. Тэр нь байнга, тууштай, хувиршгүй гэсэн утгатай. Монгол Улс байнга гэдгийг яаж харж байна вэ гэвэл бидний бодлого тогтвортой байх юм. Биднийг шүүмжилдэг улс байдаг. Танай бодлого тогтворгүй байна. Савлаж байна гэдэг. Тэгэхээр энгийн хэллэгээр бол улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй. Бид энэ бодлого дээрээ тогтвортой байна л гэсэн үг. Байнга гэдгийн цаана тууштай байна. Байнга гэдгийн цаана энэ бодлогоо бид өргөжүүлж, идэвхтэй ажиллана гэсэн санаа бий.

Магадгүй, зарим хүмүүсийн хэлдгээр байнга гэдэг үг төвийг сахих гэдэг үгийн өмнө байхгүй ч байж болно. Байнга, идэвхтэй гэдэг зарчим хуулин дотроо тусчихсан байхад болох юм гэж манай зарим гишүүд, судлаачид хэлж байгаа. Үүнийг хүлээж авахад бэлэн. Тиймээс бүгдээрээ ярилцаад, аль болох монголчуудын эрх ашигт нийцэж байгаа, олуулаа санаа бодол нь нэгдэж байгаа тэр томъёоллоор ярилцаж, бодлогоо томъёолж, хуульчлах нь чөлөөтэй. Ийм боломжтой.

Хөтлөгч Баасандамба: -Тухайн нөхцөл байдалдаа нийцүүлээд Монгол Улс өөрөө тайлбарлах боломжийг энэ статус олгож байгаа гэж та сая хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ статусаа яаж ашиглах нь биднээс шалтгаална гэсэн үг үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Өнгөрсөн зуунд хүйтэн дайн гэж 1990-ээд он хүртэл үргэлжилсэн хоёр системийн өрсөлдөөн байлаа. Тэр үед явуулах бодлого нь тэр хоёр системийнхээ аль талд ойрхон байна. Алинд нь орж байна гэдгээрээ их тодорхой байсан. Хүйтэн дайн дуусаад тодорхой харилцаанууд явж эхэлсэн. Одоо бол хүйтэн дайны дараачийн нөхцөл байдал үүсч байгаа. Дэлхийн олон улс, биднийг тойрсон манай бүс нутгийн улсууд ч гэсэн гадаад бодлого, стратеги, аюулгүй байдлынхаа бодлогыг шинээр томъёолж байна. Манай хөршүүд ч тэгж томъёолж байна, бүс нутгийн улс орнууд ч тэгж томъёолж байна. Болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд бид ямар байр суурьтай байх вэ гэдгээ урьдчилж томъёолж байгаа юм. Үүнээс Монгол Улс хоцорч болохгүй. Энэ дотроос хамгийн барьж авах боломжтой, тэгээд уламжлалт олон тулгуурт энхийг сахисан бодлогын бодит үргэлжлэл болж гарч ирж байгаа бодого бол энэ төвийг сахих бодлого байгаа юм.

Нөхцөл байдал ер нь өөрчлөгдөж байна. Цаашдаа ч өөрчлөгдөнө. Бас нэг айхтар зүйл бол зөвхөн улс орнууд олон улсын бодлогын үйл ажиллагааг, олон улсын дэг журмыг өөрчлөх, эвдэх нөхцөлд ордоггүй юм байна. Бүр улсын биш, төрийн биш тоглогчид гарч ирж байна. Ойрхи дорнодод байна. Бусад газруудад байгаа халуун цэгүүд байна. Тэгэхээр энэ бодлогоо урьдчилаад, тодорхойлоод, олон нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, ийм бодлоготой байж байх нь аливаа улс оронд хэрэгтэй юм байна.

