Ерөнхийлөгч "Сорилт шийдэл"-д үг хэллээ
Үндэсний семинарыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд “Та бүхний энэ өглөөний түмэн амар амгаланг айлтгая.
Жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж, тухайн жилийнхээ асуудлуудыг УИХ, Засгийн газар, бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу цуглаж байгаа. Мөн энэ жил нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, ямар шийдэл байж болох тухай гэсэн цаг үеэ олсон асуудлаар та бүхэн ярилцахаар цугларсан нь их зөв юм.
Эхэнд нь миний хэлэх нэг санаа бол бидний сонгож авсан зам, манай нийгмийн байдалтай холбоотой хоёр зүйлийг хэлье. Хоёр хэсэг ойлгот яваад байгаа юм. Нэг хэсэг нь бидний сонгосон зам бол зөв. Ерөөсөө үүгээр явах ёстой гэсэн, түүнд итгэсэн, тэр нь догма болчихсон нэг хэсэг явж байна. Дээхнэ үед бид хуучинсаг үзэлтэн гэж ярьдаг байлаа шүү дээ. Яг тийм хэлбэр рүү орчихсон. Гэтэл дэлхий нийт, орчин нөхцөл маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бидний сонгож авсан зам гэдэг ойлголт бол монголчууд улс нийгмээ, амьдралаа хамгийн үр дүнтэйгээр яаж удирдаж авч явах вэ гэсэн асуудал шүү дээ. Түүний эрэл хайгуул байгаа юм. Хамгийн үр дүнтэй удирдлагад орон нутагт ч бай, төвд ч бай, нийцэхгүй байгаа бол бид явж байгаа зүйлээ солиод, өөрчлөөд, шинэчлээд явах ёстой гэсэн нэг зүйл байгаа. Хоёр дахь хэсэг бол “Бүх юм болохоо байчихлаа. Одоо орвонгоор нь өөрчилж эргүүлэхгүй бол болохгүй байна. Миний ярьж байгааг л хийхгүй бол болохоо болилоо” гэсэн нэг ийм ойлголт явж байна.
Эндээс дүгнэлт хэлэхэд шинэ нийгэмд шилжээд бид 26 жил болоход хүмүүс бид бүгдээрээ маш их суралцсан. Нийгэм өөрөө маш их хэрсүү болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгэмдээ халдацгүй, наалдацгүй зүйл ярихад нийгэм түүнийг хүлээж авч чадахгүй. Эндээс юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөдрийн энэ тогтсон тогтолцоо, улс төр, энэ чиглэл нь сайжрах тал руугаа цаашаа явах байх. Нэг их унаад айхавтар муудчихгүй байх. Бас нэг их айхавтар солигдоод, өөр болоод, мундаг болчихгүй байх. Ерөнхий гол дүн нуруу бол энэ чигээрээ цаашаа үргэлжилнэ. Мэдээж энд өөрчлөлт, шинэчлэлт хийгээд явах нь ойлгомжтой. Яагаад гэвэл нийгмийн суурь, хүмүүсийн ойлголт маань, хүмүүсийн авч байгаа мэдээлэл тийм хэмжээнд төлөвшиж чадлаа гэдгийг бас хэлэх ёстой.
Аливаа амжилттай нийгэмд нэг зүй тогтол байна. Ямар ч нийгэм бай, ямар ч нэртэй бай зүй тогтолтой. Энд би гурван зүй тогтлыг эхлээд хэлье.
Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэнэ. Эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага гэдгийг ижил тэнцүү авч үзэж байгаа юм. Манайх үүрэг хариуцлага гэдэг талаа их орхигдуулсан. Иргэн дээр ч бай, албан тушаалтан дээр ч бай. Тийм учраас эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ижил тэнцүү авч явдаг.
Хоёрдугаарт, хуулиар засаглах ёсыг, хуулийн засаглалыг л хатуу мөрддөг. Хууль биелүүлдэг, хууль биелүүлээгүй зөрчсөн бол, ялангуяа албан тушаалтан зөрчсөн бол хариуцлага хүлээдэг. Хэн ч хуулийн гадна, хэн ч хуулийн дээр биш гэдэг ойлголт байгаа юм. Энэ бол амжилттай явж байгаа нийгмийн бас нэг зүй тогтол.
Гурав дахь зүй тогтол бол иргэдийн оролцоо, санаачилгыг дэмждэг. Нэгэнт л тэр иргэдийн өөрсдийнх нь байгуулж байгаа, сайн сайхан явахын төлөө байгуулж байгаа нийгэм учраас түүнийг дэмждэг, ийм нэг гурван зүй тогтол байна. Үүнд бид нийцүүлж ажлаа харж явах ёстой" гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN