Ерөнхийлөгч БНЭУ-аас Монгол улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

2014 оны 5 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртний түүх, соёлын харилцаатай Энэтхэг улсыг төлөөлөн Монголд суух болсонд нь Элчин сайдад баяр хүргэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Энэтхэг хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, мэдээлийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал,батлан хамгаалах зэрэг өргөн салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад хөгжлийн шинэ шатанд гаргах чухал үед ноён Сомнат Гош Монголд хүрэлцэн ирсэнд талархаж байна гэв.

Элчин сайд Сомнат Гош хариу хэлэхдээ Энэтхэгийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг Монголд татах, мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай, эдийн засгийг хөгжүүлэхэд Энэтхэгийн тал анхаарч байгааг тэмдэглэж, хоёр орны харилцаа гүнзгийрч, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль ажиллаж байгаад баяртай байна гэв. Мөн ОХУ, БНХАУ гэсэн хоёр том зах зээлийн дунд байрладаг Монгол Улс Энэтхэгтэй ч мөн адил худалдаа, эдийн засгийн харилцаагаа илүү гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 оны есдүгээр сард Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохирсныг уулзалтын үеэр тэмдэглэж байв. Мөн хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хөгжиж,  хамтарсан ажлын хэсгийн уулзалт жил бүр зохион байгуулагдаж байгаа болон хилийн цэрэг, ҮАБЗ-үүд ажил хэргийн холбоо тогтоон харилцан төлөөлөгч солилцдог болсныг дурдлаа. Хоёр талын хамтран хэрэгжүүлэх гэж буй томоохон ажлуудаас дурдвал жилд гурван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэр, коксжуулсан болон дулааны нүүрс боловсруулах  үйлдвэрийг  барьж байгуулах ТЭЗҮ-г Энэтхэгийн SAIL компани боловсруулахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Элчин сайдын ажилд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар байнга тусалж дэмжиж байх болно гээд ноён Сомнат Гошт эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2708
0 эможи
keyboard_arrow_up