Зарим хүмүүс шаарддаг юм. Үүнийг гэнэт гаргаж ирсэн. Ямар тайлбар, ямар тулгалт ирсэн юм бэ гэдэг. Ямар ч тулгалт ирээгүй. Ямар ч тайлбарлах шаардлага гараагүй. Гэхдээ бас тайлбарлах үе гарч ирдэг. Өмнө нь Ойрхи дорнод зэрэгт дайн гарахад та нар аль талд нь байгаа юм ч гэдэг юм уу. Танайх ямар байр суурьтай юм бэ гэдэг ч юм уу. Ийм асуудал гардаг. Эндээс нэг дүгнэлт хийх гээд байгаа юм.

Манай хүмүүс, судлаачид, шүүмжлэгчдийн зүгээс гарч байгаа нэг санал бол “За бусад орон юу гэж үзэх бол. Манай хөрш орнууд юу гэж үзэх вэ” гэсэн ийм асуулт их гаргаж ирдэг. Тэгэхээр эхлээд Монголыг бодож ярь. Энэ Монголд хэрэгтэй бодлого уу, үгүй юү. Монгол гэдэг талаасаа асуудлыг хар. Үнэхээр Монголд хэрэгтэй, Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого, Монголын эрх ашигт нийцэж байгаа бол энэ бодлогоо хэрэгжүүлье.

Төвийг сахих бодлоготой болно гэдэг бол тэр зарчмыг тунхаглахыг хэлж байгаа юм. Бодлоготой болно гэдэг бол өөрийн толгойтой болохыг хэлж байгаа юм. Хүнийг дагаад намираад байхгүй л гэсэн үг шүү дээ. Монгол Улсын эзэн бол Монголын ард түмэн. Монгол хүмүүс өөрсдөө байгаа юм. Энэ бодлогыг томъёолж гаргаж ирдэг хүмүүс нь Монголын төр байгаа юм. Тийм учраас Монгол Улс бодлоготой байгаа юм байна. Монгол Улс өөрийн гэсэн толгойтой байгаа юм байна. Монгол Улс энэ бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлэх юм байна гэдэг бол олон улс оронд, бусад улсуудад өгч байгаа маш сайн томъёолол, мессеж гэж ойлгож болно. Нөгөө талаасаа энэ бол манай хоёр хөршийн эрх ашигт асар их сайн нийцэж байгаа юм. Хөрш орнууд нь найрсаг харилцаатай, ойлгомжтой, тогвортой, энхтайван байвал аливаа улс орон дуртай байдаг. Ийм л улс байя гэж бид үзэж байна.

Мөн хоёр хөрштэйгээ бидний байгуулсан, бидний харилцааны үндэс суурь болсон баримт бичгүүд бий. ОХУ-тай бид 1993 онд Найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хүйтэн дайны дараа дэлхийд шинэ дэг журам бий болох үеэр хойд хөрштэйгээ бид уг баримт бичигт гарын үсэг зурж, харилцаагаа тодорхойлсон. Тэрхүү баримт бичигт уг үзэл санаа байдаг. Гадаадын цэргийн баазыг Монголд байгуулахгүй, нөгөө талаас Монголын хил хязгаарын дархан байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ, Монгол Улсын сонгож авсан замыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Мөн 1994 онд БНХАУ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд дээрх заалт үг үсгээрээ байгаа юм. Тэгэхээр эдгээр заалтуудын үг үсэг, үзэл санаанд яв цав нийцсэн бодлого юм.

Олон хүнтэй уулзаж байхад зарим нь “Энэ их ойлгомжтой бодлого байна. Танай энэхүү бодлого бүс нутгийн энхтайван, аюулгүй байдал, зөвшилцөлд хувь нэмрээ оруулах юм байна” гэж хэлдэг. Тухайлбал, бүс нутаг, олон улсын түвшинд ингэж дүгнэх хандлага илүүтэй байна.

Хөтлөгч Баасандамба: -За ингээд нээлттэй микрофоныг та бүхний дунд ажиллуулна. Та бүхэн хоёр минутын хугацаанд сонирхсон асуултаа тавина уу?

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн профессор Н.Алтанцэцэг: -Би Шинжлэх ухааны академид 20-иод жил ажиллан, гадаад харилцааны бодлого судлалын чиглэлээр багшилж ирсэн хүн байна. Та бүхэнтэй санал нэг байна. Монголын гадаад бодлого нь тодорхой томъёлол, нэршилгүй яваад байдаг юм гэсэн бодол төрдөг. Гадаад бодлогод дүн шинжилгээ, анализ хийх, гадаад бодлогын талаар шийдвэр гаргах механизм, зарчим гэж ойлголтууд байдаг. Тэгэхээр Монгол Улсад гадаад бодлогын шийдвэр гаргах механизм чухам ямар үе шаттайгаар, хэрхэн явагддаг юм бэ? Бид оюутнуудад энэ чиглэлээр хичээл заадаг учраас мэдэх гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гадаад харицааны чиглэлээр тодорхой тогтвортой бодлоготой байх нь зөв гэсэн санааг би дэмждэг. Манайхан ярьдаг шүү дээ “Өөх ч биш, булчирхай ч биш байснаас тодорхой, тогтвортой бодлоготой байсан нь дээр” гэж.

Гадаад бодлогыг тодорхойлж гаргадаг үйл явц ямар журмаар явдгийг бид бүгд мэднэ. Үүний хамгийн гол суурь нь бидний уламжлал юм. Бид ямар ч үед уламжлалт гадаад бодлогынхоо зарчмыг хадгалж явдаг. Ямар ч Засгийн газрын үед манай уламжлалт гадаад бодлогын зарчим хадгалагдана гэсэн мэдэгдлийг бид үргэлж хийж харилцах талуудад ойлгуулдаг. Нөгөө талаас энэхүү бодлогыг ямар журмаар хэрэгжүүлэх тухай суурь баримт бичгүүд бий. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд маш тодорхой заасан байдаг. Эдгээр суурь баримт бичгүүдээс гадаад бодлого урган гардаг. Аливаа бодлого хэлэлцүүлэхэд эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулж, тэдний санаа бодлоор баяжуулах нь чухал. Ийм гурван хүрээгээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх.

Хөтлөгч Ганбаяр: -Та энэхүү бодлогыг анх танилцуулж байхдаа төвийг сахих статус нь Монголын тусгаар тогтнолын нэгэн баталгаа болно хэмээн хэлж байсан. Үүний итгэл, үндэслэлүүд нь юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын иргэн бүхэн улс орныхоо аюулгүй байдлын тал дээр санаа зовдог. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хэрхэн улам баталгаажуулан бэхжүүлэх вэ хэмээн бид бүгд бодож явдаг. Тэгэхээр миний итгэл үнэмшлийн дагуу, улс төр, шийдвэр гаргах түвшинд чамгүй удаан хугацаанд ажилласан хүний хувьд энэ төвийг сахих бодлого нь төдийлөн шинэ зүйл биш юм. Өмнө нь Ерөнхий сайдаар болон бусад хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан хүмүүстэй би олонтаа ярилцаж байсан. Тэдгээр хүмүүс “Энэ статусыг бүр 1990-ээд оны үед л зарлачих байсан юм. Тэр үеэс л эхлэх байсан юм. Одоо харин ч зөв шийдвэр гарлаа” хэмээдэг.

Хөтлөгч Баасандамба: -Монголчууд бид бүс нутагтаа идэвхитэй тоглогч болох амбиц, зорилготой байдаг. Энэ статус бидний зорилгод түлхэц өгч чадах уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төвийг сахих статустай улс орнууд тийм ч олон биш. Тийм бодлого явуулж буй улс орнуудын бодлогыг манай судлаачид шинжлэн энэ бодлогыг гаргаж ирсэн. Энэ бодлого Монгол Улсад нийцтэй гэж би хувьдаа харж байгаа. Гадаад бодлого нь Монголын нэр төрийн жин юм. Энэ хэмжүүрийг олон улсад нэмэх боломж бий. Монгол нээлттэй гадаад бодлого баримталдаг, нээлттэй нийгэм байгуулж байгаа. Төвийг сахиж буй улс орнуудыг аваад үзэхэд нэгдмэл, захиргаадалтын ч гэх юм уу улс орон ч байна. Тийм бодлогтой байж тухайн улс орондоо 20 гаруй олон улсын байгууллагыг байгуулаад ирж очоод байж байгаа улс ч байна.

Харин манай улсыг аваад үзвэл Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг ярьж байгаагаас өөрцгүй. Өөр Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байхгүй. Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоороо, энэ бодлогоо тууштай баримтална гэсэн үзэл санаагаараа бүс нутагтаа идэвхитэй сайн оролцогч болох боломжтой.

Бельгийн нийслэл Брюссель хотыг бид мэднэ. Энд НҮБ, НАТО гэх мэт байгууллагын ажилтнууд болох гадаадын 100-аад мянган хүн амьдардаг шүү дээ. Үүн дээрээс гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 300 мянга гардаг. Дээрээс нь тус байгууллагуудын үйл ажиллагаанд оролцохын тулд гадаадын зочид төлөөлөгчид олноороо ирнэ шүү дээ. Энэ нь нэг ёсны сайн хөрөнгө оруулалт болж хувирдаг. Газраа ухна ухахгүй гэж хэрэлдэхийн оронд энэ аргаар улс орныхоо нэр хүндийг өргөж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явбал сайн. Мөн НҮБ-ын салбар орших Женев хотыг жишээ татаж болно. Тайланд нь мөн олон улсын байгууллагуудын Ази дахь төв нь болдог. Мөн Африк тивд Кенийн Найроби хот байна. Вена хотод НҮБ, цөмийн чиглэлийн байгууллагууд, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэх мэт оршдог.

Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа олон улсын харилцаа, зуучлалын төв болох бүрэн боломжтой. Байгаль орчин, ус гэх мэт олон чухал асуудлууд дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Монголчууд энэ статусыг зарлаад сайн үйлс болгон авч үлдэх боломж байна. Энэ боломж манай ард түмэнд, судлаач эрдэмтэд, төрийн бодлого тодорхойлдог хүмүүст бий. Бид зөвхөн энэ боломжийг өгөх үүд хаалгыг нь нээх хэрэгтэй байна.

Хөтлөгч Ганбаяр: -Олон улсын гадаад харилцаа нь болгоомжтой хандахгүй бол их эмзэг асуудал. Япон, Умард Солонгосын хооронд асуудал бий. Энэ асуудлыг хэлэлцэхээр Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулж байсан. Хэрэв төвийг сахих статусыг батлаад, мөрдөөд явах юм бол олон улсын байгууллагаас гадна бүс нутгийн ээдрээтэй харилцаатай улс орнуудад байнга уулзах боломжийг нь нээнэ гэж ойлгож болох уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -“Зан сайтай айлд хүн олон, замаг сайтай усанд загас олон” гэж бид ярьдаг. Тэгэхээр бид төвийг сахих бодлоготой болно гэдэг нь хамгийн энгийн ойлголтоор найрсаг улс болж байгаа юм. Аливаа ээдрээтэй асуудал, улс хоорондын маргаанаа Монголд ирж ярилцдаг болно. Энэ бодлогыг зөв юм байна гэж харуулах нэгэн томоохон үйл явдал бол удахгүй болох АСЕМ-ийн чуулган байна. Европ, Ази хэмээх энэ хоёр том тивийн удирдагчид ирэх долдугаар сард Улаанбаатарт чуулах гэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа улсын хувьд Монголд гишүүн орнуудаас гадна чухам ямар улс орныг урих вэ, ямар яриа хэлэлцээр өрнүүлэх вэ гэж яригдаж байна. Юуны түрүүнд энэ уулзалтыг зохион байгуулах дэд бүтцээ бий болгох хэрэгтэй.

У

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28642
0 эможи
keyboard_arrow_up